Сүүлийн таван жилд 265 хүүхэд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

2018 оны байдлаар улсын хэмжээнд цахим тоглоом, интернэт кафе чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 403 газар байна. Үүнээс 196 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдгаас 136 газар тусгай зөвшөөрөлтэй, 60 газар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна.

Цахим тоглоомын донтолт нэмэгдэх хандлагатай байна

Манай оронд 1990-ээд оноос видео тоглоомын хэлбэрүүд /Сега, Нинтендо, Playstation, РС/ орж ирсэн бөгөөд 2003 оноос хүүхэд, насанд хүрэгчид тоглоомонд донтох эмгэгийн улмаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандах болсон байна.

2017 онд нийт 196 хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн бол 2018 оны эхний гурван сарын байдлаар 20 хүүхэд интернет, цахим тоглоомонд донтсон гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлжээ. Сүүлийн таван жилийн байдлаар нийт 265 хүүхэд тус төвд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байна.Түүнчлэн донтолтын хэлбэрүүд олшрон интернэт дон, гар утсанд донтох явдал ихэсч байгааг уг төвөөс анхааруулсанюм.

image

Гарах үр дагавар

Хүүхдүүд олон цагаар цахим тоглоом тоглох, интернэт кафед үйлчлүүлэх нь цахим орчинд донтох, хорт зуршилд автах, эрүүл мэндээрээ хохирох, эдийн засгийн хүндрэлтэй байдалд орох, эцэг эхийн хараа хяналт сулрах, гадуур тэнэх, хүмүүжил нь доголдох, гэмт хэрэгт холбогдох, хичээл завсардах, сурлагадаа муудах, худлаа ярих, хулгай хийх, байнга тоглоом бодож өөр зүйл сонирхохоо болих зэрэг хор нөлөө үүсч байна. Интернэт, цахим тоглоомын зүй бус хэрэглээний улмаас өсвөр насны хүүхдүүдийн бие, сэтгэл зүй доройтолд орохоос гадна гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна.

Эцэг эхчүүдийн хараа хяналт чухал

Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хараа хяналт зайлшгүй хэрэгтэй. Иймээс эцэг, эхчүүд та бүхэн:

  1. Сургуулийн нийгмийн ажилтан, багш нартай байнгын холбоотой байж хүүхэдтэйгээ холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байх,
  2. Ялангуяа 1-5 дугаар ангийн сурагчдыг сургуульд нь өөрөө тогтмол хүргэн өгч, авч байх,
  3. Хүүхэддээ өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн мэдээ мэдээллийг интернэт, цахим орчноос авч байхыг зөвлөх,
  4. Терроризм, хүчирхийлэл, аллага, садар самуун сурталчилсан бичлэг, мэдээ мэдээлэл үзэж байгаа эсэхэд хяналт тавих,
  5. Хүүхэдтэйгээ дотно найзын хувиар ярилцдаг байх,
  6. Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана юу хийж яваа талаар байнга мэдэж байхыг зөвлөж байна.

image

Донтсон хүүхдэд илрэх шинж тэмдэг

Дуртай тоглоом буюу дэлгэцээс нь холдуулсан үед өөртөө болон өрөөлд хүч хэрэглэсэн байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болно.

Мэдрэл сэтгэц, бие махбодь,танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн талаас нь олон шинж тэмдгүүд хавсарч илэрдэг. Тухайлбал:

Сэтгэцийн талаас: Амархан ядрах, орондоо шээх, анхаарал сарнимтгай, уур уцаартай, мартамхай болох нойрны хямрал, хараа болон сонсголын хий үзэгдэл, булчин татваганах эмгэг зэрэг илэрнэ.

Мэдрэлийн талаас: Гарын алга, хөлийн ул хөлрөх, шөрмөсний рефлекс ихсэх, буурах, толгой өвдөх, нүдний угаар хөших зовиурууд илэрдэг. Ихэнх хүүхдүүд хөдөлгөөний дутагдалтай сулбагар болдог. Донтолтын хэлбэр арав хүртэлх насны хүүхдүүдэд нойрны эмгэг буюу зүүдэндээ харах, явах, ярихаас аль нэг шинж тэмдэг нь давамгайлах байдлаар илэрдэг. Харин өсвөр насны хүүхдэд сэтгэц мэдрэлийн талын өөрчлөлт нь сэтгэл хөдлөл давамгайлсан байдлаар илэрдэг байна. Тэд илүү уур бухимдалтай болж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар нь алдагддаг. Зарим тохиолдолд гүнзгий сэтгэл гутралд орж болно. Энэ үед үхэх тухай бодох, эсвэл амиа хорлох оролдлого хийх, өөрийгөө ямар нэгэн байдлаар зүсэх гэмтээх гэх мэт оролдлого гаргаж байдаг.

