О.Батнайрамдал: Уул уурхайгаас олсон орлогоо зарцуулахад биш, арвижуулахад анхаарах цаг болсон

Aдмин / Эдийн засаг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Манай улсын төсөв уул уурхайгаас нэлээд хамааралтай байдаг. Хоёр хөрш хилээ хаачихлаа. Уул уурхайн салбарын одоогийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Уул уурхайн салбар Монгол Улсын тэргүүлэх салбарууд дундаас хамгийн өрсөлдөх чадвар сайтай салбар. Манай салбарын бүтээгдэхүүн шууд гадаадын зах зээлд өрсөлддөг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний, төсвийн орлогын 30 хувийг дангаараа уул уурхайн салбар бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний төсөвт тодотголоор орсон гүйцэтгэлийг харьцуулахаад үзэхээр зэсийн баяжмал, төмөр, алт, цайр, хайлуур жоншны хувьд энэ онд экспортлохоор төлөвлөсөн хэмжээндээ оны төгсгөлд хүрчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Нэг ёсондоо гүйцэтгэл 87-107 хувьтай байна. Харин нүүрсний хувьд гүйцэтгэлийн хувьд хамгийн тааруу дүнтэй байна. Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 52.3 хувьтай буюу 13.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Ковидын нөхцөл байдал иргэдэд уул уурхайн салбарын ач холбогдлыг илүү ойлуулсан болов уу гэж боддог. Өмнө нь иргэд төсөв хаанаас, юунаас бүрддэг, манай эдийн засагт юу чухал талаар нэг их анзаардаггүй байсан. Цар тахлын хүнд хэцүү цагт уул уурхайн салбарынхан цалин хөлс, цахилгаан, дулааны үнийг тэглэхэд чухал нөлөө үзүүлээд зогсохгүй сайжруулсан түлшийг 75 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд нийлүүлж байна. Нэг ёсондоо уул уурхайн салбарын үр өгөөж айл бүрийн гэрт дулаан, цахилгаан болж хүрч байгаа нь энэ хүнд үед уул уурхайн салбар үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

-Манай улс гадагшаа худалдан борлуулж болох юу л байна өөрсдийн нөөц бололцооны хэрээр борлуулж, мөнгө олохыг зорьж байна. Бид уул уурхай, хөдөө аж ахуйн хичнээн их бараа бүтээгдэхүүн олборлоод, үйлдвэрлээд ч гадагшаа гаргах боломжоо нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ үед яах ёстой вэ?

-Саяхан Дэлхийн банкны санхүүжилтээр Монголын Эрдэс баялаг, уул уурхайн салбарыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна, дэлхий даяар явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт манай салбарт хэрхэн нөлөөлөх талаар цогц судалгаа хийлгэсэн. Уг судалгаагаар гарсан үзүүлэлтийг сайжруулахын тулд Хөгжлийн сан байгуулах зайлшгүй хэрэгцээ байгаа нь улам тодорхой болсон. Тухайлбал, дэд бүтэц, ус, түлш, боомтын асуудалд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийх механизм нь бүрдэх юм.

Энэ асуудал зөвхөн уул уурхайн салбарын асуудал огтоос биш бөгөөд Монгол Улсын эдийн засгийг бооомилж, чөдөр тушаа, хязгаарлалт тогтоож байгаа асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх бодлого, Хөгжлийн сан байгуулах хуулийн төсөл ч Монгол Улсын эдийн засаг хөгжихөд чөдөр, саад болж байгаа хүчин зүйлүүдийн эрх зүйн орчныг нь өөрчилж шийдвэрлэх ёстой. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барих шаардлага нь цаг хугацааны хувьд урган гарч ирчихээд байна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьж батлуулснаар үр өгөөжөө өгөх эсэх нь цаг хугацааны асуудал юм байна. Тэгвэл яг одоо манай улсад үүсээд байгаа нөхцөл байдалд та ямар байр суурьтай байна вэ. БНХАУ зөвхөн чингэлэгээр тээвэр хийх тухайгаа мэдэгдчихлээ. Үүнд бид бэлэн үү?

