Гэмтэж бэртсэн хүмүүсийн хөлд дарагдсан Гэмтлийн эмнэлэг

Aдмин / Эрүүл мэнд

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үүдээр оронгуут л “гар нь хугарчихлаа”, “Хүнд хутгалуулчихлаа”, “Толгойгоороо төмөр дээр уначихлаа” хаана үзүүлэх үү, аль өрөөнд очих ёстой вэ гэх хүмүүсийн сандарч давчидсан асуултууд ундарна. Оройн 21:00 цаг болж байвч хүмүүсийн дараалал нэмэгдэнэ үү гэхээс багасах шинжгүй. “Ковид-19” халдвартай холбоотойгоор иргэдийн халууныг хэмжиж өвчтөнийг харгалзах нэг л хүнтэй оруулах аж. гэвч хөл нь хугарсан хүнийг нэг хүн сугадаад дийлэхгүй учир зайлшгүй хоёр хүн орох юм. Зөвхөн хөл ч гэлтгүй ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн том хүн, хүүхдийг гэр бүлээс нь дор хаяж хоёр, бүр тав зургуулаа дагалдаж ч явах аж. хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ирсэн хүмүүсийг бэртэл гэмтлийн зэргээр ангилж амь давчидсан хүмүүсийг эмч үзээд шуурхай арга хэмжээ авахаар орон дээр түрсээр одно. Арай гайгүй амь наснаас хол бэртэлтэй бол бүртгэлээ хийлгэж, эмчдээ үзүүлээд шаардлагатай бол рентген, томографик, гипсийн өрөөнд дугаарлах юм байна. харин хүүхдүүдийг гэмтлийн зэргээс үл хамаарч шууд үзлэгийн өрөө рүү явуулж байв.

image Зөвхөн энэ орой гэлтгүй өдөр бүр хамгийн ачаалалтай нь хүүхдийн үзлэгийн өрөө гэдгийг эмч нар хэлэв. Үзлэгийн өрөөнд хоёр эмч байх бөгөөд зэрэг үзлэг хийх аж. харин өрөөний нэг буланд бүртгэлийн ажилтан сууна. Хоёр эмч зэрэг үзэх боловч хаалганы гадаа дугаарлан зогсох өвчтөний тоо буурахгүй “Би энд байсан”, “чи миний ард байсан”, “залуу хүүхэд байж нялх хүүхдийн урдуур орохоос ичээч” гэх хэл ам тасарсангүй. 22:00 цагийн үед 20 гаруй насны залуу хүүгээ тэвэрсээр дугаар дайрах гэж маргаан үүсгэв. Хүү нь гурван настай болов уу гэмээр. Толгой нь бөөн цус нөж болчихсон, цамцаар нь арчсаар “Би яаралтай орох хэрэгтэй байна. Миний хүүгийн толгой ямар ч гэмтэл авсан юм билээ” гэсээр эмч рүү зүтгэв. хажуугаар нь хүүгээ “Аав нь чамд хэлдэг биз дээ, хамаагүй юман дээгүүр битгий үсэрч харайгаад бай” гэж загнах. хүү нь тоглож байгаад унахдаа үзүүртэй төмөр дээр уначихаж. ямартаа ч боолт хийлгээд рентген зурагт очиж дугаарлаж харагдав. 12 настай гэх хүүг ээж аав нь сугадсаар орж ирэв. Бас хамаатан садан нь гээд хоёр ч хүн дагалдах аж. хүү Тэрэлжид гэр бүлийнхэнтэйгээ амарч яваад могойд хатгуулж. гэвч могойд хатгуулсан даруйдаа ирэлгүй нэг хоносон учир дотуураа идээ үүсээд үхэжсэн учир яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гэж эмч нар хэлжээ.

Гол нь хортой могойд хатгуулсан юм байна. Ер нь хөдөө орон нутаг гэлтгүй үер уснаар хот суурин газарт энэ жил могой их байгаа учраас могойд хатгуулсан хүүхэд их ирж байгаа аж. Мөн өсвөр насны гурван хүүхэд дугуйтай явж байгаад машинд шүргүүлсэн гээд ирэв. Хөнгөн гэмтэл авсан бололтой эмчид үзүүлээд зураг авхуулаад гарцгаав. Бага насны хүүхдүүд гар, хөл нь хугарсан, тоглоомын талбай дээр тоглож байгаад арагш савж толгойгоороо унаж гэмтсэн гээд хүүхдүүдийн цуваа тасрахгүй юм.

