Чулууны Чинбат: Аавынхаа хийлч, удирдаач мэргэжлийг өвлөсөндөө бахархдаг

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, нэрт удирдаач Ж.Чулууны хүү урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбаттай уулзаж ярилцлаа.

-Ардын жүжигчин Ж.Чулуун гуайг Монголын ард түмэн авьяаслаг хөгжимчин, гайхамшигтай удирдаач гэдгээр нь сайн мэднэ. Та аавынхаа тухай яриач?

-Манай аавын гарал үүсэл, өвөг дээдэс Ховдын Эрдэнэбүрэний улс байдаг. Өвөөг маань Жамьян гэдэг. Хүүхдүүд нь Эрдэнэбүрэнээсээ наашлаад Ховдын төвд голдуу төрсөн. Аавыг гэхэд зарим нь Жаргалантынх, зарим нь Буянт сумынх гээд байдаг. Манайхан Эрдэнэбүрэний өөлдүүд л дээ.

image

-Жамьян өвөөгийнхөө талаар аль хэр мэдэх вэ?

-Манай өвөө нутагтаа хэлмэрч, хуурч нэртэй байсан хүн. Багаасаа өнчин өрөөсөн өсөж, жин тээж явахдаа орос, хасаг, хятад хэл сурсан учир хэлмэрч Жамьян гэдэг байж. Шинжаанаас янз бүрийн улс амьтан хөлхсөн цаг төр үймээнтэй үед өвөө маань аймгийн Аюулаас хамгаалах яаманд бичээч-хэлмэрчээр ажиллаж байсан юм билээ.

-Чулуун гуай эцэг эхээс хэдүүл вэ?

-Зургуулаа гэдэг юм. Ууган ах Буянтогтох нь Эвлэлийн ажилтан, зохиол бичдэг хүн байж. Цэргийн чуулга Жанжин клубт байх үед анх уран сайхны удирдагчаар очсон байдаг. Тэнд нэг их удаагүй, хөдөө бригадаар явж ирсэн орой нь баривчлаад цаазалчихсан юм байна лээ. Өвөө энэ зовлонг даалгүй нас бараад, эмэг ээж маань том хүүхдүүдээ дагаад аавыг аваад хотод орж ирсэн гэдэг. Аав арван нэгэн настай байсан юм билээ. Аав хорин найман оны хүн шүү дээ. Гучин есөн онд эгчтэйгээ Бөмбөгөр ногоон театрт ажилд орж байж.

-Эгч нь алдартай бүжигчин хүн байх аа?

-Алимаахүү гэж гавьяат жүжигчин, бүжигчин хүн л дээ. Тэр үеийн мундагчуул аавыг шалгаж авсан байдаг. Намсрайжав гуай, Чойдог гуай, аав эд нарыг шалгаж аваад дагалдан хөгжимчин болгосон. Намсрайжав гуай хуучраа бариад, Чойдог гуай морин хуураа тоглоод, аав ёочингоо хөгжимдөөд тоглодог байж. Багш нь солгой Баяр, Дашдэлэг гуай эд байж. Бид Дашдэлэг гуайг Маамаа гэдэг байсан. Би тавин нэгэн онд төрсөн. Маамааг бид сургуульд орохоосоо ч өмнө мэднэ л дээ. Манай аавын бас нэг эмээ нь юм байх гэж бид ойлгодог байсан. (инээв. сур) Тэр үеийн улс тийм сайхан ойр дотно байдаг байлаа. Дараа нь ойлгоход аавын маань ёочингийн багш байсан юм билээ. Аав маань Жамьян хуурч, Билэгийн Дамдинсүрэн, Мөрдорж гуай нарын том хүмүүсийн дэргэд өсөхдөө хөгжим заалгаж хөл тавьсан хүн байхгүй юу.

-Аргагүй л алтан үеийн хүн юм аа?

