"Хаан жимс" амралтын газрын оффист АТГ-аас НЭГЖЛЭГ хийжээ

Д.Тулга / Хууль

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчлан, цагдан хориод зургаа хонож байна. Улмаар түүнийг баривчилсан шалтгаанаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байхдаа албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж, сэжигтнээр тооцон, Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн хэмээсэн. Тус газрын мөрдөн байцаагчид түүний гэрт очиж, хаалга үүдийг нь угз татан дайран орсон гэх бөгөөд гэрт нь үзлэг хийх прокурорын зөвшөөрлийг үзүүлэн гэрийнх нь эд зүйлийг хайр найргүй онгичсон байна. Улмаар ор дэр, гал тогоо, хувцасны шүүгээ, авдар сав гээд байгаа бүхнийг нь уудалж, бичиг баримт хадгалж байсан хавтасуудыг нэг нэгээр нь салган бүрэн нэгжлэг хийсэн. Сүүлдээ нялх үрийг нь уйлуулж орхиод Дэнзэнг албадан баривчилсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн хэд хоног шуугиж байна.


ATG

АТГ: ОДООГООР ЯМАР Ч НЭГЖЛЭГ ХИЙГЭЭГҮЙ

Гэтэл Г.Дэнзэнг баривчилсныхаа маргааш нь АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн үзлэг нэгжлэгээ үргэлжлүүлж байна гэх мэдээлэл зарим цахим хэвлэлээр гарав. Тухайлбал “2014250007486 дугаартай хэрэгт прокурорын баталсан нэгжлэг хийх тухай тогтоолыг үндэслэн сэжигтэн Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий хүмүүсийн орон байр, тээврийн хэрэгсэл, ажлын өрөө зэрэгт нэгжлэг хийсэн.

Энэ ажиллагааны үеэр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг саад болсон. Тэр ч бүү хэл АТГ-ынхан Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар луу дайрч орсон байн.” гэх мэтчилэн мэдээлэл гарсан юм. Улмаар энэхүү мэдээллийг нь прокурорын байгууллагын эх сурвалж баталж “Хаан жимс” амралтын газар луу очиж дайрч орж, шалгасан зүйл байхгүй. Харин Г.Дэнзэнтэй хамааралтай хүмүүсийн байрладаг нэг албан байгууллагад өнгөрсөн баасан гаригт нэгжлэг хийж, хэрэгт ач холбогдолтой баримтуудыг хураан авсан” хэмээсэн.

Прокурорын байгууллагын эх сурвалжийн өгсөн энэхүү мэдээллийг АТГ-ынхан үгүйсгэсэн. Тодруулбал, АТГ-ын хэвлэлийн ажилтан хэлэхдээ “Одоогоор манай байгууллага Г.Дэнзэнтэй холбоотойгоор ямар нэгэн нэгжлэг, шалгалт хийгээгүй байгаа. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл энэ хэрэгтэй холбогдуулж, нэгжлэг шалгалт хийх бүрэн эрх манай байгууллагад бий.

Түүнчлэн Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж АТГ-аас намайг дарамталсан гэх асуудалтай холбоотойгоор камерт бичигдсэн видео, түүний орхиож явсан шүүхэд төлөөлөх эрхийн 0221 дугаартай үнэмлэхийг АТГ-аас Монголын хуульчдын холбоонд хүргүүлсэн” гэх хариулт өгсөн. Харин Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын холбоонд өнөөдрийн байдлаар АТГ-аас ямар ч видео болон Д.Содномдоржийн мэргэжлийн үнэмлэх ирээгүй” гэдгийг хэлсэн юм.


-КАМЕР БАРЬСАН ОЛОН ХҮМҮҮС ОРСОН ГЭВ-

Бид эх сурвалжийн мэдээллийн дагуу нэгжлэг хийсэн гэх оффисыг олж очсон юм. Гаднаас нь харахад ямар ч нэр хаяггүй, “Focus” биллъардын газартай зэрэгцээ байрлах, хаалган дээрээ код бүхий бор хаалга бол “Хаан жимс” амралтын газрын оффис. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тансаг зэрэглэлийн амралтын газрын оффис байрладаг гэхэд итгэмээргүй. Энэ хуучин барилга Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нэлээд нууцлагдмал газарт байдаг юм билээ.

Хаалгыг нь татаад онгойхгүй, кодыг нь мэддэг хэн нэгэн онгойлгож ордог бололтой. Хэн нэгэн гарч ирэх болов уу хэмээн хэсэг харзнаж байтал нэг эрэгтэй хүн гарч ирсэн юм. Түүнээс хэд хоногийн өмнө АТГ-аас ирж нэгжлэг хийсэн эсэхийг тодруулахад “Манай энэ байранд “Алтан тэнгэр” гэх компани бас байдаг. Өрөө түрээсэлдэг юм. Тэр байгууллагад л шалгалт ирсэн юм шиг байсан. Хаанаас ирснийг нь мэдэхгүй. Ямар учиртай компани гэдгийг нь ч мэдэхгүй” гээд хаалгаа тасхийтэл хаачихаад яваад өгөв.

Хаалга дахин онгойхыг хүлээн зогсож байж арайхийн нэг юм дотогш орлоо. Хоёр давхарт нь хэд хэдэн хаалга байх бөгөөд нэг өрөө онгорхой, настай байрын гурван хүн их л чухал юм ярьж байгаа бололтой сууж байснаа хаалга татахад давхийн цочив. Улмаар “Хаан жимс” амралтын газрын санхүүгийн алба нь нэг давхарт байгаа. Тэнд очиж уулз гэв.

Нэг давхарт нь байх санхүүгийн албаны өрөөнд ороход гурван бүсгүй болон анх хаалгаар гарч ирсэн эрэгтэй дөрвүүлээ сууж байна. Ингээд ямар зорилгоор яваагаа хэлтэл “Бид энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бидэнд тийм эрх мэдэл байхгүй” гээд ер халгаасангүй. Өрөөнөөс гарч “Алтан тэнгэр” гэх компани байгаа эсэхийг хайсан ч ихэнх хаалга нь цоожтой, ямар ч нэр хаяггүй байх юм.

Ингээд тэндээс гарч хажуугийн хаалга болох “Focus” нэртэй биллъардын газар луу орлоо. Тэнд хэдэн залуус тоглож байсан бөгөөд “Нээрээ хэд хоногийн өмнө энэ хавиар сүртэй л юм болоод байх шиг байсан. Нэлээд олон хүн ирээд ийшээ ороод, гадуур нь хамгаалалтынхан бололтой хүмүүс зогсож харагдсан. Бүр камертай хүмүүс байна билээ” гэсэн юм. Ийнхүү АТГ-аас “Хаан жимс” амралтын газрын оффист шалгалт, нэгжлэг хийсэн нь үнэн болж таарах нь.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.