-Манай улсын нүүрсний экспортын 95 хувь нь Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор дамждаг. БНХАУ-ын талаас тавьсан зөвхөн чингэлгээр тээвэр хийх шаардлагын тухайд байгаль орчинд ээлтэй, хоргодол бага байдаг учраас стандартын дагуу ийм шаардлага тавьсан. Манай улс одоог хүртэл задгай тээвэр хийж ирсэн. Цаашид харин чингэлэгт тээвэрт шилжих бодлого баримталж байгаа.

Тиймээс саяхан Гашуунсухайт боомтод чингэлэгт тээврийн терминал барьсан. Энэхүү терменал нь цар тахлын нөхцөлд хүн хоорондын харилцаа бага учраас богино хугацаанд, их хэмжээний тээвэр хийх боломж олгох юм.

-Чингэлэгт тээврийн терминал хэзээ ашиглалтад орох юм бол?

-Чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг манай яам санаачлаад ажил хэрэг болгосон. 2021 оны долдугаар сард Гашуунсухайт, Таван толгой орд дээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд болох Эрднэс Таван толгой, Энержи Ресурс болон Жижиг Таван толгой компаниуд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтдаа ярилцаад өөрсдийн хөрөнгөөр Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтыг үндсэндээ хоёр сарын дотор дуусгасан. Уг терминалын хүчин чадлын хувьд жилд задгай тээврээс гадна паралелиар 8-19 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай. Хоёр талын хилийн боомт тохиролцоонд хүрчихвэл ашиглалтад ороход бэлэн болчихсон байгаа. Мөн Шивээхүрэн боомтод өөр нэг Чингэлэгт тээврийн терминалын бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна. Тэнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уг бүтээн байгуулалтыг явуулж байна. Ажлын явц 60-65 хувьтай үргэлжилж байна. Дараа жил гэхэд бүрэн ашиглалтад орчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ хоёр Чингэлэгт тээврийн терминал хоёулаа ашиглалтад орчихвол нүүрсээ үндсэн хоёр том боомтоор дамжуулан задгайгаар тээвэрлэхээс гадна чингэлэгт тээврээр явуулах боломжтой болно. Нөгөө талаас Гашуунсухайтын чингэлэгт тээвэр ашиглалтад орсноор Эрдэнэс Таван толгойн нүүрсийг амнаас нь биш хил нөхцөлөөр зарах боломжтой болно.

Тухайлбал, Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хувьд хил нөхцөлөөр нүүрсэн дээр тендер зарлаад гэрээ хийснээр үнийн хувьд хамаагүй дээрдсэн үнэлгээ орж ирж байгаа. Чингэлэгт тээврийн терминалаар тонн нүүрс 204 ам.доллараар зарагдахаар гэрээ хийгдсэн.

-Энэ жил уул уурхайн салбараас хичнээн төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон бэ. Одоогийн байдлаар гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?

-Уул уурхайн салбарын нийт орлого бүрдүүлэлтийн хувьд одоогийн байдлаар төлөвлөсөн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байгаа. Учир нь зарим төрлийн байгалийн баялаг тухайлбал, зэсийн хувьд төлөвлөснөөр өндөр үнэтэй борлуулагдсан. Эхний арван сарын байдлаар төсөвт төвлөрүүлэх орлогын тухайд уул уурхай, эрдэс баялгийн салбар 3.7 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 30 хувийг бүрдүүлээд байгаа нь төлөвлөгөөнд тусгасан орлогоо давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна.

-Ирэх оны төсөвт уул уурхайн салбар хэдэн төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон бэ. Тухайлбал, 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлсөн нь хэт өөдрөг төсөөлөл, үүнийг биелүүлэх боломжгүй гэж үзэх иргэд ч байна?

-Ирэх жилийн тухайд 36.7 сая тонн нүүрс экспортпохоор тусгасан нь хэт өөдрөг төсөөлөл мэт харагдаж байгаа боловч ийм хэмжээний нүүрс экспортлох боломж хангалттай бий. Ирэх 2022 оны тухайд бид Чингэлэгт тээврийн хоёр терминал ашиглалтад оруулчих учраас цар тахал гарахаас өмнөх жил буюу 2019 онд экспортолсон 37 сая тонны хэмжээнд хүргэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, чингэлэгт тээвэр хийдэггүй, задгай тээвэр хийж байх үедээ 37 сая тонн нүүрс экспортолж чадсан юм чинь одоо задгай тээврээр хийж байгаа нүүрсний экспорт дээр нэмээд 20-30 сая тонн нүүрс гаргах боломжтой болох учраас 36.7 сая тонн нүүрс ирэх онд гаргах боломжтой гэж бодож байна.

-Чингэлэгт тээвэр гэхээр битүү саваар нүүрсээ тээвэрлэх юм байна гэж ойлголоо. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Бидэнд хэр хэмжээний чингэлэг бэлэн байна вэ. Бэлтгэл байдлаа бүрэн хангачихсан уу?

-Ачаатай чингэлгээ гаргаад эргүүлээд хоосон чингэлгээ авчихна. Чингэлэг байнга эргэлдэх учраас асуудал гэж бодохгүй байна. Бидэнд хангалттай чингэлэг бий.

-ОХУ-ын Росснефть компанид давуу байдал олгохын тулд хуулинд өөрчлөлт оруулах гэж байна гэсэн шүүмжлэл байна. Энэ ямар учиртай юм бол?

-ОХУ-ын Росснефть компанийн охин компани болох Росснефть Аэриотой Төрийн өмчит Эрчис Ойл компани хамтарч, хамтарсан компанийн зарчмаар Шинэ нисэх онгоцны буудалд онгоцны түлш нийлүүлэх тал дээр хамтарч ажиллахаар тохирсон. Үүний хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь онгоцны түлшин дээр Росснефтьтэй төрийн өмчит компани хамтран ажиллах бололцоог нь нээхийн тулд юм. Учир нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т Монгол Улсад газрын тос импортолж байгаа гадаадын аж ахуйн нэгж зах зээлийн 30-аас илүү хувийг эзэмшдэг бол дотоодод жижиглэнгээр зарахыг хориглосон заалт бий. Тиймээс зөвхөн онгоцны түлшийг уг заалтаас гаргаж өгч, онгоцны түлш дээр хамтарсан компани байгуулах боломжийг нээж өгч байна гэсэн үг. Одоогийн байдлаар Монголд хийж байгаа нэг тонн онгоцны түлшний сумалгаа Монголоос нислэг үйлдэж байгаа улс орнуудтай харьцуулахад тонн тутамдаа 180-250 доллараар илүү байдаг. Росснефть Аэриотой Төрийн өмчит Эрчис Ойл компани хамтарсан компани байгуулж, онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлж, дээрх үнийн зөрүүг арилгах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үнээр шатахуунаа авч үүний үр дүнд агаарын тээврийн либералчлал, онгоцны тийзийн үнийг цаашид үе шаттайгаар бууруулах тал дээр хийгдэж байгаа томоохон алхам гэж ойлгож болно.

-Салбарынхаа цаашдын шинэчлэл, хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх талаар бид үргэлж ярьдаг. Эдийн засгаа төрлжүүлэх үндсэн процесс уул уурхайн салбарт цаашид явагдах ёстой. Манай салбар дараагийн түвшнийхээ хөгжилд хүрч байж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын эдийн засаг илүү тэлэх, бусад салбарынхаа өрсөлдөх чадварыг сайжруулахуйц хөрөнгө оруулалтууд хийх боломж бүрдэх юм. Уул уурхайн салбарын хувьд сүүлийн 30 жил хайгуул, олборлолтод төвлөрч байсан. Энэ утгаараа Оюу толой, Эрдэнэс Таван толгой, Энержи ресурс зэрэг томоохон ордуудыг нээн илрүүлж, ашиглалтад орууллаа. Тэгвэл одоо дараагийн 30 жилд илүү их нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулалтын чиглэл рүү анхаарах ёстой. Энэ салбар стратегийн томоохон ач холбогдолтой хөрөнгө оруулалтуудыг шаарддаг. Тиймээс дэд бүтцийг сайжруулах, усны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Нөгөө талаас уул уурхайн төрийн өмчит эзэмшлүүдийг зөв менежмэнт рүү оруулахын тулд бид Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барихад бэлэн болоод байна. Уг хууль 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдаж байгаагаас гадна, эдийн засгийн одоогийн нөхцөл байдалтай уялдаж зайлшгүй хийгдэх ёстой томоохон реформын нэг болоод байна.

-Яагаад заавал Үндэсний баялгийн сан байгуулах ёстой гэж үзэж байна?

-Үндэсний баялгийн сан, тэр дундаа Хөгжлийн сан байгуулагдсанаар томоохон мега төслүүдийг хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа тэлэх боломжтой болно. Тиймээс санхүүжилтийн механизмыг ойлгомжтой болгох ёстой. Ийм механизм одоо манайд бүрэлдээгүйгээс үүдэн Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой- Зүүнбаян, Таван толгой цахилгаан станц зэрэг тэрбум ам.доллар давсан хөрөнгө оруулалт шаардсан томоохон төсөлүүдийг зөвхөн Эрдэнэс Таван толгой гэдэг ч юмуу нэг компанидаа хэтэрхий ачаалал өгч, нэг удаагийн шийдэл байдлаар ажиллаж байна. Засгийн газрын нэг удаагийн тогтоолоор том том шийдлүүд гарах гээд байдаг. Энэ тогтолцоо нь эргээд урт хугацааны хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтэйгөө уялдаж байгаа эсэх, салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн хангаж байна вэ зэрэг олон асуулт, асуултын тэмдэг болон үлдчихээд байна. Тиймээс зөв голдиролд оруулахын тулд олон улсад хэрэгждэг Үндэсний баялгийн сангийн зарчмаар Хөгжлийн санг байгуулах ёстой. Энэ нь томоохон мега төслүүдийг цаашид санхүүжүүлэх механизм нь болно гэж харж байгаа.

-Манай улсад олон төрлийн сан байсан. Одоо ч байгаа. Үнэндээ элдэв сангуудын үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл тааруу байна. Бусад сангаас Хөгжлийн сан менежмэнтийн хувьд юугаараа онцлог байх вэ?

-Сан гэхээр төсвөөс мөнгө авдаг Засгийн газрын тусгай сан гэж ойлгох иргэд олон байна. Өнөөгийн нөхцөл байдалд санг энэ өнцгөөс харах нь өрөөсгөл. Гадаадын онуудад сангийн талаарх ойлголт өөр байдаг. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд оруулж ирж байгаа Хөгжлийн сан бол төсвөөс мөнгө авах сан биш. Бэлэн мөнгө тараах сан ч биш. Ерөөсөө төрийн өмчит компаниудыг дэлхийн Үндэсний баялгийн сангийн зарчмаар явуулдаг эрх зүйн зохицуулалт бүтцийг уг хуулиар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийг хэрхэн зөв менежмэнтээр удирдах зохицуулалтыг оруулж ирсэн гэсэн үг. Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуулиар орж ирэх Хөгжлийн санг ЖДҮДС, ТЭДС-тай адилтгаж ойлгож болохгүй. Энэ бол өглөө, орой шиг ялгаатай ойлголт.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан гэсэн хоёр баялгийн сантай байхаар тусгасан юм билээ. Гэтэл Ирээдүйн өв санд төвлөрсөн мөнгийг 2030 он хүртэл зарцуулах ёсгүй байтал эрх барьж байгаа намын олонхын шийдвэрээр ирэх онд зарцуулахаар болчихлоо. Тэгэхээр Хөгжлийн санд төвлөрсөн мөнгийг мөн төрийн эрх барьж байгаа нам эвсэл олонхын хүчээр зорилгоос нь гажуудуулбал яах вэ?

-Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шүү дээ. Бүрэн эрхийн хүрээнд юунд хөрөнгө оруулж болох, юунд болохгүй вэ гэдэг бүх зохицуулалтыг хуульдаа тусгаж өгнө. Харин хууль батлагдаад хэрэгжих явцад аль нэг эрх баригч нам хуулийг өөрчлөх эсэхийг би одоо хэлж мэдэхгүй. Ер нь бол бид олон улсын зарчим руу явах цаг болсон. Эрдэнэс Монгол Баялгийн сан гэж байгуулж байсан. Хууль эрх зүйн зохицуулалтгүй учраас ямар байдалд хүрдэг вэ гэдгийг харлаа. Эрдэнэс Монгол өнөөдөр ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд байна. Энэ байдлыг одоо шинэчлэх цаг мөн. Шинэчилж байж л бид уул уурхай төрийн өмчит компаниудыг зөв удирдлага, менежмэнтээр хангана. Цар тахлын нөхцөл байдал ч биднийг өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэдгийг хангалттай харууллаа.Тиймээс зөв голдирол, менежмэнт рүү оруулъя. Сайн засаглалаар ажиллах эрх зүйн зохицуулалтыг гаргаж ирэх ёстой. Үүний үр дүнд уул уурхайн салбар илүү хүчирхэгжиж, олон улсад өрсөлдөх чадвартай болж, илүү орлого төвлөрүүлнэ. Бид уул уурхайгаас олсон орлогоо зарцуулахад хэт анхаарч байна. Одоо арвижуулахад анхаарах цаг болсон. Тиймээс арвижуулах эрх зүйн зохицуулалтаа бүрдүүлэх ёстой.

-Танай салбартай шууд холбоогүй ч байж болно. Та калмар гэж чухам юу болох талаар мэдэх үү?

-Калмар гэж юу болох талаар мэднэ л дээ. Тухайлбал, Гашуунсухайт боомт дээр таван ширхэг калмар бий. Калмар гэдэг чинь чингэлгийг өргөж, ачиж буулгадаг төхөөрөмж шүү дээ. Нэг ёсондоо кран шиг гээд хэлчихвэл ойрхон тусах болов уу. Чингэлгийг калмараар өргөөд төмөр зам, тээврийн хэрэгсэл дээр ачиж буулгадаг юм.

-Та дуулсан бол Замын-Үүдийн хилийн боомт дээр калмар хоёр ширхэг байдаг. Түүний нэг нь эвдэрчихсэн учраас ачаа тээшийг зөөвөрлөх ажил удааширсан юм билээ?

-Замын-Үүдэд ийм асуудал үүссэн эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Үүссэн байлаа ч шийдвэрлэх эрх бүхий яам нь манай яам биш шүү дээ. Калмарын хувьд өртөг өндөртэй. Ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. Бид чингэлэг тээврийн терминал байгуулахад зайлшгүй калмар хэрэг болсон учраас таван калмар авсан. Эдгээрийн тусламжтайгаар жилд найман сая тонн нүүрс чингэлэт тээврээр тээвэрлэх боломж бүрдэнэ. Калмарын тоог нэмэгдүүлснээр жилд 19 сая тонн хүртэл экспортлох боломжтой. Калмарын хүчин чадлаас чингэлэгт тээврийн хүчин чадал шууд хамаардаг. Тиймээс үнэхээр Замын-Үүдэд калмарын асуудал тулгамдсан бол холбогдох албан тушаалтнууд шуурхай арга хэмжээ авах тал дээр анхаарч ажиллавал шийдэж болох асуудал байх.

П.БАТЗАЯА


Сэтгэгдэл

Zochin [192.82.76.148] 2021-12-06 12:55:32

Mundag zaluu. Amjilt!!!

ЗОЧИН [202.55.191.194] 2021-12-03 04:02:23

САЙН АЖИЛЛААРАЙ

Зочин [103.9.90.130] 2021-12-03 00:03:56

iim zuv duugardag hun garch irehgui bailaa mash zuv usdug bayalag buyu mal aj ahui ayalal juulchlalruu hiih ni zuv

Иргэн [192.82.88.159] 2021-12-02 15:04:42

Та нар шиг залуучууд зориг гаргахгүй бол хулгай хийхээс өөр ажилгүй наад хөгшин хулгайчууд чинь улс орноо сүйтгээд дууслаа. Та нарыг нам гэдэг хар хайрцагтаа хийгээд чимээгүй болгочоод байдаг нь маш хэцүү байна.Болж өгвөл тэр нам гэдэг өмхий хайрцагт битгий орж үзээрэй.

Зочин [202.9.47.11] 2021-12-02 12:13:01

Оюутолгойн ордын жинхэнэ эзэд нь монголчууд бид шүү дээ. Гэтэл тэнэг монголчууд оюутолгойн ордоо зуун хувь эзэмшиж хүртэж чадахгүй хэдхэн луйварчдад эзэмшүүлчихээд өөрсдөө яс горьдсон нохой шиг байгаад байх юм. Яасан заяа нь хаясан тэнэг ард түмэн бэ?

Иргэн [213.127.86.229] 2021-12-02 11:48:27

О.Батнайрамдал их оюунлаг бас зоригтой, гол нь эх орныхоо төлөө сэтгэлтэй хүн.

Зочин [202.126.88.34] 2021-12-02 10:40:30

Энэ яагаад хэвлэлээс салахаа болиоов. Англи хэлээ заагаад подкастаа хийгээд 20-иод насны мотивэшнэл үгсээ цээжлээд явж байхад л чамд бол хангалттай. Төрийн бодлогод жулдана, туршлага ч муу

Иргэн [192.82.88.159] 2021-12-02 15:11:39

Энэ залуу ямар нэг олигархын хүүхэд биш хөдөө нутагт насаараа ажилласан жирийн эмчийн хүүхэд.Эх орноо гэх сэтгэл бат суусан байх гэж бодож байна.Ийм залуусыг дэмжих хэрэгтэй.Ирэх сонгуулиар их хуралд ороосой гэж боддог.Хөрөнгө мөнгө биш хүнийг нь харах хэрэгтэй.

Зочин [59.153.113.230] 2021-12-02 09:59:21

Баялгийн сан болон Төрийн өмчит компаниудын менежмэнт хийдэг компани 2 шал өөр зүйл л дээ. Энэ хүнд сайн ойлголт алга. Нэг нь Баялгийн сан нөгөө нь Темасек шиг компани

Зочин [103.50.206.95] 2021-12-02 07:45:16

goon jshaaj useeg gelidsen, hor ni garaagui zaluuhan hulgaich nar hudlaa tom tom bult usreh ni dendej bna daa

Зочин [202.131.238.114] 2021-12-02 06:20:12

agaariin agaariin yum yarisan kranduulsan bachka. shal hudlaa dur esgesen erguu ats

зочин [192.82.78.243] 2021-12-02 05:28:26

Цөлжилтийг уул уурхай хийдэг Гүний ус ашигласанаас говьд ургамал ургахаа больсон

Zochin [103.26.195.12] 2021-12-02 04:17:15

Mal um bilee.gadaad surguuliin ner zuuj yavaa.erdem nomiig ni suraagui

зочин [64.119.19.114] 2021-12-02 03:04:28

Ойрдоо энэ нэг нөхөр үргэлж л поп юм яриад л энд тэнд үзэгдээд байх юм. Сайд болох горьдлоготой юм байх даа

Зочин [202.179.26.254] 2021-12-02 02:51:26

sain bolovsroltoi zaluu gej sonsson. sursan medsenee hergjuuleh n zuvuu. zaluusaa demjij baina . amjilt husie

Зочин [66.181.189.111] 2021-12-02 01:34:41

Худлаа битгий хуц юугаа ч мэдэхгүй мал минь


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.