Судалгаа: Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн ердөө 20 хувь нь бусад нийт халдварын 80 хувийг тараадаг гэжээ

Хонг Конгийн халдварт өвчний мэргэжилтнүүдийн баг коронавирусийн тархалт хэрхэн явагддагийг судалснаа саяхан танилцуулжээ.
Тэдний судалгааны дүгнэлтээр бол коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийн ердөө 20 хувь нь бусад нийт халдварын тохиолдлуудын 80 хувийг тараадаг байна.
Вирус тээгчдийн ойролцоогоор 70 хувь нь бусдад огт халдвар тараадаггүйг тогтоожээ.
20 хувь нь хэрхэн ийм олон хүнд халдвар тараадгийг судлахад “Super-spreading events” гэж судлаачдын нэрлэсэн “супер түгээгч арга хэмжээнүүд” гол үүрэг гүйцэтгэдгийг тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл дотоод орчинд олон хүн цуглуулдаг арга хэмжээнүүд коронавирусийг тараах гол зам болдог ажээ.
“Super-spreading events нь бидний төсөөлж байснаас олон давтамжтай болдог бөгөөд вирусийг тараах гол зам болж байна. Бид одоо халдвар тараахын эсрэг ямар арга хэмжээ авбал илүү үр дүнтэйг мэдлээ. Хэрвээ super-spreading үйл явдлуудыг хориглож чадвал олон хүний эрүүл мэнд, амь нас аврагдана” гэж судалгаанд оролцсон гол мэргэжилтнүүдийн нэг Бэн Каулинг ярьжээ.
Каулингийн багийнхан нэгдүгээр сарын 23-наас дөрөвдүгээр сарын 28-н хүртэлх хугацаанд Хонг Конг хотод бүртгэгдсэн 1,000 гаруй халдварын тохиолдлыг судалсан байна.
Тэдгээрийн 350 орчим нь Хонг Конг дотор дамжсан халдварууд байсан бол үлдсэн хэсэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд байжээ.
Дотоод халдваруудын талаас илүү хувь нь зургаахан “super-spreading events” арга хэмжээнээс гаралтайг тогтоосон байна.
Ердийн тохиолдолд нэг халдвартай хүн цааш нь хамгийн олондоо 2-2.5 хүнд халдвар тараадаг. Харин дотоод орчинд олон хүн цугларсан арга хэмжээнд оролцох үеэр халдвар тараах чадвар нь дор хаяж гурав дахин нэмэгдэж байжээ.
Ийм супер түгээгч арга хэмжээнүүдэд голдуу хурим найр, сүмийн мөргөл, баар цэнгээний газруудын үйл ажиллагаа багтсан байна.
Өмнөх судалгаануудад ч халдварт өвчний тархалтад 80-20 зарчим үйлчилдгийг тогтоож байжээ. Тухайлбал 2011 онд хийсэн нэг судалгааны дүгнэлтээр нийт хүн амын 20 хувь нь бүх өвчний халдваруудын 80 хувийг дамжуулдаг гэсэн байна.
Супер түгээгч арга хэмжээнүүдийн нийтлэг шинж нь битүү орчинд өөр өөр газарт тусдаа амьдардаг олон хүн нэг дор бөөгнөрөх гэнэ.
Тиймээс Хонг Конгийн судлаачид цар тахлын хоёр дахь давалгаа тохиолдвол хүн амыг нийтээр нь хөл хорионд шилжүүлэх биш, харин олон хүн нэг дор цуглардаг арга хэмжээнүүдийг сайн хориглож чадвал халдварын тархалтыг үр дүнтэй хязгаарлана гэж дүгнэжээ.
Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудад хөл хорионы дэглэм зарлаагүй ч вирусийн тархалтыг зогсоож чадсан нь үүнтэй холбоотой гэнэ.
Тухайлбал Япон улсад “3C” дүрмийг баримтлахыг нийт иргэдэд зөвлөж байжээ. Энэ нь “closed space” (битүү орчин), “crowded place” (олон хүний бөөгнөрөл), “close-contact” (бусадтай ойр харилцах) зэргээс зайлсхийх дүрэм юм.
“Задгай орчинд болж байгаа арга хэмжээнүүд асуудалгүй. Өнөөдөр болж буй эсэргүүцлийн жагсаал цуглаануудад би санаа зовохгүй байна” гэж Бэн Каулинг ярьжээ.
Харин ресторан, баарнууд цар тахлын үед нийт орон зай, талбайнхаа 50 хувийг ашиглаж, хүмүүсийг хооронд нь зайтай суулгах ёстой гэж тэр үзэж байна.
Эх сурвалж: Business Insider
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
Тэрбумтан Жефф Безос, Лорен Санчез нарын нууцлаг хуримын сонин хачин
“GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав
“Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал” боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт эхэллээ
Ван Дэян: Монголын нүүрс Хятадын хойд хэсгийн гэрлийг асаадаг