БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Түүнд "Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаасаа болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух зэрэг тохиолдлууд нэлээд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамнаас паспорт, бичиг баримтаа гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас : +86 176 0078 7323, +86(10) 6532 1203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл