Иргэдийг балт зөгийн аж ахуй эрхлэхийг уриалжээ
Нийслэлийн байгаль орчны газар (НБОГ), Монголын зөгийчдийн нийгэмлэг хамтран “Балт болон тоост ургамлын тархалтыг нэмэгдүүлэхэд зөгийн үр нөлөө” сэдэвт сургалтыг байгаль хамгаалагчдын дунд зохион байгуулсан байна.
Нийслэлийн байгаль орчны газраас нийслэлийн нутаг дэвсгэрийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд ногоон бүсийн иргэдэд зөгийн аж ахуй эрхлэх давуу тал, эдийн засгийн болон байгаль хамгаалах үр нөлөөг сурталчлах зорилгоор цуврал сургалт зохион байгуулж буй юм.
Манай орны хувьд 1959 оноос балт зөгийг үржүүлж эхэлсэн бөгөөд одоогоор арван мянга 100 гаруй бүл зөгийгөөс жилд дунджаар 150-200 тонн бал авч байна. Зөгийн аж ахуй эрхлэх нь өрхийн амьжиргааг дээшлүүлэх бодит боломжийг олгодгоос гадна зөгий нь цэцэгт ургамалд тоос хүртээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй. Тиймээс НБОГ, Монголын зөгийчдийн нийгэмлэгээс иргэдийг балт зөгийн аж ахуй эрхлэхийг уриалж байгаа бөгөөд анхан шатны сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч байгаа аж.
У.УРАНЦЭЦЭГ
Сэтгэгдэл