Халдварын тархалтаас хана хэрэм мэт хатуу журам дүрэм л хамгаална

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

-Тайвань, Солонгос улсуудад коронавирусийн эсрэг журам зөрчсөн иргэдийг нэг хоёр жилээр хорих тогтоол баталлаа-

Дэлхийн Антарктидээс бусад таван тивийн 48 улсад коронавирусийн цар тахлын халдвар гэрлийн хурдаар тархаж байна. Монгол Улсад “Covid-19” вирусийн халдвар авсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байгаа. Энэ хар тахлыг хазаарлаж хязгаарлан хил гаалиараа оруулахгүй байхад улс оронд ч, хувь хүмүүст хамгийн чухал нь хариуцлага чухал гэдгийг ДЭМБ, манай ЭМЯ-наас сануулж зөвлөсөөр буй.

Коронавирусийн халдвар дэлхийн 51 улс оронд тархаад байна

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань голомтолсон эл аймшигт цар тахлын тархалт сүүлийн долоо хоногийн хугацаанд гэхэд Ливан, Оман, Израйль, Афганистан, Грек, Дани, Австри, Эстони, Румын, Умард Македон, Гүрж, Пакистан, Норвеги, Испани, Бразил, Алжир, Швейцар, Хорват, Бахрейн, Кувейт, Нидерланд, Сан Марино, Нигериа, Литва гэсэн 24 улсад шинээр илэрлээ. Цар тахлын хүрээ хоёрдугаар сарын 28-ны 12 цагийн байдлаар дэлхийн 51 улс (олон улсын нэг усан онгоц)-ад нийт 83.379 тохиолдол бүртгэгдэж, 2858 хүн нас барлаа. БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж өчигдрийн 12 цагийн байдлаар 2022 хүн халдвар авч, 13 хүн нас бараад байна. Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр нийт халдвар авсан хүний 2.1 хувь буюу 33 тохиолдол нь ойрын хугацаанд гадаад улсад зорчих үедээ халдвар авсан, эсвэл халдвар авсан хүнтэй харилцаанд орсон бол 46 хувь нь Дэгү хот дахь Христийн сүмтэй холбоотой байна.

Тайваньд гэртээ байх шийдвэрийг биелүүлээгүй иргэнийг хоёр жил хүртэл хорихоор болов

Улс орнууд иргэддээ хилийн хориг болон хөл хорио тогтоож байна. Аль болох гадагш дотогшоо зорчихгүй байхыг анхааруулж байна. БНСУ-ын хувьд Хятадын Хубэй мужаас ирэх зорчигчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд одоогоор Хятадын бусад мужид ийм төрлийн хориг тавих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг хилийн хориг тавихыг шаардсан өргөдөлд 700 мянга гаруй хүн гарын үсэг зурлаа. Монгол Улсын хувьд хилийн хориг тогтоогоод багагүй хугацаа өнгөрлөө. “Тэнгэрийн доор төрснийх хур бороонд шавшуулах, төрийн дор төрснийх хууль журмыг дагах” гэсэн эртний монгол үг өнөө цагт яг тохирохоор байна. Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей хөл хориог санаатайгаар зөрчсөн иргэнийг нэг жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгох, эрүүл мэндийн шинжилгээ заавал өгөх тухай хууль баталлаа. Манай Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөл хориог зөрчсөн этгээдийг “хорь, барь, шийтгэ. Нэг хоёр хүний эрх ашгаас илүү үндэстнийхээ эрх ашгийг илүүд үзнэ” гэж доод албаныхандаа тушаасан. Тайвань “Вирусийн халдвар олон улсад өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хамгаалалтаа нэмэгдүүлнэ” хэмээн Ерөнхийлөгч Цай Ин Вен мэдэгдсэн бол хоёрдугаар сарын 27-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар аюулгүй байдлын дээд зэрэгт шилжиж, онц байдал зарлах болсныг Ерөнхий сайд Су Цэн Чан мэдэгдлээ. Тайваньд одоогоор 32 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас бараад байгаа. Өнгөрөгч долоо хоногт тус улсын Засгийн газраас хөл хорио тогтоож, гэртээ байхыг шаардсан шийдвэрийг биелүүлээгүй иргэнийг хоёр сая тайвань доллараар торгох, эсвэл хоёр жил хүртэл хорих арга хэмжээ авах шийдвэр гаргасан.

