Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Aдмин / Хууль

УИХ-ын тогтоолыг батлав

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад эхэлж, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг танилцууллаа.

Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан, түүнчлэн тогтоолын төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалт явуулж, зарчмын зөрүүтэй 1 саналыг шийдвэрлэсэн байна.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, Байнгын хорооны дарга С.Бямбацогтоос хариулт, тайлбар авлаа.

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр төслийн хавсралтын “1.3.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд3 хэсэгт “Хууль тогтоомжийн төслийн нэр”-“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай”, "Улс төрийн намын тухай", “Улс төрийн намын санхүүжилтийн тухай", “Сонгуулийн төв байгууллагын тухай”, "Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай" гэж тус бүр, “Хууль санаачлагч”-"3асгийн газар", "Хариуцан боловсруулах байгууллага”-“3асгийн газрын Хэрэг эрхлэх газар", "Өргөн мэдүүлэх хугацаа”-"2021 он" гэж тус бүр, “Хууль тоггоомжийн төсөл боловсруулах үндэслэл, зохицуулах харилцааны товч утга” баганад "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан хууль тогтоомжийн зохицуулах харилцааны агуулгыг тохиолдол бүрд, “Сонгуулийн төв байгууллагатай холбоотой зарим зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах." гэж, “Төрийн албаны үнэт зүйлийг тодорхойлж, төрийн албан хаагчийн баримтлах нийтлэг ёс зүйн хэм хэмжээ, албаны үүрэг болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан тушаалтан, албан хаагчид хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг төрийн албаны ангилал бүрээр тодорхойлон зааж, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмын талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгах." гэж тус тус тохирох баганад, "1 .Ю.Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" хэсэгт "Хууль тогтоомжийн төслийн нэр"-“Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай", "Хууль санаачлагч”-"3асгийн газар", “Хариуцан боловсруулах байгууллага"-"Барилга хот байгуулалтын яам", "Өргөн мэдүүлэх хугацаа"-"2021 он", "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах үндэслэл, зохицуулах харилцааны товч утга"-“Хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгож, тэдгээрийн өөрийн удирдлага, өмчийн болон төсвийн зохицуулалтыг нарийвчлан тусгах." гэж тус тус тохирох баганад шинээр нэмэх, төслийн хавсралтын "1.10.Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" хэсгийн 103 дугаарт заасан “Хууль тогтоомжийн зохицуулах харилцаа, товч утга" баганын "2.84-т “Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсрнгуй болгоно" гэж, 5.2.4- т "Газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасныг” гэснийг “газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтыг" гэж өөрчлөн найруулахаар боллоо.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 66.1 хувь нь дэмжиж, баталлаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Чинзориг, С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 онд баталж, 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин, хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон юм.

Дэлхий дахинаа тархаад байгаа коронавирус халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой өнгөрсөн нэг жилийн хугацаанд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож орлого буурч, төрийн захиргааны байгууллагууд тусгай горимоор ажилласан зэргээс үүдэн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод болсон гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Иймд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “2021 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2022 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.


Төсвийн байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа, Ц.Даваасүрэн, Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсан. Хуулийн хүрээнд иргэн 1 жилийн нөхөн төлбөрт 500 мянган төгрөг, 3 жилийн нөхөн төлбөрт 1.5 сая төгрөг, зургаан жилийн нөхөн төлбөрт 3 сая төгрөг төлөх шаардлагатай, иргэдээс тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөхдөө нөхөн төлж буй жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, төлөх саналыг гаргаж байгааг Л.Энх-Амгалан гишүүн илэрхийлж, энэ саналыг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ хуулийн зохицуулалтаар 260 гаруй мянган малчин төдийгүй 160 мянган гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бий болж байгааг гишүүд онцлоод, хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгахын зэрэгцээ иргэдэд энэ талаарх мэдээллийг түгээж, холбогдох бүх шатны төрийн байгууллага сурталчилж ажиллах шаардлагатай гэдгийг хэлж байв.

Иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бололцоог олгосноороо Нийгмийн даатгалын санд ихээхэн ачаалал ирнэ, үүн дээр гишүүдийн санал болгож буйгаар шимтгэлийн хувь хэмжээг нь бууруулах юм бол тус сан үүсэх ачааллыг даахгүйд хүрэх эрсдэлтэй гэдгийг төсөл санаачлагч тайлбарласан. Ойрын хугацаанд Засгийн газар Нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн байгаа бөгөөд нөхөн төлбөрийн хувь хэмжээг бууруулах асуудлыг энэ хүрээнд авч үзэх боломжтой гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн хэлсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх малчин А дансны лавлагаа болон оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх бол хувиараа хөдөлмөр эрхлэгчийн татварын баримтыг үндэслэх зохицуулалттай юм.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 75.8 хувь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.

