Нүүдэлчдийн агуу их төр

Aдмин / Боловсрол

НҮҮДЭЛЧДИЙН АГУУ ИХ ТӨР

(Нүүдэлч Левиатан)

2025.04.20

1. ОРШИЛ: Л.МӨНХ-ЭРДЭНИЙН НОМЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнийн The Nomadic Leviathan: A Critique of the Sinocentric Paradigm (Brill, 2023) хэмээх бүтээлийг уншиж үзлээ. Номын нэрийг махчилж орчуулбал “Нүүдэлч Левиатан” болно. Миний бие хэрэв эл номыг монголоор хөрвүүлнэ гэвэл “Нүүдэлчдийн Их Төр” гэж буулгаж магадгүй. Энэ ном түүхийн шинжлэх ухааны сэдвээр туурвисан бүтээл боловч, зүгээр нэг түүхийн ном огт биш.

Өнөөгийн дэлхийд ноёлж ирсэн түүхийн шинжлэх ухааны онолын суурийг бүхэлд нь, бүр орвонгоор нь эргүүлж хаясан гэмээр агуулгатай ном юм санжээ. Номын хуудсыг сөхөж үзээд л, гайхашран татагдсаар, маш зузаан, 500 гаруй хуудастай, төвөгтэйхэн агуулгатай энэ агуу бүтээлийг ажлынхаа завсраар яаж ийгээд цаг гарган уншсаар ерөнхий ойлголт авснаар, зохиогчийг өөрийн эрхгүй хүндэтгэх, бас түүнд чин сэтгэлээсээ талархах бодол төрвэй.

Зохиогч энэ бүтээлдээ шинээр онол боловсруулж гаргаагүй боловч, дэлхийн түүхийн шинжлэх ухаанд дор хаяж сүүлийн 100 орчим жилийн туршид, магадгүй, түүнээс ч урт, өрнөдийн давамгайлал эхэлсэн цагаас хойш өдгөө хүртэл өнө удаан жил оршиж ирсэн онолын гажуудлыг залруулж, хуучин гажуудалт парадигмыг бүрмөсөн “нурааж”, зөв онол бүхий цоо шинэ парадигмыг бидний өмнө дэлгэн танилцуулжээ.

Тэр утгаараа, шинжлэх ухааны шинэ нээлт мөн. Ингэснээр, түүхийн шинжлэх ухааны нэгэн шинэ парадигм төрөн гарч ирж байна. Энэ бол өнөөгийн дэлхийд ноёлсоор буй ч, удахгүй төгсөх тавилантай өрнөдийн сэтгэлгээн доторх худлыг үнэн болгож дэглэсэн зохиомол “үнэний дэглэм”-ийг илчилсэн томоохон нээлт болжээ гэж миний бие бахархалтайгаар дүгнэн хүлээж авлаа.

Тиймээс уншигч авгай тантай тэрхүү баярлаж бахадсан сэтгэгдлээ хуваалцая хэмээн, энэ хүнд сэдэвтэй номын тухай богинохон тойм, бас шүүмж гэмээр зүйлийг бичихээр зориглон шийдэж үзгээ барьж авлаа. Эрхэм монгол хүмүн та анхааран уншина уу. Энэ ном монголчууд та бидний язгуурын түүхтэй гүнзгий холбоотой, бас алс ирээдүйгээ цогцлооход ч нэн чухал үүрэгтэй манай үндэсний үзэл, үндэсний түүхийг үнэн зөвөөр бүтээхийн эхлэл суурь болохуйц гүн гүнзгий агуулгыг багтаажээ.

Эл номыг зохиогч дэлхийн түүхийн шинжлэх ухаанд гүнзгий нэвчсэн Хятад төвт буюу Сино-төвт парадигм гэх улстөрийн үзэл сурталд автаж, хэт хэлбийсэн шинжлэх ухааны нэг гол урсгалыг бүхэлд нь задлан шинжилж, уг парадигмын суурь болсон материалист, эволюционист, соёл төвт үзлүүдийн зөрчлийг нэг бүрчлэн илчилж “бут цохисон” байна. Ингэсний үндсэн дээр тэрээр төрийн тухай “байлдан дагууллын онол”-ыг сэргээн гаргаж, “газар тариалангийн бүтээгдэхүүний илүүдэл хуримтлалаас улбаалж анх төр үүссэн” гэх хэвшмэл үзлийг үгүйсгэжээ. Мөн төр бий болоход захиргааны бюрократ дэглэм анхдагч үүрэгтэй гэдгийг ч буруу болохыг нотолсон байна.

Л.Мөнх-Эрдэнэ хэвшмэл болсон онолын хуучин дэг журмын оронд өөрийн гэсэн цоо шинэ альтернатив парадигмыг боловсруулан дэвшүүлжээ. Түүний дэвшүүлсэн парадигм төрийн үүслийг цэргийн байлдан дагуулал, харизмат удирдлага, хүчний төвлөрөл гэх ухагдахуунуудад үндэслэж тайлбарлажээ. Энэ парадигм төрийн талаарх бидний хуучин ойлголтыг газар тариаланд суурилсан хэвшмэл загварын хязгаарлалтуудаас бүрэн чөлөөлж өгч байна.