Европын орнуудын халдварын жаран хувь Умард Италид зорчсон иргэдтэй холбоотой

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бага, дунд, ахлах сургуулийн хичээлийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хаах болсныг мэдэгдлээ. Түүнийг ард иргэд нь коронавирусын эсрэг дорвитой арга хэмжээ авсангүй гэж буруутгаж эхлээд байсан. Саудын Арабт шашны мөргөлд оролцох зорилготой гадаад улсын иргэдэд виз олгохыг зогсоох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн жилийн өдийд шашны мөргөлд оролцохоор 7.2 сая хүн тус улсад ирж байжээ. Ираны Эрүүл мэндийн дэд сайд болон парламентын гишүүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Тус улсад халдварын тохиолдол өчигдрийн байдлаар 245 бүртгэгдэн, 26 хүн нас бараад байгаа бөгөөд БНХАУ-аас гадна хамгийн их нас баралт бүртгэгдсэн бүс нутгийн хамгийн эрсдэлтэй улс болов. Итали Улсад халдвар авсан хүний тоо 655-д хүрч, 17 хүн амь насаа алдсан. Мөн 11 хотод хөл хорио тогтоогоод байгаа ч тус улстай холбоотой шинэ тохиолдлууд Испани, Австри, Хорват, Швейцарь, Франц зэрэг улсад бүртгэгдсээр байгаа юм. Бразил Улсад бүртгэгдсэн өвчний анхны тохиолдол жуулчид ихээр ирдэг багт наадмын амралтын үетэй давхцав. Энэ сарын 21-26 хооронд зохион байгуулагдсан багт наадам долоон сая орчим (гадаадын хоёр сая жуулчин, дотоодын таван сая орчим иргэн) хүн оролцсон байна. Европын орнуудад бүртгэгдээд байгаа тохиолдлын 60 хувь нь Умард Италид энэ сарын 24-27-ны өдрүүдэд зорчсон иргэдтэй холбоотой байна. Эндээс харахад цар тахлын халдвар хүн зон олноор хөлхөж цэнгэсэн газар орнуудад тархаад буй нь тодорхой байгаа юм. Тиймээс олноороо нийлж дарвилгүй хөл хорио тогтоох нь нэн чухал шийдвэр яах аргагүй мөн болж байна.

АНУ-ын Төрийн департамент Итали, Монгол, Иран руу зорчихгүй байхыг зөвлөлөө

АНУ-д шинэ коронавирусийн халдвар нэмэгдэж 60 хүн өвчлөөд байна. АНУ-ын Төрийн департаментаас Итали, Монгол, Иран зэрэг улсад зорчихгүй байх зөвлөмж гаргалаа. АНУ-ын Калифорни мужид гадаад улсад зорчоогүй, бүртгэгдсэн тохиолдлуудтай харилцаанд ороогүй нэг хүн халдвар авсан нь батлагдаж тус улсын Халдварт өвчин судлалын төвөөс дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлав. Ерөнхийлөгч Д.Трамп Дэд ерөнхийлөгч Майк Пенсийг уг өвчний эсрэг авах арга хэмжээг удирдах үүргийг хоёрдугаар сарын 27-ны өдөр өгсөн. Д.Трамп нөхцөл байдал хэрхэхээс шалтгаалан өөр улсаас ирэх зорчигчдод хориг тавьж магадгүй гэж мэдэгдэв. АНУ-ын Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “COVID-19” вирусийн тархалт БНСУ-д нэмэгдэж буйтай холбогдуулан зайлшгүй тохиолдлоос бусад нөхцөлд БНСУ руу зорчихгүй байхыг зөвлөн, анхааруулгын гуравдугаар түвшин рүү шилжүүлсэн. Цагаан ордноос болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авахад Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны төсвийг 1.8 тэрбум ам.доллараар нэмж зузаатгах хүсэлтийг Конгресст гаргасан байна.