Хууль санаачлагч Коронавирус халдвар цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдал зарлаж, орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого буурч, өдөр тутмын хүнсний хэрэгцээгээ ханган нийлүүлэхэд хүндрэл үүссэнээс нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй байгааг харгалзан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй, хэлэлцүүлгийн шатанд төсөв, санхүүгийн эх үүсвэрийн асуудал болон Засгийн газрын саналыг нэгтгэн хуулийн төслийг батлах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Засгийн газар уг асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй бөгөөд хуулийг сурталчлах, хуулийн хэрэпжилтийг хангах асуудалд анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг тэтгэвэрт хамруулах асуудал нь нийгмийн шаардлага байгаагийн хувьд дэмжиж байна, харин хэрэгжих шатандаа боломж хязгаарлагдмал гэдгийг тооцох нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлзх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан.

Хуулийн үйлчлэлээр иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ 10 жилээр нөхөн төлөхдөө 5 сая төгрөг төлөх ч тэтгэвэр тогтоолгоод 10 жилийн хугацаанд 50 сая төгрөгийн тэтгэврийг тогтмол хугацаанд авах боломж бүрдэж байгаа давуу талтай гэдгийг төсөл санаачлагч тайлбарлаж байлаа. Өнгөрсөн хугацаанд 600 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн нь хангалтгүй тоон үзүүлэлт. Татварын баримт бүрдүүлэхэд хэцүү, зарим нь боломжгүй байгаа нь гол шалтгаан гэдгийг тэрбээр тайлбарлаад төслийн анхны хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг зохицуулах зарчмын зөрүүтэй санал гаргахаар ажиллаж байгаагаа хэлсэн.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцууллаа.

Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байгаа талаар төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд дурдав. Олон улсад хэрэглээ нь хумигдсан керосин, нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манайд өссөн байдаг аж. 2017, 2018 оны байдлаар Монгол Улсын хилээр дээр нэр дурдсан, хуурамч шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох бодисыг нийтдээ 202 мянган тонныг оруулж ирсэн мэдээ байгаа гэв. Шатахууныг керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта зэрэг бодисуудаар шингэлэн найруулж, түгээх станцуудад зах зээлийн үнээс хямдаар нийлүүлдэг хэмээн үзэж байгаа аж. Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжүүд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татвар болон тусгай зөвшөөрөлгүйгээр импортлон, хуурамч шатахуун үйлдвэрлэн шатахуун түгээх станцуудад нийлүүлж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжид хохирол учруулахаас гадна агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул импортоор оруулж байгаа газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах улмаар улсын төсөвт орлого төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хууль санаачлагчид нь буцаах Байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон танилцууллаа. Дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргаж, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд хуулийн төслийн нэрийг тухайлсан нэг үйлдвэрийн нэрээр тодорхой зааж өгөх эсвэл бусад газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд энэ хууль үйлчлэх эсэх болон цаашид хуулийн үйлчлэх хугацаа, хүрээ хязгаарын талаар тодорхой асуулт, асууж хариулт авсан байна. Төслийн зарим зохицуулалтыг хэрэгжүүлэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудтай нийцүүлэх зорилгоор дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж хамт хэлэлцүүлэх, мөн хуулийн үйлчлэх хугацаа, хамрах хүрээнд тодорхой хязгаарлалт хийх, төсөлд тусгагдаагүй газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой татвар, төлбөр хураамжийн асуудлыг хэлэлцүүлгийн шатанд анхаарах, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, хайгуулын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж ажиллах, төслийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчний харьцааны асуудлыг онцгой анхаарч хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Х.Баделхан, С.Ганбаатар, Т.Энхтүвшин, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Х.Болорчулуун нар асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж байлаа.

Цогц үйлдвэр барьж, ашиглалтад оруулснаар 7000 гаруй ажлын байр бий болно хэмээн төслийн танилцуулгад байгаа ч өнөөдрийн байдлаар хэчнээн ажлын байрыг бий болгоод байгаа талаарх М.Оюунчимэг гишүүний асуултад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг хариулт өгөв. Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах онцгой төвөгшилтэй, иж бүрэн үйлдвэр барьж байгуулж байгаа тул олон тооны гадаадын инженер, техникийн ажилтнууд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох тооцоо бий гэв. Бүтээн байгуулалтын эхний ажилд хамгийн багадаа 150 ажлын байр бий болох бөгөөд орон нутгийн иргэдийг ажиллуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа аж. Төлөвлөлтийн шатаа дөнгөж дуусгаад, өнгөрсөн 7 хоногт үйлдвэрийн шав тавьсан, одоогоор тус компанид 30 орчим ажилтан бий. БНЭУ-аас 30 гаруй мэргэжилтнүүд ирнэ гэв. Урьдчилсан тооцоогоор барилга угсралтын ажлын үед буюу 2021 онд 1000, 2022 онд 5000, 2023 онд 8000, 2024 онд 7000 орчим (давхардсан тоогоор) инженер, техникийн болон туслах ажилчид ажиллах юм байна. Бүтээн байгуулалтын явцад боловсон хүчнийг бэлтгэх, цаашид монголын инженер, мэргэжилтнүүдийг ажиллуулах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг М.Оюунчимэг гишүүн хэлж байв.

БНЭУ-ын Засгийн газраас авсан хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр байгааг Л.Энх-Амгалан гишүүн тодруулаад, цогц бүтээн байгуулалтын нийт зардлын талаар тодруулсан. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр зөвхөн үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх бол үйлдвэрийн гаднах дэд бүтэц, “Газрын тосны үйлдвэрийн хотхон"-ы бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хэрзгжүүлэгч компанийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авса 150 сая ам.долларын зээлээр санхүүжиж байгаа юм байна. Түүнчлэн түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад 350-500 сая ам.доллар зарцуулахаар, нийтдээ 2 тэрбум орчим ам.долларын санхүүжилт шаардагдана гэдгийг ажлын хэсэг хариуллаа.

Түүхий эдийн хангамжийн талаарх Л.Энх-Амгалан гишүүний асуултад хариулахдаа, өөрийн орны түүхий эдийн нөөцөд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулж буй манай улсын хувьд тус үйлдвэрийг түүхий тосоор тасралтгүй, найдвартай хангах нь асуудал тулгамдаж байгааг тайлбарласан. Үйлдвэрийн хүчин чадлыг 2012 онд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн “Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан түүхий тосны олборлолтын төлөвлөгөөнд суурилан 1.5 сая тонн байхаар тогтоожээ. Гэтэл газрын тосны Тосон-Уул, Тамсагийн ордуудад үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь бүс нутгийн эрчим хүчний хангамжийн дутагдал, ус, ажиллах хүч, орон нутгийн эсэргүүцэл зэргээс хамаарч олборлолтын хэмжээг бууруулж байгаа гэлээ. Үүн дээр салбарын яамнаас зохих арга хэмжээг авч, холбогдох яриа хэлцлүүдийг хийж шийдвэрлэхээр ажиллаж байгаа ч цаашдаа үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх үүднээс өөрийн гэсэн түшиц газар буюу газрын тосны ордтой болох эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг хэлж байв. Үүнтэй холбоотой санал, эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгаад байгаагаа хэлж байсан.

Үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид борлуулах үнэ нь 1 литр Аи-95 бензин 1445 төгрөг, дизель 1372 төгрөг, харин онгоцны түлш 1488 төгрөг байх тооцоолол гаргасан тухайгаа Д.Алтанцэцэг захирал хариулллаа. Хөрөнгө оруулалтын нийт зардлаа 9 жилд нөхөх тооцооллын талаар мөн дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Газрын тосны ирээдүйн хэрэглээний талаарх төсөөллийг О.Цогтгэрэл гишүүн тодруулсан. Эрчим хүчний олон эх үүсвэрийн талаар улс орнууд судалгаа хийж байгаа ч өнөөдөр бол нефтийн эрин үед амьдарч байгаа гэдгийг Д.Алтанцэцэг захирал тэмдэглээд “Төслийг нефть-химийн шинэ салбарыг бий болгох хэмээн өргөн хүрээгээр харах нь оновчтой бөгөөд ийм төрлийн үйлдвэрүүд одоо барьж эхэлж байгаа улс орнууд ч бий” гэлээ. Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлж, үг хэлсэн.

Хуралдааны төгсгөлд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 41 нь дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.