Номын нэрэнд буй “Левиатан” гэх үг нь санамсаргүй сонголт биш аж. Энэ нь Томас Хоббсын төрийн тухай сонгодог ойлголт, хүчний төвлөрөл, захиргааны дангаар ноёрхол, нийгмийн дээд зохион байгуулалтыг илтгэх бэлгэдэл шингээсэн үг. Яг энэ үгийн шууд утга нь “хүчирхэг амьтан, мангас” гэх маягтай. Т.Хоббсын төрийн тухай бичсэн Левиатан гэх ном бий.

Нүүдэлч Левиатан хэмээх нэр томьёогоор дамжуулан зохиогч суурин иргэншлээс төр үүссэн гэх тогтсон ойлголтыг няцааж, харин нүүдэлчид анхны төрийг үүсгэгч, хүчийг төвлөрүүлэн хуримтлуулагч, түүхийг бүтээгчид байсан гэх үндэслэлийг дэвшүүлж онолын түвшинд баталжээ.

Тиймээс, энэхүү бүтээл нь нүүдэлчдийн түүхийн тухай ном бус, харин төрийн мөн чанарын тухай цоо шинэ ойлголтыг хүн төрөлхтөнд танилцуулж, хуучны хэвшмэл ойлголтоосоо бүрмөсөн салж, огт өөрөөр сэтгэхийг санал болгосон цэвэр суурь судалгааны ажил юм.

Энэхүү өргөн далайцтай судалгаа өнөөгийн дэлхийд ноёлж буй түүхийн шинжлэх ухааны онолын суурийг орвонгоор нь өөрчлөх зорилго тавиад, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чадсан агуу үйл хэрэг болжээ.

2. МОНГОЛ ТӨР, МОНГОЛ СОЁЛ ИРГЭНШЛИЙН ТУХАЙ ӨРНӨДИЙНХНИЙ ЗОХИОСОН ДОМОГ ХИЙГЭЭД ТОЙНБИЙН ОНОЛ

XX зууны түүх, соёл судлалын томоохон онолчдын нэг Арнольд Тойнби нь A Study of History хэмээх бүтээлээрээ соёл иргэншлийн хөгжлийн мөчлөг, “сорилт ба хариу үйлдэл”-ийн онол (challenge and response) зэрэг үзэл баримтлалыг түүхийн шинжлэх ухааны онолын үндсэн парадигм болгон хөгжүүлжээ. Тойнби гуай иргэншил гэдэг нь гадаад, дотоод сорилтод хэрхэн хариу үйлдэл үзүүлж чадахаас шалтгаалан хөгжиж, эсвэл доройтож, унаж мөхөж байх динамик процесс гэж тодорхойлжээ.

Гэвч Тойнбийн тэрхүү онолын хүрээнд “нүүдэлчдийг зөвхөн төв соёл иргэншилд сорилт учруулах төдий нөлөөлөгч хүчин зүйл, харин тэд өөрсдөө бие даасан иргэншлийн эх үүсвэр биш” хэмээн “тогтоожээ”. Түүнийхээр, Ромын эзэнт гүрнийг Хүннү, Гот, Вандал зэрэг “барбарууд” устгасан ч гэлээ, тэд өөрсдөө соёл иргэншил үүсгээгүй гэнэ. Үүний адил, Монголчууд Хятадыг байлдан дагуулсан нь үнэн боловч, тэд эхнээсээ л Хятадын соёлд уусаж, төрийн “жинхэнэ бүтэц”, хэв шинж нь хятадынхаараа л байсан мэтээр тайлбарлаж ирэв.

Тийнхүү Тойнбийн онол “нүүдэлчид бол түүхийн “зочин тоглогчид”, харин суурин иргэншлүүд бол жинхэнэ түүх бүтээгчид” гэх давхаргат үзлийг дэлгэрүүлэн төлөвшүүлжээ. Тойнбийн энэ хандлага “Монголын түүхийг хүн төрөлхтний түүхийн гол урсгалаас тусгаарлах” нэгэн том хэрэм болов. Монгол төрийг “түр зуурын довтлогчид”-ын байгуулсан бүтэц мэтээр дүрсэлж, байнгын, системтэй төр улс байгаагүй, “хоосон дайны хөөрөл” байсан мэт ойлголтыг түгээн дэлгэрүүлэхэд Тойнби том хувь нэмэр оруулжээ.

Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхнээ хамгийн том, хамгийн нарийн чанд зохион байгуулалттай, хамгийн үр нөлөөтэй төрийн нэг байсан атлаа Тойнбийн онолын хүрээнд ердөө нэг “сэрэлт өгсөн сүүдэр” төдийхнөөр дүрслэгдэж, улмаар түүхэн утга учраасаа алслагдан салж оджээ.

Өрнөдийн түүх бичлэгт үүссэн энэхүү “нүүдэлчид = довтлогч”, “суурин иргэншил = жинхэнэ төр” гэх хоёр туйлт сэтгэлгээ нь Монголын төрийг бодитойгоор биш, харин соёлын туйлшрал, төвлөрсөн иргэншлийн хандлагаар тайлбарлахад хүргэв. Энэ нь зөвхөн түүхэн үнэнтэй зөрчилдөхөөс гадна, Монгол төрийн тухай ойлголтыг зориудаар бүдгэрүүлж, түүхийг баллуурдсан үзэгдэл байжээ.