Казахстаны иргэд амны хаалт хэрэглэхгүй байна

Казахстан Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд бусад улсаас ирэх жуулчид болон өөрийн иргэдийг шинжилгээнд хамруулж, өвчний тархалт ихтэй газраас ирсэн зорчигчдыг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байна. Тус улсад амны хаалт хомсдолтой байгаа ч иргэд амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг анхан шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байгаа юм. Монгол Улстай ойрын холбоотой байдаг эл улсын ийм хэнэггүй байдал манай улсад муугаар ч нөлөөлж болох талтайг бодолцох л учиртай.

Хятадад халдвартай хүнийг мэдээлбэл арван мянган юаниар шагнана

БНХАУ-д өчигдрийн байдлаар 78832 хүн халдвар авсан болох нь тогтоогдож 2788 хүн амь насаа алдаад байна. 36165 хүн эдгэрсэн ч эдгэрсэн гэх өвчтөнүүдэд дахин шинжилгээ хийхэд цөөнгүй хүний хариу “эерэг” гарч байгаа аж. Тухайлбал, Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн эмнэлгээс эдгэрсэн гэж гарсан өвчтөнүүдийн 14 орчим хувиас вирус дахин илэрсэн байна. Хубэй мужийн Чаньжян хот (Нэг сая орчим оршин суугчтай)-ын дарга вирусийн халдвар авсан байж болзошгүй хүний талаар мэдээлэл өгч, шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон нөхцөлд 10 мянган юань /1425 ам.доллар/-ийн урамшуулал олгоно хэмээн мэдэгдэв. Тус улсын Циньхуа болон Бээжингийн их сургуулиудын албан ёсны цахим хуудсанд 2020 оны зургаадугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хичээлийг байршуулж эхлээд байгаа бол жижиг сургуулиуд “ВиЧат” аппликэйшныг ашиглан оюутнуудад хичээлүүдийг хүргэж байна.

Орос улс Хятад, Ираны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглов

ОХУ-ын Хорио цээрийн албаны мэдээлснээр тус улсад коронавирусийн халдвар шинээр бүртгэгдээгүй (өмнө нь 2 тохиолдол илэрч, эдгэрсэн). Гэвч ОХУ-ын Засгийн газраас коронавирусын халдварыг онц аюултай өвчний жагсаалтад оруулж хүн ам олноор цуглардаг хоолны газар, худалдааны төвүүдэд халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргаад байна. БНХАУ-тай хиллэдэг мужуудад онц байдал зарласан бөгөөд БНХАУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг түр хориглож, тус улстай хиллэдэг ихэнх хилийн боомтуудаа хаагаад байна. Коронавирусийн дэгдэлт ОХУ-ын эдийн засагт багагүй нөлөө үзүүлж байна. Мөн хоёрдугаар сарын 28-ны өдрөөс Ираны иргэдэд виз олгохыг түр зогсоож, гуравдугаар сарын 1-ний өдрөөс БНСУ руу хийх бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Итали Улсад өвчний тархалт нэмэгдэж байгаа ч тус улс нь Европын холбооны гишүүн орон тул дээр дурдсан хязгаарлалтыг шууд хийхэд хүндрэлтэй байгаа аж. “Covid-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ОХУ-ын Засгийн газрын дэргэд байгуулагдсан Шуурхай удирдлагын штабаас 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гаргасан бүх төрлийн хязгаарлах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Үүнд, 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ, БНСУ хоорондын бүх нислэгийг хязгаарлах, агаарын тээврийн “Аврора” компани “Москва-Сөүл-Москва” чиглэлийн нислэг үйлдэх, БНСУ-д байгаа ОХУ-ын иргэдийг бүрэн буцах хүртэл чартер нислэг үйлдэнэ. БНСУ-аас Москвад ирэх зорчигчдыг зөвхөн “Шеремеьево” нисэх буудлын “F” терминалаар хүлээн авах болоод байна.Тувагийн Бүгд найрамдах улсад коронавирусийн тархалтын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан, амны хаалт, ариутгалын бодисын үнийг нэмсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах талаар Засгийн газрын шийдвэр гараад байгаа аж.