Цахим тоглоомонд донтох эмгэгийн гол цөм нь олон цагаар, байнгын давтамжтай тоглох бөгөөд тоглоомонд гүнзгий донтсон хүн өдөрт 8-10 цаг, эсвэл үүнээс удаан хугацааг зориулах бөгөөд долоо хоногт хамгийн багадаа 30 цаг зарцуулдаг. Тоглоомонд донтсон эмчлүүлэгчдийг зориудаар сэдэл өгч тоглуулахад тархины тодорхой хэсгүүдэд идэвхжилийн голомт үүсдэг байна.

БНХАУ-ын жишээг татъя

Өсвөр насны хүүхдүүдийн видео тоглоомын донтолтыг бууруулахын тулд 18-аас доош насныхныг долоо хоногт 90 минутаас дээш хугацаагаар болон 22.00-8.00 цагийн хооронд цахим тоглоом тоглохыг хориглохоор төлөвлөжээ. Харин амралтын болон баярын өдрүүдэд өдөрт гурав орчим цаг тоглох боломжтой байна.

Энэхүү хориг арга хэмжээ тоглоомын төвүүдэд мөн үйлчлэх юм. Түүнчлэн цахим тоглоомонд зарцуулах мөнгөн дүнг хязгаартай болгож, 16-гаас доош насны хүүхдэд цахим тоглоом тоглоход зориулж сард 200 орчим, 16-18 насныханд 400-гаас илүү юань өгөхгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулжээ. БНХАУ цахим тоглоомын зах зээлээрээ АНУ-ын араас дэлхийд хоёрдугаарт ордог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цахим тоглоомонд донтох нь олон сөрөг эрсдэл дагуулдаг болохыг сүүлийн үед ихээхэн анхааруулах болсон билээ.

АНУ-д хийсэн судалгаагаар:

  • Хоёр настай хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхийнхээ ухаалаг гар утас, таблетаар дамжуулан интернэтийг анх удаа хэрэглэж үздэг гэсэн тоо гарчээ.
  • Таван настайгаас эхлэн эдгээр хүүхдүүдийн 50-иас дээш хувь нь ухаалаг гар утас, таблет, компьютер интернэтийг тогтмол хэрэглэж эхэлдэг.
  • 12-17 насны хүүхдүүдийн 95 хувь нь интернэтийг тогтмол хэрэглэж, 80 хувь нь сошиал медиагийн идэвхтэй хэрэглэгч байна.

Хууль хэрэгжиж байна уу?

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” батлагдсан байна.

Уг журмын 2.6-д “Интернэт кафе нь 10-16 хүртэлх насны хүүхдэд зуны улиралд 21 цаг хүртэл, өвлийн улиралд 19 цаг хүртэл, өдөрт нэг удаа хоёр цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ”

2.7-д “Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь 14-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд 20.00 цаг, өвлийн улиралд 18.00 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа хоёр цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ” гэжээ.

“Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын зарим заалт өнөөдөр Монгол Улсын хөрсөнд хэрэгжиж байна уу гэвэл хариулах хүн ховор биз.Цахим тоглоомын газарт хонон өнжин тоглодог өсвөр үеийнхэн Монголоор дүүрэн байна. Учир нь тэдэнд шаардлага тавих бодит нөхцөл бололцоо алга. Энэ тал дээр хууль, хяналтын байгууллага илүү анхаарч, хяналтыг эрчимжүүлэх хэрэгтэйг жилээс жилд нэмэгдэх цахим тоглоомонд донтсон хүүхдийн тоо харуулж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:25

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:25

Зочин [43.228.131.77] 2019-11-20 05:49:19

ene togloomnoos svrie obchin ih tarhaj vvnees vvsej bna . yamarch agaargvi orchin ter olon hvmvvs vner aimaar uam baihaa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.