Гэхдээ эрхэм Тойнби монголчуудын эрч хүчтэй, дайчин чанарыг сайнаар үнэлж, хүндэтгэн үзэж байсныг эрхбиш бас дурдах нь зүйтэй. Гагцхүү тэрээр монголчууд төр байгуулах чадваргүй, боломжгүй, төргүй шахуу байсан гэсэн нь онолын хувьд хор хөнөөлтэй дүгнэлт байв. Монголчууд зөвхөн суурин соёл иргэншлийг сэрээгч, тэдний хөгжлийг хурдасгагчийн үүрэгтэй байсан гэж тэр эрхэм бичиж үлдээжээ. Хэдий тийм ч, Тойнби гуайн иргэншлийн “сорилт-хариу үйлдэл”, мандал буурлын давталт гэх мэт динамик онолыг өнөөдөр ч гэсэн судлаачид өндрөөр үнэлсээр байна.

3. ЛАТТИМОРЫН ТАРЬСАН ЛАЙ: СИНОТӨВТ ПАРАДИГМ БА ТҮҮНИЙ УЛС ТӨРИЙН УГ СУРВАЛЖ

Синотөвт парадигмын гол төлөөлөгчдийн дотроос Овэн Латтимор хэмээгч нь хамгийн нөлөө бүхий, бас нэлээн маргаан дагуулсан байр суурь бүхий этгээд байв. Түүний Inner Asian Frontiers of China (1940) хэмээх бүтээл нь Монгол, Манж, Шинжаан, Төвд зэрэг бүс нутгийн угсаатнуудыг өөрийн тусгаар соёл иргэншилгүй, төрийн түүх гэх юмгүй, харин Хятадын зах хязгаарт, иргэншлийн зааг болон оршин суугчид гэх үзлийг “баталгаажуулсан” гол суурь судалгаа болжээ. Ийнхүү “Дотоод Ази”-г “захчдын нутаг орон” хэмээн тодорхойлсон нь Синотөвт парадигмын түүх бичлэгт хэдэн арваны турш ноёрхох логик бүтэц болон үлдсэн юм.

Латтиморын үзсэнээр, хятадын соёл иргэншлийн аугаа чанар нь өөрийн эргэн тойрны нүүдэлчдийг шингээн уусгаж, соёлжуулж, өөрийн болгох чадварт орших ажээ.

Хэдийгээр Монгол, Манж зэрэг нүүдэлчид Хятадыг байлдан дагуулж, хэдэн зуун дамнан захирч байсан ч гэлээ, тэдгээр нь шинэ төр үүсгэсэн хэрэг биш, харин зүгээр л хятадын соёлд уусаж, улмаар хятадын уламжлалын нэг хэсэг болон хувирчээ гэх маягаар тайлбарласаар өдгөө хүрч ирэв.

Энэ онолоор тал нутаг бол бие даасан иргэншлийн эх сурвалж бус, харин экологийн хашигдмал бүс, түүний оршин суугчид нь улс төрийн хувьд тогтворгүй, түүхэнд хариу үйлдэгч этгээдүүд л байсан гэх ажээ. Ийм хандлага зөвхөн суурин, газар тариалангийн нийгэм л “жинхэнэ төр”-ийг үүсгэх чадвартай гэх шугаман ойлголтыг улам бүр бататгаж байв.

Харин Л.Мөнх-Эрдэнэ Нүүдэлч Левиатан номдоо Латтиморын тэрхүү парадигмийг нь цэвэр эрдэм шинжилгээний ажлын үр дүн бус, харин тухайн цаг үеийн геополитикийн ашиг сонирхолтой гүнзгий холбогдсон ажиллагаа болохыг шинжлэн илрүүлж, хөврүүлэн тайлжээ. Өнгөрсөн зууны эхнээс 1940-өөд онд Латтимор нь АНУ-ын “Нээлттэй хаалганы бодлого” нэртэй стратегийг идэвхтэй дэмжигч байжээ. Тэрхүү стратегийн гол зорилго нь хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хангах явдал байв.

Тэр өнцгөөс авч үзвэл, Дотоод Ази бол түүхийн хувьд ч, иргэншлийн хувьд ч хятадын бүрэлдэхүүн хэсэг байсан гэх үзлийг баталгаажуулах нь цаанаа улс төрийн зорилготой байжээ. Тиймээс, Латтиморын хийсэн түүхийн тайлбарууд нь өнгөн дээрээ академик шинжтэй мэт боловч, үнэн хэрэгтээ “оюуны манипуляци” байсан хэрэг юм.

Латтиморын үзэл санаа зөвхөн түүний өөрийн бүтээлээр хязгаарлагдсангүй. Түүний экологийн детерминист шинжтэй нүүдэлчдийн улс төрийн чадамжийг байгаль цаг ууртай холбож шууд гаргалгаа хийсэн үзэл санааг Дерк Бодде, Карл Виттфогель, Анатолий Хазанов зэрэг судлаачид цааш үргэлжлүүлжээ. Эдгээр онолчид өөр өөр салбарын эрдэмтэд байсан ч, тэд Латтиморын нэгэн адил нүүдэлчид бол төвлөрсөн, тогтвортой төр үүсгэх бүтэцгүй гэж үзэж, энэ чадамжийг зөвхөн хятад зэрэг суурин нийгмүүдээс “түр зээлдсэн” гэж тайлбарлаж байв.

Тийнхүү, Латтиморын онол нь Дотоод Азийн түүхийн тухай ойлголтыг хэдэн арван жилээр гажуудуулж, түүх судлалын талбарт нэг ерөнхий хүрээг бий болгожээ. Ялангуяа, түүний дэвшүүлсэн “уусгагч эзэнт гүрэн” (absorptive empire) гэх ойлголт нь хятадын түүхийг зөвхөн улстөрийн биш, харин соёл иргэншлийн төв болгож үзэх хандлагыг тогтоож өгчээ.

Харин, Нүүдэлч Левиатан номдоо Л.Мөнх-Эрдэнэ энэ бүх хандлагад логик задлан шинжилгээний хурц гэрлийг тусган шүүмжилжээ. Латтиморын боловсруулсан онолын хүрээ нь төвийг сахих зарчмыг ч хэрэгссэнгүй, түүхэн үнэнийг ч өгүүлж эс чаджээ.

Түүний хийсэн нь, нүүдэлчдийн бүтээн байгуулж ирсэн улстөрийн агуу их үйл хэргийг, нэг бол, хятад маягийн хандлага байсан гэх буюу, эсвэл ердөө түр зуурын үзэгдэл төдий түүхийн сүүдэр байсан юм гэх маягаар асуудлыг тэрүүхэнд нь нэг мөр цэгцлээд хаячих гэсэн хялбархан санаархал байжээ гэлтэй. Нүүдэлчдийг түүхийн дуулгавартай боолууд байсан мэтээр дүрсэлсэн түүний энэ лай ланчиг хэдэн арван дамнан бараг зуугаад жил оршиж ирлээ.

Тэгвэл Л.Мөнх-Эрдэнийн энэ далайцтай ажлын үр дүнд, Латтиморын онолын тэрхүү үзэл сурталжсан сэдэл илчлэгдсэнээр, Дотоод Азийн улстөрийн түүхийг бүхлээр нь дахин үнэлж үзэх, нүүдэлчид өөрсдөө төрийг байгуулагч, түүхийг бүтээгчид байж ирсэн гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх цоо шинэ сэтгэлгээний үүд ийнхүү дэлгэгдэн нээгдэж байна. Талын нүүдэлчдийн төр өөрийн гэсэн уламжлалт өвөрмөц шинжтэй, шинэчлэгч төлөвтэй, нарийн зохион байгуулалттай институц байж ирснийг тэрээр онолын хувьд баталж чаджээ.

Овэн Латтимор гуай өөрөө бол, мэдээж, нааш цааш хэлбийлгүй, төвийг сахих зарчмаар онол бүтээлээ туурвисан гэж үзэж, ярьж бичиж байсан нь тодорхой. Магадгүй, тэрээр өөрөө ч мэдэлгүй тийн хийсэн байж болох л доо. Гэвчиг, Л.Мөнх-Эрдэнэ судлаач түүний ажил бүтцийн хувьд томоохон доголдолтой болохыг онолын логикоор шинжлэн илчилж чаджээ.

4. ӨРНӨДИЙН “ДОМОГ”-ИЙГ БУТ ЦОХИСОН НЬ

Нүүдэлч Левиатан номын хамгийн чухал хувь нэмрийн нэг бол Синотөвт парадигмын онолын суурийг системтэйгээр шүүмжилж, нурааж чадсанд оршино. Латтиморын онолын улс төрийн зорилготой далд сэдлийг илчлэхийн зэрэгцээ, Л.Мөнх-Эрдэнэ цааш нь өрнөдийн олон судлаачдын бүтээлд төвлөрч, тус бүрд нь гүн гүнзгий онолын шүүмжлэл хийжээ. Тэрээр Анатолий Хазанов, Арнольд Тойнби, Жэймс Скотт, Томас Барфилд, Владимир Владимирцов гэхчлэн нөлөө бүхий онолчдыг шүүмжилж, тэдний байр суурь нүүдэлчдийн төр байгуулах чадамжийг хэрхэн үгүйсгэж, төрт улс байгуулж ирсэн түүхэн үнэний ач холбогдлыг бууруулж ирснийг онцлон гаргажээ.

Мөнх-Эрдэнийн шүүмжлэлд гол байр суурь эзэлж буй нэг санаа бол экологийн детерминизм-ийг няцаах явдал юм. Энэхүү онолын дагуу, тал нутгийн хатуу ширүүн байгаль, суурьшин амьдрах боломжгүй газар зүйн нөхцөл байдлаас улбаалж, нүүдэлчид төвлөрсөн, тогтвортой төрийн бүтэц үүсгэх ямар ч боломжгүй гэж тэд тунхаглаж ирэв. Латтимор, Хазанов нар энэхүү хандлагыг хүчтэй дэмжиж, нүүдэлчдийг эдийн засгийн хувьд хараат, нийгмийн хувьд тархай бутархай, улс төрийн хувьд тогтворгүй гэж дүрсэлж ирснийг судлаач бүрэн няцаажээ. Хүннү, Түрэг, Монгол зэрэг олон нүүдэлч эзэнт гүрнүүд нь төвлөрсөн бүтэцтэй, татварын тогтолцоотой, дипломат хийгээд цэргийн байгуулалтай байсныг түүхэн баримтуудаар тайлбарлажээ.

Хазановын тухайд, Мөнх-Эрдэнэ түүнийг “нүүдэлчид суурин соёл иргэншлүүдтэй хамжлагын худалдаа хэлбэрийн харилцаагүйгээр оршин тогтнож чадахгүй” гэх санааг тулгаж ирсэн гэж үзжээ. Энэ нь түүхэн баримтаас ангид төдийгүй, нүүдэлчдийн эдийн засгийн стратегийг хэтэрхий хялбаршуулан тайлбарласан хэмээн тэрээр шүүмжилжээ. Нүүдэлчдийн эдийн засаг нь дан ганц хэрэглэгч, хөнөөлт шинжтэй бус, харин зориудын зохион байгуулалттай, цэрэгжсэн, стратегийн хувьд туйлын уян хатан шинжтэй байж ирснийг тэрээр баталж өгчээ.