Насанд хүрэгчдийн үзлэгийн өрөө мөн л ачаалал ихтэй байх. 50 орчим насны эрэгтэй цээжин тус газраа хутгалуулсан байв. Найз нартайгаа архидан согтуурч байгаад маргалдсан гэх. Нэг эмэгтэй хөх няц болчихсон боолт тавиулаад дугаарлан зогсохдоо хүмүүсээс харц буруулах бөгөөд нүдэндээ нулимстай аж. Нөхөртөө зодуулсан гэнэ. Рентгенд том хүн, хүүхэдгүй хамт дугаарлана. Нэг эмэгтэй халамцуу бололтой “Миний гар энэ чигээрээ эдгэрвэл би яах юм” хэмээн найзтайгаа чанга чанга дуугаар ярих. Автомашины осолд орсон гэх эрэгтэй мөн түргэнээр хүргэгдэж ирж байв. Энэ мэтчилэн бэртэж гэмтсэн хүний цуваа шөнийн 00.30 цаг болж байхад ч багасахгүй нүд халтирам аж.

У.УРАНЧИМЭГ: АЯЛАЛ ЗУГААЛГАТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛД ОРЖ ИРЭХ ХҮМҮҮСИЙН ТОО ҮНЭХЭЭР БУУРАХГҮЙ БАЙНА.

image

ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн ахлах сувилагч У.Уранчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Манай ГССҮТ-ийн хамгийн ачаалалтай тасаг бол Хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэг. Зуны аялал зугаалгатай холбоотой аваар осолд орж ирэх хүмүүс үнэхээр буурахгүй байна. Хоногтоо 450-650 хүн хүлээн авч байна. Дээр нь “Ковид-19” халдвартай холбоотойгоор Цэргийн госпитал хутга, мэсний шархтай хүмүүсийг хүлээж авахгүй манайд ирдэг болчихсон. Үүнтэй холбоотойгоор бас ачаалал эрс нэмэгдсэн. Нэг талаас ард иргэдийн ухамсар, нөгөө талаас эрүүл мэндийн боловсрол дээшлэхгүй байна гэж харж байна. Урсгал сөрсөн, хурд хэтрүүлсэн, гүйцэд түрүүлснээс болж осолд орж гэмтсэн бэртсэн хүмүүс маш их байна.

-Гэмтэж бэртсэн хүүхэд их ирж байгаа бололтой?

-Хүүхдийн осол гэмтэл эрс нэмэгдсэн. Ялангуяа сүүлийн үед эцэг эхчүүд үр хүүхдүүдээ аялахдаа их авч явдаг болж. Харамсалтай нь хүүхдүүдээ дагуулж авч явахдаа зориулалтын суудалд суулгадаггүй, хамгаалах бүсгүй авч явснаар осолд өртөх нь ихэссэн. Мөн хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт орхисноос болж түлэгдэх, галд өртөх, харгалзах хүнгүй тоглож яваад унаж бэртэх гээд асуудал их байна. Ерөөсөө л хүүхдийн осол гэмтэл эцэг, эхийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдалтай 100 хувь холбоотой.

-Зөвхөн хүүхдийн үзлэгийн өрөөнд гэхэд хоёрхон эмч хүчрэхгүй байгаа юм шиг санагдсан. тухайд?

-Хүний нөөцийн хувьд хүрэлцээтэй гэж бодож байна. Зөвхөн манай яаралтай тусламж дээр нэг ээлжинд таван эмч хонож ажилладаг. Цахим бүртгэл, халуун үзэх гээд нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байгаа. Нэмэлтээр резидентүүд бас ажилладаг.

-Ийм их ачаалалтай үед тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байгаа бол?

-24 цагаар яаралтай ирсэн хүмүүсийг рентген, томографик гээд шаардлагатай оношилгоог үзүүлдэг. Хамгийн гол нь ачаалал л их байдаг.

-Тэгвэл ачааллыг бууруулахын тулд яах ёстой вэ?

-Ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол, ухамсрыг л дээшлүүлэх хэрэгтэй байна. Тэгээгүй цагт энэ их осол гэмтэл буурахгүй шүү дээ. Цагдаагийн ерөнхий газар, Хаа хаанаа л анхаармаар байна. Дээр нь коронавирустэй холбоотой архидан согтуурсан үедээ нэгнээ гэмтээх, осолд орох зэрэг тохиолдлууд их болсон.

Харин амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн хувьд гэмтлийн зэргээс шалтгаалж арай аминд тулсан биш учраас цахимаас дугаар авч үйлчлүүлэх аж. Тийм учир арай дэг журамтай харагдав. Гэвч нөгөө л түмэн төрлийн бэртэл гэмтэлтэй хүмүүс цонхноос цонхны хооронд нэг эмчээс нөгөө эмчийн хооронд гүйнэ.

Г.АМАРМЭНД: ИРГЭД ГЭМТЭЖ БЭРТСЭН БОЛ ГЭРЭЭР БИШ, ЗААВАЛ ЭМНЭЛЭГТ ХАНДАЖ АНХНЫ ТУСЛАМЖ АВАХ ХЭРЭГТЭЙ.

image

ГССҮТ-ийн Насанд хүрэгчдийн гэмтлийн Хоёрдугаар тасгийн их эмч Г.Амармэндээс тодруулга авлаа.

-Амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь ямар оноштой ирдэг вэ?

-ГССҮТ урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор ачаалал нэмэгддэг. Амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо 1.5-2 дахин ихэсдэг. Хөдөө орон нутгаар аялал зугаалгаар явдагтай холбоотойгоор авто осолд орсон иргэд их ирж байна. Нуруу нугас, цээж, тархи гээд маш хүнд гэмтэлтэй хүн их ирж байна.

-Эмч нарын үзлэгийн өрөөнд таван өөр чиглэлийн эмч үзлэг хийдэг юм байна. Таны хувьд өдөрт хичнээн хүн үздэг вэ?

-Амбулаториор үйлчлүүлж буй насанд хүрэгчдээс өдөрт 30-35 хүн үзэх нормтой байдаг. Нэг эмч л 35 орчим хүн үздэг гэсэн үг. ихэнхдээ хөл, гар нуруундаа гэмтэл авсан нь олон жилийн дараа өвдөж эхэлсэн, эсвэл олон жил гэмтэл бэртлийн зовиуртай яваа гээд үйлчлүүлэгчдийн хувьд янз бүр л дээ.

-Гэмтэж бэртэх иргэдийн тоо буурахгүй байгаа нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой байна уу?

-Гэмтэл гэдэг санаатай бус санамсаргүйгээр өртдөг. Архидан согтуурч байгаад зодолдох, зам тээврийн осолд өртөх, ажлаа хийж байгаад юмнаас унах гээд санамсаргүй байдлаар бэртэл, гэмтэл авдаг. Хоёрдугаарт, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэхээс эхлээд өөрсдөөс шалтгаалж осолд аваарт орох тохиолдол ч их байна. Замаа товчлох гэж бартаатай замаар явж осолдох, таван секунд хүлээж чадаагүй гүйцэд түрүүлснээс болж осолд орж насаараа хөдөлмөрийн чадваргүй болох, амь эрсдэх явдал их. Үүнээс гадна зуны улиралд манай улсад үйлдвэрлэл үйлчилгээний ажил идэвхиждэгтэй холбоотойгоор аюулгүй байдлаа хангаагүйгээс болж барилга дээрээс унах, ажлын байран дээрээ тоног төхөөрөмжид гар хуруугаа гэмтээх зэрэг асуудал бас гардаг. Хувь хүн болоод тухайн байгууллагын хяналт тавих хөдөлмөрийн аюулгүй байдалтай шууд холбоотой юм.

-Ер нь хүмүүс том жижиг гэлтгүй гэмтсэн тохиолдол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ. осолд орсон хүнийг хөдөлгөж болохгүй ч гэж ярьдаг?

-Гэмтлийн механизмаас шалтгаална. Хоёрдугаарт, тухайн хүн хөнгөн эсвэл хүнд гэмтэж үү гэдгээс хамаарна. Ер нь ямар ч тохиолдолд хамгийн түрүүнд 103 дуудаж яаралтай түргэн тусламж авах ёстой. Хэрэв хүнд гэмтэж машин тэргээсээ гарч чадахгүй, удаан хугацаагаар юманд дарагдсан, хавчуулагдсан тохиолдолд тухайн хүнийг ойр орчимд байгаа хүмүүс аюултай байдалд дахин орохоос нь сэргийлж холдуулж цусыг нь тогтоох анхны тусламж авч болно. Энэ хооронд яаралтай түргэн тусламж л дуудах хэрэгтэй. Мэргэжлийн эмч ирж үзэж байж дараагийн шатны тусламжийг үзүүлнэ шүү дээ.

Энд нэг зүйлийг анхааруулахад гар хугарлаа, толгойдоо гэмтлээ гэхэд тэр сайн, энэ сайн гээд нэг бариач дээр очдог. Эмнэлгийн орчинд боолт тавьж, цэвэрлээгүй зэрэг олон шалтгаанаас болж өнөөх бэртэл нь бүр сэдэрчихсэн, хүндэрчихсэн, бохир орчихсон ирээд гар хөлөө тайруулахдаа тулдаг. Тиймээс ард иргэд маань эмнэлгийн байгууллагад хандаж анхны тусламж авч, мэргэжлийн эмчээс зөвлөгөө заавар авч байх хэрэгтэй байна.

ӨДРИЙН СОНИН Д.ДАВААСҮРЭН


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.33] 2020-08-03 15:40:02

Нэмж эмнэлэг бариач ээ. Ачаалал арай дэндүү байна.

SS [66.181.168.8] 2020-07-31 07:20:08

Henees camer guij zurag avsan yum, duudaad nadaar zurag daruulchihgui dee

Тусгай камер байхгүй, зүгээр л гар утас. [202.131.225.53] 2020-07-31 07:44:28

Зургийг сэтгүүлч гар утсаараа л авчихсан байна ш дээ.

Зочин [202.55.188.93] 2020-07-31 04:50:04

Мангар байхаа

Иргэн [202.9.46.4] 2020-07-31 03:50:10

Архиа уугаад бай уугаад бай , Монголчуудыг хятадууд биш архи сүйрүүлэнэ дээ. Архи ууж АВААРЬ осолд орно, хүн дайрч ална, мотоциклтойгоо осолдоно, хүн хутгалж ална, барилга дээрээс унана, усанд живнэ, галд шатна, авгай хүүхдээ зодно, эмэгтэйчүүдээ хүчиндэнэ, архин даа хордож үхнэ, өвөл нь хөлдөж үхнэ...,...........

зочин [103.212.117.17] 2020-07-31 03:22:11

дайны байдалд нэрвэгдсэн улс орон шигээ нүд халитарч зүрх шимширмээр байдал энэ эмнэлэгт 90оноос хойш ийм дүрх төрх харагдана.очиж үзэж харчихаад сэтгэгдэлээ бичиж бай.янз бүрийн осол аваараас гадна хүмүүсийн сонор,сэрэмж ,болгоомжилол дутаж бна.гэр ахуйн ослоос гадна цаг үеээ дагаж машин техниKийн ажиллагаа болон аюулгүй ажиллагааны дүрэм журам барилгын байгууллага бусад салбаруудад алдагдсан бна.өмнөх нийгэмд энэ эмнэлэгт ингэж олон зуун мянгаар тоологдох өвчитөн байхгүй цөөхөн өвчтөнтэй байсаан.энэ эмнэлэгт эмч нарын хүнд сурталаас эхлээд үйл ажиллагааны маш бүдүүлэг харицааны соёлгүй,ёс зүйгүй хачин муухай зан ааштай эмч,сувилагч нартай нүүр тулах ни энэ үүхэнд юм даа.зарим эмч нар мэдлэг мэргэжилдээ аархаж намайг хэн хэлэх үү,нохойг хэн саах уу гэдэг болжээ.эмнэлэгийн зарим тасаг хэсгийг дур мэдэж ард иргэдэд төлбөртэй өрөө гаргаж төлбөртэй эмчилгээ хийж бгаан улсын эмнэлэгийн байрыг хувидах мөнгө олох гэж ашиглаж бгааг эрүүл мэндийн яамныхан зг мэдэж байвал шалгалт оруулж үзэх хэрэгтэй

зочин [122.201.23.84] 2020-07-31 01:31:24

Эрүүл мэндийн төвүүдийн гэтмлийн тасаг бас дандаа их хүнтэй байдаг юм байна лээ

zochin [122.201.23.84] 2020-07-31 01:30:27

Дүүрэг бүрт гэмтлийн эмнэлэг байх хэрэгтэй

Шинэ эмнэлгийн төсөв мөнгө байгаа юу? [202.131.225.53] 2020-07-31 00:51:58

3-хан сая монголчуудад бараг ТОМДСОН эмнэлэг дээ. Өчнөөн эмч, сувилагч, техникийн ажилтантай. Дахин ийм эмнэлэг үүсгэвэл манай улс төсвийг нь дийлэх юм уу? Эдийн засгийн байдал тийм ч сайн биш байна. ХЭРЭВ ийм эмнэлэг байгуулах юм бол түүнийг Өвөрхангай эсхүл Ховдод БҮСЧИЛЖ байгуулах хэрэгтэй.

Зочин [202.9.46.223] 2020-07-31 04:05:51

Zuv bichjee

Зочин [66.181.161.38] 2020-07-31 03:47:05

Бурхан өршөөг чамайг

Би худлаа юм бичсэн бол ... [202.131.225.53] 2020-07-31 03:26:37

Тэгээд шинэ орон тоо, шинэ гэмтлийн эмнэлэгт илүүчлэх хөрөнгө мөнгө байгаа юм уу?

Зочин [202.179.24.165] 2020-07-31 02:58:36

бүү худлаа мэдэмхийр

Зочин [66.181.161.114] 2020-07-31 01:34:13

Бурхан минь

Зочин [202.21.107.119] 2020-07-31 00:43:04

80 оны үед хүн амын тоо хэд байсан билээ. Тэр үед тухайн үеийн тооцоогоор баригдсан эмнэлэг өнөөгийн ачааллыг даахгүй шүү дээ. Ганцхан гэмтлийн эмнэлгээр бүх хүмүүс үйлчлүүлж байгаа болохоор харин ч энэ зэрэгтэй байгаа нь их юм. Нэмж шинээр эмнэлэг байгуулаач.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.