-Дөчин хэдэн оноос Оросын жүжигчид манайд ирж тоглох үеэс “Сонгодог хөгжим манайд хэрэгтэй юм байна” гээд, улсаас ч бас урлагийг хөгжүүлэх мундаг бодлого явуулж эхэлж дээ. Зөвхөн ардын язгуур урлагаар хол явахгүй юм байна, цаашдаа сонгодог урлаг манайд хэрэгтэй юм байна, сурах хэрэгтэй гэж санаа авсан байдаг юм. Улаан-Үд, Эрхүүгийн симфони оркестр манайд ирж тоглолт хийсэн байдаг. Тэгэхэд Смирнов гуай ирж багшилж байсан. Бүжгийн багш, драмын багш, зураачид зэрэг хэдэн мундаг орос ирж монголчуудын урлагийн суурийг тавилцлаа шүү дээ. Тэр үеэс эхлээд ардынх хөгжмөө сольж европ хөгжим тоглож сурсан. Дашдулам гуай шанз тоглож байснаа альт хөгжим бариад, Цэвэлмаа эгч хуучир тоглож байснаа хийл тоглоод, Цэрэндолгор эгч бас хийл бариад, Намсрайжав гуай волторн хөгжим тоглодог болцгоосон. Ингэж манай алтан үеийнхэн чинь бүгд давхар хөгжим эзэмшээд эхэлсэн. Тавин нэгэн он хүртэл суралцаж байгаад шинэ Хөгжимт драмын театр ашиглалтад ороход өөрийн гэсэн оркестртой болсон байдаг.

image

-Өнөөгийн их урлагийн суурь тавигдаж дээ?

-Аавтай минь зэрэгцэж ажиллаж байсан алтан үеийн бүх л хүмүүс зөвхөн Азид ч биш, дэлхий даяар Монголыг таниулах урлагийн ертөнцийнхний түүчээ болж дээ.

-Аав тань анх хэний шавь болж хөгжим тоглож сурсан юм бол?

-Ардын жүжигчин Яасай гуай бий шүү дээ.

-Ховдын театрынх даа?

-Яасай ах, аав хоёр чинь хоёул Ховдын сургуулийн дөрвөн жилийн л боловсролтой хоёр. Тэд “Бид хоёр чинь дөрвөн жил сурсан шүү” гэж их бахархдаг байсан.

-Бодвол тэр үеийнхний жишгээр ЗХУ-д суралцсан байлгүй?

-Үгүй ээ. Аав маань гадаадад ерөөсөө сураагүй. Жаран хэдэн онд Прагад мэргэжил дээшлүүлэх курст л нэг суусан хүн шүү дээ.

-Таны ээж ямар мэргэжилтэй хүн байна?

-Ээж маань багш мэргэжилтэй Должинсүрэн гэж хүн. Бага ангийн багш л даа. Багшийн сургууль төгссөн. Гуравдугаар сургуульд багшилдаг байсан. Ээжийн уг нутаг Сэлэнгэ гэдэг ч Төв аймгийн Сэргэлэн суманд өссөн байдаг. Аав ээж хоёр маань Сүхбаатарын талбай дээр нэг баярын үеэр танилцсан юм билээ. Танилцаад гэр бүл болоод дөчин есөн онд Үзмээ эгч маань төрсөн. Үзмээ эгч Москвад Театр урлагийн сургуулийг нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн. Олон кинонд нүүр хувиргагчаар ажилласан даа. Эгч одоо гавьяаныхаа амралтанд суусан. Олон хүүхэдтэй хүн бий. Миний доор хоёр эрэгтэй дүү байдаг. Үнэнбат дүү маань Хөгжим бүжгийн сургууль төгссөн төгөлдөр хуурч хүн л дээ. Дүү маань ослоор бурхан болчихсон юм. Монголын хамгийн анхны төгөлдөр хуурын засварчин мэргэжлийг орос мэргэжилтнээр заалгасан хүн байлаа. Улсын цирк, урлагийн байгууллагад ажиллаж байлаа даа.

-Отгон дүү тань хэн билээ?

-Баярбат маань Политехникийн дээд сургуулийн Авто-инженерийн ангийг төгссөн. Бид ингээд дөрвүүлээ юм.

-Аав тань хаа хаана ажилласан байдаг бол?

-Аав насаараа л Дуурийн театрт ажилласан хүн. Сүүлд тэтгэвэрт гарахдаа Улсын филармонид хоёр гурван жил ажилласан. Дандаа удирдаач, уран сайхны удирдагчаар ажилласан.

-Чулуун гэж ганц удирдаач л Монголд байдаг юм байна гэсэн ойлголт хүмүүсийн тархинд суучихсан байсан үе бий байх шүү?

-Одоо сайхан сайхан удирдаачид олон байна аа. Залуучууд гарч ирж байна. Аавын удирдаач болсон нь сонин тохиол байдаг.

-За, яаж болсон байх юм?

-Аавыг бага залуу байх үед Билэгийн Дамдинсүрэн гуай, жижиг Лувсаншарав гуай хоёр л удирддаг байж. Тавин хэдэн онд манай уран бүтээлчид анх удаа урагшаа явж. Буцах дөхөөд тоглолт дуусах тийшээ хандаж байтал бригадынхны ихэнх нь халуурдаг айхтар ханиад хүрч л дээ. Нөгөөдүүлийг чинь ямар өвчин тусчихав гээд хөл хорио энэ тэр тогтоосон чинь хамгийн түрүүнд Дамдиа гуай маань халуун ханиад хүрчихсэн байжээ. Тэгээд сүүлийн тоглолт болох үед “Чулуун чи удирд” гэж аавыг анх гаргасан байдаг юм. Тэгж аав анх удирдаачийн палка барьж удирдсанаас хойш удирдаач болсон нь авьяастай хүн болж таарч байгаа юм.

-Та ч аавынхаа удирддаг, хийл тоглодог мэргэжлийг өвлөсөн хүн дээ?

-Би аавынхаа мэргэжлээс хийлийг нь ч, удирдаачийг нь ч авсан л даа. Үүгээрээ их бахархдаг юм.

-Аав чинь ямаршуухан зантай хүн байв?

-Уурладаггүй, маш зөөлөн хүн байсан. Хүүхдүүдээ зодож занчина гэж байхгүй. Тэр үеийн хүүхдүүд эцэг эхээсээ жавтий хүртдэг л байсан. Тэгэхэд аав ерөөсөө биднийг зодож байгаагүй. Хэл үгээрээ хүнийг барьчихна. Өөрийнх нь байгаа байдал их сайхан. Тэр хүндлэлээс ч болдог юм уу аавыгаа аль болох уурлуулахгүйг хичээж, үймүүлдэггүй байсан. Гэртээ хийлээ тоглоно. Ганцхан өрөө байртай. Аавыг тоглохыг хараад хийлч болъё гэж бодсон шиг байгаа юм. Хөгжим бүжгийн сургуульд Лувсаншарав гуайн Халиунсүрэн, Хайдав гуайн Төмөрбаатар, Жамьян гуайн Баярсайхан, би, Намсрайжав гуайн Бүтэнбаяр гээд урлагийнхны хүүхдүүд бүгд орсон доо.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:49

Зочин [64.119.25.140] 2019-11-10 10:07:15

маш даруу, хүмүүжилтэй хүн. Үнэхээр урлагийн элит гэр бүл гэж хэлүүлмээр байгаа бол энэ хүн шиг л биеэ авч явж сурцгаах хэрэгтэй

Зочин [192.82.68.11] 2019-11-10 03:37:08

Чулуун гуай үнэхээр байгалаас заяасан авьяас билэгтэй ухаантай хөдөлмөрч тийм л агуу бурхад байж дээ, Чинбат бас л мундаг мундаг аргагүй аавын хаа үйл хэргийг авч явж байгаа нөмай элит хөгжимчин удирдаач, Та дараагийн хаа залгамчжлах хүнээ бэлтгээрэй, танд эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Таньдаг хүн [122.201.31.31] 2019-11-10 02:44:35

Чинбат маш даруу, ухаалаг түвшин хүн дээ. Сайн ч хийлч. Онгироо сагсуу зангүй, аливаа юманд үнэн сэтгэлээсээ ханддаг, товчхон хэлбэл мундаг

Бегарыс.Ө [202.126.89.95] 2019-11-09 14:54:29

Намайг Дуурь Бүжгийн Ак. Театрт ажиллаж байхад Чулуун гуай ерөнхий Удирдаач байлаа. Агуу хүн байсан шүү. Нэг удаа Чулуун багшийн удмрдаж байсан нэгэн тоглолтонд гоцлол дуучин байсан Лувсандамдин гуай бид хоёр айхтар факталж, одоо ч дууслаа даа гэд байсан чинь тоглолт дууссаны дараа та хоёр Намайг нэг аварлаа шүү гэж гар барьж билээ. Луяа ах бид хоёр гайхаад хоцорсон. Учирыг нь Чулуун багшаас асуух эрх бидэнд алга. яагаад гэвэл тэр хүнээс айсандаа биш эрдэм ухаан, хүнлэг чанарыг нь дээд зэргээр хүндэлдэг байлаа. Тэр үед Чинбат гуай сая төгсч ирсэн ХБДС-д багшилдаг байсан.

Тулга [103.229.121.220] 2019-11-09 09:17:26

аавын хайртай хүү монголын ард түмний бахархал шүү та

Bolor [202.126.88.163] 2019-11-09 02:35:21

Сайхан ярилцлага тийм энгийн мөртлөө....

Дашка [202.9.43.147] 2019-11-09 01:25:20

Та бол урлагын бурхан тэнгэр шуу аавын сайн шавь од л юмдаа Ардын цолтон болоорой Чамд хийсэн юм их бий бахархаж яваарай


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.