Манай улсын Тагнуулын ерөнхий газраас дээрх мэдээллүүдийг өгөөд байгаа. Эцэст өгүүлэхэд хувийн ариун цэврээ сайтар сахьж, төр засгаас өгсөн хөл хорионы шийдвэрийг биелүүлж, гадуур хэрвээ гарах шаардлага гарвал амны хаалтаа сайтар зүүж, хүн амьтан хөлхсөн газраас холхон байх шаардлагатай байгаа юм. Халдварын тархалтаас хамгаалах хамгийн сайн ерөндөг бол ердөө л төр засгийн шийдвэр, Улсын онцгой комиссын тогтоол журмыг биелүүлэх юм.


Сэтгэгдэл

ХҮЧЭЭР ЖУРАМ МӨРДҮҮЛВЭЛ ЯАСАН ЮМ БЭ [202.9.46.246] 2020-03-02 09:34:05

ГАДУУР ЯВЖ БАЙГАА ЗАРИМ ХҮН ЯАГААД МАСК ЗҮҮХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ. ДАЛД ҮЕДЭЭ 14~21 ХОНОГ БОЛДОГ ГЭЖ БАЙХАД ХЭН ЯМАР ВИРУС ТЭЭЖ, ХУВЦАСАНДАА НААЖ ГАДУУР ЯВЖ БАЙГААГ ЯАЖ МЭДЭЭД МАСК ЗҮҮХГҮЙ ЯВААД БАЙГАА ЮМ БЭ. ХЭЛЭЭД ХЭЛЭЭД ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮТ ХҮЧЭЭР МАСК ЗҮҮЛГЭДЭГ ЮМ УУ, ЭСВЭЛ ТОРГОХ ХЭРЭГТЭЙ БАЙХ

Иргэн [202.9.46.228] 2020-03-01 07:35:36

Сэтгэгдэл илгээлээ оруулахгүй бна шүү дээ. Хянаж байгаад оруулдаг юм уу

Иргэн [202.9.46.228] 2020-03-01 07:30:54

Бусад орнуудад авч байгаа мөнгөн торгуулийн арга хэмжээг хилээр нууцаар орж ирсэн, хаанаас ирснээ нуусан, шинжилгээ өгхөөс татгалзсан зэрэг үйлдлүүдэд оногдуулах шийдвэрийг гаргах нь зөв байхаа. Ямар буруу үйлдэдл хэдэн төгрөгөөр торгохоо тодорхой жагсааж гаргах хэрэгтэй. 1 дэх өдөр л засгийн газрын хуралдаанаар батлаж бологүй юү Хүрэлсүх даргаа.

Зочин [103.212.118.90] 2020-02-29 14:08:23

хөдөлгөөн нь хурдасдаг амьд үхдэлийн халдвар ортойг эрдэмтэд нотолж

Zochin [172.58.45.191] 2020-02-29 08:07:15

Emegtei hunii damsk zuujiine yag odoo hujaad naidvartai gene

Зочин [66.181.189.119] 2020-02-29 10:05:11

Бузар өвчин газар авч байхад хөл хориог тогтоож арга хэмжээ аваагүй оройтсоноос болж дэлхийд аюул учруулсан хятадын коммунист нам, түүний удирдлага уучлал гуйхгүй байгаад олон хүнд огт таалагдахгүй байна.

Зочин [66.181.189.119] 2020-02-29 03:06:45

Хятад Үханьд хөл хорио тогтоосон гэж байгаа боловч ард нь халдвар зогсохгүй байна. Өөрөөр хэлбэл хөл хориог амжилттай хэрэгжүүлэх ухаан дутаад байна. Халдвар зөөгч хаана нэгтэй алхаад байна. Сүлжээний вирус судлаач нарын ажлыг дутуу үнэлж болохгүй. Хууль дүрмийг хэрэгжүүлэх хэцүү. Тэгвэл бид эмх цэгц, системтэй хандахгүй байвал дан ганц хатуу байхаар давж гарахгүй. Эмх цэгц, хатуу байдлыг маш сайн хослуулах хэрэгтэй.

Иргэн [202.9.46.228] 2020-03-01 07:35:31

Энэ сайт сэтгэгдэл бичээд оруулахгүй бна. Хянаж байгаа юм уу


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.