Л.Роломжав: 20 жилийн хугацаанд тарваган тахлаар 71 хүн өвчилж, 30 хувь нь нас барсан

Б.БУРМАА / Эрүүл мэнд

“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулсан. Баяр наадмын өдрүүд таарсан тул уг вакцинжуулалтыг дахин 10 хоног сунгахаар болсон билээ. Энэ хүрээнд 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32 мянга 400 хүн тун вакциныг хүргүүлжээ. Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм. Бид энэ талаар ЗӨСҮТ-ийн тархвар судлаач Л.Роломжавтай ярилцлаа.

-Тарваган тахал гэж яг ямар хор хөнөөлтэй өвчин гэдэг талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу. Манай улсад хэр тархсан байдаг вэ?

-Тарваган тахал өвчин нь эмнэлзүйн хэлбэрээр тохиолддог. Хамгийн эрсдэлтэй нь уушигны хэлбэр байна. Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг. ДЭМБ-д мэдээлэгддэг өвчин. Уг өвчнийг үүсгэгч нь зууван хэлбэртэй савханцар байдаг. Манай орны хувьд 17 аймаг, 130 сум тарваган тахлын байгалийн голомттой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт газар нутгийн 28,5 нь тарваган тахлын байгалийн голомттой байх нь.

-Зөвхөн тарваганы мах идэхээр халддаг гэсэн ойлголт байдаг шүү дээ?

-Тарваган тахал халдах маш олон зам байдаг. Эдгээрээс шууд хавьтлын зам элбэг. Энэ нь өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, мөн өвчтэй хүнийг асрах үед, халдвартай эд зүйлстэй харьцах үед халддаг. Мөн дан халдварын замаар амьтдад хазуулах тохиолдолд халдана.

-Агаар дуслын замаар халдаг нь үнэн үү?

-Мөн уушигны төрлөөр нь халдварласан хүнээс агаар дуслын замаар халдана. Өвчилсөн тарваганы түүхий эд эрхтэн залгих, дутуу шүүрхий мах идсэнээс болж халдвар дамждаг. Өвчний нууц хугацаа 2-3 хоног байна. Урьтал үегүйгээр цочмог илэрдэг өвчин учраас дагжиж чичрэх, богино хугацаанд 39-40 хэм хүрч халуурч, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүд илэрдэг.

-Манай улсад тарваган тахлаар хүн өвчилсөн хэдэн тохиолдол байдаг юм бэ?

-1998-2018 онд тарваган тахлын хүний өвчлөлийн нийт 71 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн 33,8 хувь нь нас барсан. Гэхдээ энэ 20 жилийн хугацаанд илэрсэн тохиолдол тэрний өмнөх 20 жилтэй харьцуулахад харьцангуй буурсан. Өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Дундаж нас нь 23,6 гэж гарсан. Ер нь бол 4-61 насны эрчүүд ихэвчлэн өвчилсөн байна.

-Ихэвчлэн дулааны улиралд энэ өвчин халдварлах нь элбэг байдаг уу?

- Улиралын хувьд 8-9 сар хамгийн оргил үе гэж үздэг байсан бол сүүлийн үед улиралчилалгүй болоод байна. Яагаад гэвэл өнгөрсөн 12 сард Зоонозын өвчин судлалын үндэсний төвд Баянхонгор аймгаас сэжигтэй тохиолдлын дуудлага ирсэн. Энэ нь тарваганы мах, тулам хөлдөөгчиндөө хадгалаад, түүнийгээ өвчиж байхдаа гараа эсгэсэн гэсэн дуудлага байсан.

image

-Энэ өвчнөөс иргэд маань хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой юм бэ?

-Урьдчилан сэргийлэх ганц арга нь хориотой энхэ амьтныг агнахгүй байх, өвчилсөн болон сэг зэм таарвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх ёстой. Тарваган тахлын вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар долдугаар сарын гурав дахь долоо хоногт арав хоног үргэлжлэн хийдэг. Харин 2019 онд сайдын Тарваган тахалтай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай албан даалгавар гарсантай холбоотойгоор долдугаар сарын нэгнээс эхлэн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсан. Улмаар улсын баяр наадмаар олон хоног амарсантай холбоотойгоор хугацааг дахин 10 хоногоор сунгаад дархлаажуулалтыг хийж байна. Тэгэхээр орон нутаг, ялангуяа тарваган тахлын голомтот нутагт зорчиж буй хүмүүс, амьдарч байгаа эрсдэлтэй хүмүүс тарваган тахлын дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай.

-Тарваган тахлын вакцин хэдий хугацаанд дархлаа тогтоох вэ?

-Нэг удаа вакцин хийгдээд 12 сарын хугацаанд дархлаа тогтдог. Энэ жил долдугаар сард хийлгэсэн бол ирэх жилийн долдугаар сард дахин хийлгэнэ гэсэн үг. Энэ дархлаажуулалтын вакциныг зургаан сартайгаас дээш 60 нас хүртэлх бүх хүмүүс хийлгэх шаардлагатай. Нас насаараа тунгийн хувьд өөр өөр. Дархлаажуулалтад хамрагдахын өмнө заавал эмчийн хяналтад орно. Мөн дархлаажуулалт хийхгүй заалттай хүмүүс байдаг учраас оношлож байж хийх ёстой.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000