Их мастер гар утсаа ашиглаж байгаад баригджээ
Олон улсын чанартай тэмцээн дээр Гүржийн тамирчин ариун цэврийн өрөөнд орж гар утсаа ашиглаж байгаад баригджээ. “ВВС” агентлагт нийтлэснээр Дубайд болсон олон улсын шатрын нээлттэй тэмцээнд тэрээр Гүржийн их мастер Гайоз Нигалидзе Арменийн тоглогчтой тоглох үедээ ариун цэврийн өрөө орохыг хүсч, ариун цэврийн өрөөнд биеэ засахын оронд утсаараа тоглолтын дараагийн нүүдлийг харж байсан нь илэрч, олон улсын шившиг болоход хүрчээ.
Хэрвээ Гайоз Нигалидзе буруутай нь тогтоогдвол түүний олон улсын тэмцээнд оролцох эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасах шийдвэр гаргах юм байна. Арменийн шатарчин Тигран Петросиан өрсөлдөгчөө тодорхой хугацааны дараа байн байн ариун цэврийн өрөө орж байна хэмээн гомдол гаргасны дараа зохион байгуулагчид Гайоз Нигалидзег анхааралдаа авсан аж. Албаныхан түүнийг шалгахад ариун цэврийн өрөөний нойлын цаас таслагч дотор ухаалаг утсаа цаасанд боож нуусныг илрүүлжээ.
Гүржийн шатарчин утсыг өөрийнх нь биш хэмээн няцааж байгаа аж. Харин утсан дээр нээлттэй байсан шатрын программ түүний нүүдлийг зааж өгч байсан тул буруутгахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Д.ТҮВШИН
Сэтгэгдэл