Д.Нямхүү: Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

COVID-19 халдварын талаар цаг үеийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор халдвар шинээр хоёр улсад бүртгэдэж нийт 204 улсад халдвар гарлаа. АНУ, Итали, Франц улсад халдвар эрчимтэй тархаж байна. COVID-19 халдварын тархалтын талаарх судалгаанууд олон улсад хийгдсээр байна. Халдвар дуслаар буюу халдвартай хүн ханиахад агаарт тархаж бусдад халдварлаж байгаа нь батлагдлаа.

Мөн 0-18 насны хүүхдүүд хүндээр өвчлөхгүй, халдвар тараагч болж байна. Өтгөн мөрийн замаар халдвар тархах нь нэмэгдсээр байгаа. Тиймээс суултуурын тагийг таглаж усаа татах нь халдвараас сэргийлэхэд чухал үр дүнтэйг зөвлөж байна" гэлээ.

ӨНӨӨДӨР ТУСГААРЛАХ БАЙРАНД 43 ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ, 5 ХҮРТЭЛХ НАСНЫ 56 ХҮҮХЭД БАЙГАА

image

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,310 иргэн байна. Эдгэсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн ажиглаж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ улсын хэмжээнд хэвийн явагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж авах тохиолдолд заавал эмнэлэгт очихгүйгээр байгаа бичиг баримт дээр нь үндэслээд тэтгэмжийн хугацааг сунгаад явж байгаа.

Өнөөдөр тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэлтэй 7, бусад эрүүл мэндийн тусламж шаардлагатай иргэдэд тусламжаа цаг тухайд нь үзүүлээд явж байгаа. COVID-19 бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн. Иргэдээ 5 одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна.

Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уйлахаар нь, уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа ажил" гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: ДЭМБ-ын гуравдугаар сарын 30-ны мэдээллээр нийт 204 улсад COVID-19-ийн нийт 697,244 тохиолдол бүртгэгдэж, 33,257 хүн өвчний улмаас нас баржээ. Дэлхийн улс орны 20%-д нь халдвар импортлогдон гарч байгаа бол 80 хувьд нь голомтлон тархаж байна.

Шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгдсэн. COVID-19 халдвар улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүргэж байна” гэв.

БНСУ-ЫН СӨҮЛ ХОТОД СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД ХАЛДВАРЫН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Италид өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 812 нас баралт бүртгэгдлээ. Халдварын 4.050 тохиолбол бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 12-ноос хойших хамгийн цөөн тохиолдол боллоо.

АНУ-д нийт халдварын тоо 160.000-д хүрч, нас баралт 500 гаруй бүртгэгдсэн байна. Тус улс нэг хоногт 100,000 хүнийг шинжилгээнд хамруулах боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.

Мөн хэрэглэсэн N95 амны хаалтыг ариутган, дахин хэрэглэх боломжийг бүрдүүлжээ. БНСУ-ын Сөүл хотод сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж байна. Халдварын дийлэнх нь гадаад улсаас зөөвөрлөгдөн иржээ. Халдварын голомт бүрэн устаагүй гэж үзэж байгаа учраас БНСУ хичээлийн шинэ жилийг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлүүлж, сургалтыг цахимаар явуулах болсон байна.

ХӨСҮТ-Д 218 ХҮН ЭМЧИЛГЭЭ, ХЯНАЛТ, ТАНДАЛТ ХИЙЖ БАЙНА

ХӨСҮТ Д.Нямхүү: 2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна.