Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог дахин байгууллаа
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн утааны асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Нийслэлд агаарын бохирдол үүсгэж байгаа хэд хэдэн хүчин зүйл байгаа. Нийт агаарын бохирдлын 56 орчим хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа. 29 орчим хувь нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслээс гарч байгаа. Үлдсэн 16 хувь нь уурын зуухнаас ялгарч байгаа химийн хортой бодис гэдгийг олон улсын судалгаанд дурдсан байна. Цаашид агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг хэрхэн буулгах талаар урт болон дунд хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас байгууллаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчны сайд С.Одонтуяа ахална. Миний бие нарийн бичгийн даргаар ажиллах шийдвэр гарсан.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хамгийн их үүсгэж байгаа гэр хороололд 198 мянган ширхэг яндан байна гэх тооллогыг 2024 оны долоодугаар сард нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллагууд хийсэн. Эдгээр яндангууд жилд 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байна.
Түүнчлэн сайжруулсан түлшний шилжилтийн дараагийн төлөвлөгөөг гаргасан. Эхний ээлжид яндангүй бүсийг зарлана. Энэ бүсэд 20 мянган айл байх бөгөөд, LPG буюу газаар халаалтаа шийдэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг энэ сар шинийн баяраас өмнө байгуулахаар ажиллаж байна. Жил хэртэй ажилласан. Зураг төсөл, ТЭЗҮ бэлэн болсон. Барилгын ажил ирэх гуравдугаар сард эхэлж, 2025 оны 10 дугаар сар гэхэд 20 мянган айлыг LPG хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ, тухайн айл өрхийн дотоод тоноглолыг хийх ёстой. Дотоод тоноглолын хөрөнгийн хотоос гаргах хэрэгтэй гэдэг байр суурийг айлын тал хэлж байгаа. Дахиад нефтийн дайвар бүтээгдэхүүн болох газын үйлдвэр байгуулна. Ингээд 80 мянган айлыг уг шугам сүлжээнд холбох боломжтой дундын станцыг байгуулахаар гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. LPG хэрэглээнд шилжихэд хамгийн гол хүндрэлтэй асуудал нь хэрэглэгчийн төлөх төлбөр. Энэ дэлхийн ихэнх улс орны хувьд хүндрэл үүсгэж байгаа. Аль нэг улсаас хараат болох, тэсэрч, дэлбэрэх эрсдэл бүхий систем угсрах, хэрэглэгч дааж давшгүй өр, төлбөрт унахаас урьдчилан сэргийлэх чухал. Шилжилт хийж болно. Гэхдээ Засгийн газар сайжруулсан түлшний үйлдвэрт өгч байгаа татааснаас буурахгүй хэмжээгээр нийслэлд улсын төсвөөс мөнгө хуваарилж өгөх ёстой. Тэр мөнгөөр бид халаалтын улирлын долоон сард хэрэглэгчдэд татаас олгох замаар хэрэглээний шилжилт хийнэ. Ингэснээр ахуйн хэрэглээнд ч олон дэвшил гарна. Айл өрхүүд халуун усны хэрэглээтэй болно. Эрчим хүчний хэрэглээ багасана. Газын шилжилт хийх тусгай зориулалтын компани байгуулсан. Тус компани ТЭЗҮ боловсруулна. Мөн ОХУ болон БНХАУ-ын энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай бүтээгдэхүүний гэрээ хийнэ. 198 мянган айлыг бүтэн шилжүүлэхэд хугацаа орох учир эхний хоёр жилд 100 мянган айлын шилжилт хийхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгч сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн хувь хэмжээг багасгах, найрлагыг өөрчлөх судалгааны ажил эхлүүлээд байгаа" гэв.
Сэтгэгдэл