Тойнбигийн “сорилт-хариу үйлдэл” онолыг Мөнх-Эрдэнэ судлаач шүүмжилсэн байна. Тойнби нүүдэлчдийг түүхийн гол урсгал биш, харин төв иргэншилд нөлөөлөгч “гадны хүчин зүйл” төдий гэж үзсэн бол, Мөнх-Эрдэнэ энэ санааг нь урвуугаар эргүүлж, нүүдэлчдийн төр нь түүхийн зах хязгаарт тэмдэглэгдэх төдий бус, харин ч түүхийн хөдөлгөгч гол хүч байсан гэдгийг нотлон гаргажээ.

Жэймс Скотт төргүй нийгмийг романтик утгаар хамгаалагч байсан гэх бөгөөд “Зомиа” гэх төрөөс зайлсхийх бүс нутгийн тухай үзлийг дэвшүүлж, түүгээрээ нүүдэлчдийн улс төрийн байгуулалт, төр үүсгэх чадварыг үгүйсгэжээ. Скотт төрийн эсрэг сөрөг байр суурь баримтлах хандлагаараа нүүдэлчдийн төрийг ухамсартайгаар цогцлоосон хүчирхэг бүтээл болохыг үгүйсгэсэн гэж Мөнх-Эрдэнэ судлаач дүгнэжээ.

Томас Барфилд нь нүүдэлчдийн төрийг “сүүдэр төр” гэж тодорхойлоод, тэр нь хятадын эсрэг чиглэсэн хариу үйлдэл төдийхөн зүйл байсан гэж тайлбарлахыг оролдсон гэж дүгнэжээ. Түүний энэ загвар нь нүүдэлчдийн төрийг бие даасан улс төрийн логикгүй, зөвхөн суурин төрийн толин тусгал мэтээр дүрсэлжээ. Л.Мөнх-Эрдэнийнхээр бол Дотоод Азийн төрүүд нь өөрсдийн институц, үзэл санааны хувьд бүрэн бие даасан бүтэц байв.

Владимир Владимирцов-ын тухайд, тэрээр Монголын эзэнт гүрнийг ойлгох анхдагч оролдлогуудын нэгийг хийсэн ч гэлээ, түүний “нүүдэлч феодализм” хэмээх онол нь Монгол төрийг цэвэр эдийн засгийн ангилалд багтаахыг санаархаж, улмаар Марксист загварт хүчээр чихэж оруулсан нь Мөнх-Эрдэнийн хурц шүүмжлэлд өртөж бут цохигджээ.

Ийнхүү, Л.Мөнх-Эрдэнэ энэ ажлаараа зөвхөн тухайн онолчдын үзэл санааг няцаасан төдий бус, харин төрийн үүсэл, хөгжлийн талаар онолын цоо шинэ парадигмыг бүтээн гаргаж иржээ.

Тэрээр байлдан дагууллын онол-ыг шинэ түвшинд дахин сэтгэж, “төр гэдэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийн илүүдлээс үүсэлтэй, захиргааны бюрократ тогтолцоо биш”, харин дайн, ноёрхол, харизма, хүний хүчнээс давсан хөдөлгөөнт чанар зэрэгт суурилсан цогц институц болохыг нотолжээ.

Энэ онол нь төрийн тухай тогтсон ойлголтыг орвонгоор нь эргүүлж, хүч, эрх мэдэл гэдэг нь төрөөс гарах үр дагавар биш, харин “төр нь тэрхүү хүч, эрх мэдлээс эхтэй” болохыг баталжээ.

Хуучин онолын “хөл толгойг сольж” хаяснаараа Мөнх-Эрдэнэ судлаач нүүдэлчдийн төрийн бүрэн эрхийг хамгаалж босгоод зогсоогүй, төр гэж юув, энэ нь чухам хаанаас хэрхэн буй болж бүрэлдэнэв, төрийн түүхэн уламжлалыг хаанахын хэн гэгч ард түмэн хадгалж ирэв гэх зэрэг онтологийн танин мэдэхүйн суурь асуултуудаар хуучин онолчдыг сорьж, хүчээ үзжээ.

5. ШИНЭ ПАРАДИГМ САНАЛ БОЛГОСОН НЬ

Судлаач хуучин онолын суурийг бут цохиж хаяхын зэрэгцээ өөрийн зүгээс шинээр “тоглоомын дүрэм” бүтээж гаргажээ. Үндсэндээ энэ “тоглоомын дүрэм”-ийг шинэ парадигм гэж хэлж буй. Түүний бүтээсэн парадигм нь төрийн үүсэл гарал, төрийн мөн чанарыг шинээр тодорхойлж, ингэснээрээ материалист, эволюционист, хятад-төвт үзэл баримтлалд суурилсан хуучин парадигмыг нурааж, оронд нь байлдан дагуулал, харизма, хүч гэсэн 3 суурьтай онолыг үндэс болгоно.

Л.Мөнх-Эрдэнэ төр анх үүсэж бий болсон нь эдийн засгийн, эсвэл экологийн элдэв нөхцөлүүд, газар тариалангийн үйлдвэрлэлийн илүүдэл хуримтлал, эсвэл хүн амын өсөлт гэх мэттэй хамаатай бус, харин цэргийн байлдан дагуулал, харизмтай удирдагч, хүч-эрх мэдлийн төвлөрөл гэх ойлголтуудтай шууд холбоотой гэж үзжээ. Л.Мөнх-Эрдэнийхээр, төр гэдэг нь үндсэн мөн чанараараа “улстөрийн ноёрхол”-той холбоотой болохоос бус, эдийн засгийн нарийн төвөгтэй үйл ажиллагааны үр дагавар биш ажээ.

Судалгааны арга зүйн тухайд, улстөрийн философи, социологи, түүх, археологийн шинжлэх ухааны арга зүйг нэгтгэн хэрэглэжээ. Өнөөгийн дэлхийд ноёлж буй өрнөдийн шинжлэх ухааны голлох парадигмыг шүүмжлэхдээ төрийн онолын хувьд Т.Хоббс, М.Вебер нарын онолыг ашигласан байна. Хятад-төвт парадигмд Веберийн онолын үндсэн мөн чанарыг гуйвуулсаныг “Хуурамч-Веберийн онол” (Псевдо-Веберийн онол) гаргаж ирсэн гэж шүүмжилжээ.

Л.Мөнх-Эрдэнийн онолын иж бүрдэл дараах хэсгүүдээс бүрдэж байна: 1) Хятад-төвт парадигмын үгүйсгэл, 2) Хувьслын материализмын шүүмжлэл, 3) Байлдан дагууллын онолын дахин тайлбар, 4) Харизмат удирдагч ба цэргийн төр, 5) Хүний хүчнээс давсан тээвэр ба цэргийн хүч.

Хятад-төвт парадигмын шүүмж: Энэ нь Хятадыг төр, иргэншлийн түүхийн үндсэн төв гээд, Нүүдэлчдийг тэрхүү төвийн зах хязгаар, бүтэцгүй нийгэм гэж үзнэ. Судлаач үүнийг “сэтгэлгээний гаж зуршил”, “үнэний хуурамч дэг журам” гэх маягаар тодорхойлж, түүхэн бодит үнэнийг гуйвуулсан гэж задлан шүүмжилжээ. Энэ “дэг журам” О.Латтиморын онолыг иш болгож, Өрнөд ба Хятадад өргөн дэлгэрсэний цаана геополитикийн учир холбогдол оршиж байсныг нээн илрүүлжээ.

Хувьслын материализмын шүүмж: Байгал, цаг уур, хүн амын өсөлт, газар тариалангийн илүүдэл зэрэг нь төр үүсэх нөхцөл болсон гэх үзлийг тэр үгүйсгэв. Тухайлбал, Карнейро, Хазанов зэрэг судлаачдын экологийн хашигдмал нөхцөлийн тухай онолыг буруу гэдгийг нотлов.

Байлдан дагууллын онолыг сэргээн хэрэглэв: Ф.Оппенхаймер, Л.Гумплович, М.Вебер, Т.Хоббс зэрэг сэтгэгчдийн онолын үндэслэлийг сэргээж, “төр бол хүч суурьтай байгуулал” гэж тодорхойлоод, энэ онолоо Дотоод Азийн нүүдэлчдийн төрүүдийн түүхийг Хүннү, Түрэг, Монгол, Манж төрийн жишээн дээр хэрэглэн дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Харизмат эрх мэдэл ба цэргийн төр: Веберийн харизмат эрх мэдлийн тухай ойлголтод тулгуурлан, Чингис хаан зэрэг онцгой удирдагчид эв нэгдлийн хүчийг үүсгэж, ялалт байгуулж, байлдан дагуулж хүчтэй төрийг үүсгэж байсныг түүхийн шинжилгээгээр нотлон үзүүлжээ. Нүүдэлчдийн төр нь цусан төрлийн хэлхээ холбоо төдий зүйл бус, цэрэгжсэн, хатуу зохион байгуулалттай, хүчний төвлөрөл бүхий бодит институц байжээ.

Хүний хүчнээс давсан тээврийн арга хэрэгсэл, цэргийн хүчний онцгой давуу чанар: Хүний хүчнээс давсан тээвэр (extrahuman transportation) хэмээх онолын ухагдахууныг Л.Мөнх-Эрдэнэ анхлан нээж, нүүдэлчдийн хүч хуримтлуулах мөн чанарыг тайлбарлажээ. Нүүдэлчид хүн төрөлхтний түүхнээ анх түрүүн морь, тэмээ зэрэг малыг гаршуулж, тээвэрлэлтэд ашиглах болсноор өргөн уудам нутаг дэвсгэрт хяналтаа тогтоож, төр байгуулах хүчийг олж авчээ.

Ийнхүү Л.Мөнх-Эрдэнэ доктор “хүч” төвтэй төрийн онолын нэг парадигмыг шинээр дэглэн гаргаж иржээ. Түүний боловсруулсан парадигмаар авч үзэхэд, нүүдэлчдийн төр суурин иргэншлийн төрөөс асар хурдтай хөдөлгөөнт чанар (нүүн шилжих, тээвэрлэх чадвар), харизмтай удирдан манлайлагчид, минималист хэрнээ асар өндөр үр ашигтай засаглал зэрэг онцлог шинжээрээ ялгарч, суурин төртэй харьцуулахын аргагүй “хүчирхэг хүч”-ийг хуримтлуулж чадаж байжээ.

Л.Мөнх-Эрдэнийн парадигмын шинж чанарыг хуучин парадигмынхтай жишиж үзнэ үү:

Хуучин парадигм

Мөнх-Эрдэнийн парадигм

Хөдөлгөөнт чанар = Тархай бутархай

Хөдөлгөөнт чанар = Нэгдэл нягтрал

Тээвэр – хоёрдогч хүчин зүйл

Тээвэр хувьсган өөрчлөгч хүч

Төр = газар тариалангийн илүүдэл

Төр = байлдан дагуулал+хүнээс давсан хөдөлгөөнт чанар

Нүүдэлчид = Төр үүсэхээс өмнөх шатных

Нүүдэлчид = Төрийг бүтээгчид

Бюрократ чанар төрийн үндэс

Хүч, Цэргийн зохион байгуулалт = Төрийн үндэс

6. ЭРГЭЦҮҮЛЭЛ: ТӨРИЙГ ХҮЧНИЙ ҮҮДНЭЭС ДАХИН ТУНГААХ НЬ

Нүүдэлч Левиатан номыг уншаад миний бие улс төрийн онолын үндсэн сэдвийн нэг Төр гэж юу вэ? Төрийн үндсэн мөн чанар юу вэ?” гэх асуултыг өөртөө дахин тавихад хүрэв. Л.Мөнх-Эрдэнийн энэ судалгаа нүүдэлчдийн төрийн тухай өрнөдийн шинжлэх ухааны хуучин хэвшмэл дэглэмийг шууд сөрөн тулгарч, тэдгээрийг няцааж, онолын шинэ парадигм бүтээж санал болгожээ. Ингэснээрээ тэрээр өнөө цагийн сэхээтэн, судлаач, сэтгэгч, ухамсарт хүмүүст хандаж төр, хүч, хууль ёс, улс төрийн дэг журмын тухай ойлголтоо философийн түвшинд дахин нухацтай эргэцүүлж үзэхийг уриалжээ гэлтэй.

Миний хувьд, төрийн хамгийн чухал мөн чанар бол “хүч” гэж ойлгож ирэв. Энэхүү хүч хэмээх нь зөвхөн цэргийн, эсвэл бие махбодийн хүч бус, харин хурц мэргэн оюун ухаан, сэтгэлийн их хат, оюун санааны манлайлал, нийгмийг зохион байгуулах чадвар, үндэсний эв нэгдэл гэх зэрэг хүмүний бүхий л хүрээний хүч чадлыг хамарна. Тиймээс, төр гэдэг бол “хүч”-ийг хуримтлуулж, төвлөрүүлсэн институцийн хэлбэр, мөн орон зай, цаг хугацааны тэнхлэгийн дагууд тэрхүү хүчийг төвлөрүүлж, хадгалж, хэрэглэх бүтэц юм.

“Хүч бол төрийн тулгуур мөн чанар” гэх ойлголтыг миний бие Хегелийн философийн нөлөөгөөр ухаж мэдэв. Үнэн хэрэгтээ, Хегель бол Плато, Аристотель нарын философийн өвийг уламжилсан сонгодог философийн сэтгэлгээний томоохон төлөөлөгч билээ. Хегель бээр, төр гэдэг нь зүгээр нэг хуулийн, эсвэл захиргааны бүтэц төдий биш, ард түмний ёсзүйн оюун санааг бодитоор хэрэгжүүлсэн үзэгдэл, “ёсзүйн үзэл санааны бодит төлөв” гэж үзнэ. “Төр бол үндэстний оюун санааны (volksgeist) илэрхийлэл буюу тунхаглал” гэх Хегелийн алдарт үг бий.

Оюун санаа гэх ойлголтын үүднээс авч үзвэл, Хегелийн төрийн тухай концепци монголчуудын төрийн үзэл санаатай их ойрхон. Монголчуудын төр эрин цагийг дамнан оршихдоо оюун санааны агуу их хүчийг агуулж ирсэн бөгөөд энэ нь монголчуудын шашин шүтлэг зэрэгтэй бус, өнө эртний өвөг дээдсийнхээ үеэс уламжилж ирсэн, ертөнцийг үзэх Тэнгэрлэг үзэлтэй нь, уламжлал, соёлтой нь, рациональ сэтгэлгээтэй нь холбоотой гэж би бодно.

Монголчуудын төрийн тухай мэдлэг ухаан бидний өвөг дээдсийн ариун дээд андгай тангараг, тэнгэрлэг эрхэмлэл, хууль ёсны талаарх гүн гүнзгий танин мэдэхүйд тулгуурлах бөгөөд монголчуудын оюун санаа, соёлын уламжлалд хадгалагдан оршсоор ирэв. Хэдий тийм ч, энэ нь “шашны төр”-өөс үндсээрээ өөр. Энэ бол шашин төрийг хослуулсан теократ тогтолцоо биш. Монголчуудын төрт ёсны сэтгэлгээ нь улстөрийн эв нэгдэл, хууль ёсны эрх мэдлийн талаар ёс суртахууны болоод танин мэдэхүйн гүн гүнзгий мэдлэг ухааныг агуулж байдаг.

Томас Хоббс нь хэдийгээр сонгодог философийн уламжлалыг дагагч хараахан биш, орчин үеийн эхний философич бөгөөд түүний зарим үзэл баримтлал Хегель шиг сэтгэгчдийнхтэй төстэй. Тухайлан тэмдэглүүштэй нь, Хоббс төрийн бүрэн эрхийн үндэс суурь нь “хүч” гэж үзжээ.

Тэрээр Левиатан номдоо, төр гэдэг бол анархи нөхцөл байдлыг даван туулахын тулд байлдан дагууллаар гартаа оруулж авсан зайлшгүй шаардлагатай “хүч, эрх мэдэл” гэх маягаар тодорхойлжээ. Тийм ч учраас, Т.Хоббс нь, хүч хэмээх ухагдахууныг гол болгож авч үзэх онолын урсгал улстөрийн реализмыг үндэслэгчдийн нэгд зүй ёсоор тооцогдож ирэв.

Дашрамд тэмдэглэхэд, Хегелийн төрийн философи нь Макиавелли, Хоббс нарын зэрэг реалист сэтгэгчдийн үзэл үндэслэлийг бүхэлд нь агуулах шинжтэй гэж үзэж болно. Хегелийн тодорхойлсон төрийн хүч нь реалистуудын хүчнээс илүү өргөн хүрээтэй.

Олон улс судлалын хүрээнд авч үзэхэд, реализм хэмээх онолын парадигмд олон улсын анархи систем доторх үндсэн тоглогч нь төр гэж үзэх бөгөөд төрийн зүгээс хүчийг олж авах, аюулаас өөрийгөө хамгаалах, ашиг сонирхлоо хангахад нэн тэргүүнд анхаарна.

Миний бие стратеги судлал, геополитик чиглэлээр судалгаа хийж буйн хувьд олон улс судлалын онол, анализын аль алинд нь энэхүү реалист уламжлалыг баригч билээ. Тийм ч учраас, Л.Мөнх-Эрдэнийн The Nomadic Leviathan номын агуулга миний сонирхлыг ихээр татсан хэрэг.

Л.Мөнх-Эрдэнэ байлдан дагууллын онолыг харизма, ноёрхол, хүнээс давсан хөдөлгөөнт хүч зэрэг онолын ухагдахуунд тулгуурлан сэргээн гаргаж, нүүдэлчдийн төрт ёсны мэдлэг ухааныг онолын талаас, бас түүхэн талаас нь гаргалгаа хийн баталж, хүн төрөлхтний төрийн түүхийг ийнхүү реалист өнцгөөр тайлбарласан нь зүй ёсоор анхаарал татаж байна.

Нүүдэлч Левиатан номын нэг гол цөм болох харизмат манлайлал хэмээх ухагдахуун нь дан ганц хувь хүний шинж чанар бус, Монгол төрийн оюун санааны язгуур мөн чанараас эхтэй ухагдахуун биз ээ.

Монголчуудын төрд харизмат удирдагчийн үүрэг онцгой чухал байсан нь үнэн ч гэлээ, Монгол төрийн “Их засаг” хуульд хааны эрх мэдлийг хязгааргүйгээр тогтоосон нь үгүй. Харин ч, төрийн эрх мэдлийг 3 тулгуурт хуваарилах орчин үеийн улстөрийн онолын зарчимтай төстэйгээр Хаан, Их хуралдай, Шүүхийн тогтолцоондоо төрийн эрх мэдлийг адил тэнцүүгээр хувааж, харилцан хяналттай байхаар зохицуулж байсныг олон судалгаанаас мэдэж болно.

Л.Мөнх-Эрдэнийн оруулсан хувь нэмрийн тухайд гэвэл, төрийг амжилттай бүтээхэд нөлөөлсөн нүүдэлчдийн хөдөлгөөнт чанарын давуу талыг туйлын системтэйгээр, философичоор үндэслэл дэвшүүлж гаргасныг нь онцолбол зохино. Нүүдэлчдийн улстөрийн систем ихээхэн нарийн төвөгтэй бүтэц, институцитай байсныг урьд үеийн судлаачид ч мэр сэр тэмдэглэж байв.

Энд тухайлбал, Америкийн түүхч Nicola Di Cosmo, мөн японы хэд хэдэн түүхч эрдэмтдийг дурдаж болно. Л.Мөнх-Эрдэнийн ажлын хамгийн чухал анхдагч хувь нэмэр нь шинэ альтернатив парадигмыг цогц байдлаар, системтэйгээр зохион бүтээж чадсанд оршино. Мэдээж, тэрээр Сино-төвт парадигмд эргэлзэж судалсан анхны хүн биш.

Ийнхүү Л.Мөнх-Эрдэнийн бүтээсэн парадигмаар тольдоход, Дотоод Азийн нүүдэлч төрүүд нь “жишиг төрийн гаж хувилбар” огт биш байв. Харин ч эсрэгээрээ, тэдний төр бол хамгийн хүчирхэг, нягт зохион байгуулалттай улс төрийн тогтолцоо байсныг түүх нотолно.

Тэд олон угсаа, овог аймгийг нэгтгэж, хуулийн дэг журам тогтоож, татвар авч, дипломат харилцаа хөгжүүлж, тив дамнасан дайныг зохион байгуулж чадаж байв. Ялангуяа Их Монголын эзэнт гүрэн нь хөдөлгөөнт чанар, харизма, цэргийн зохион байгуулалтад үндэслэсэн төрийн нэгэн онцгой жишээ болж чаджээ.

Сонирхолтой нь, нүүдэлчид “хүнээс давсан тээврийн систем” болох морь, тэмээ, үхэр зэрэг амьтдыг зөвхөн тээврийн хэрэгсэл бус, харин улс төрийн засаглалын стратегийн зэвсэг болгон ашиглаж чадсан юм. Эдгээр систем нь логистик, харилцаа, байлдааны чадварыг асар их хэмжээгээр тэлж, суурин нийгмээс ангид, хөдөлгөөнт чанарт суурилсан төрийн хэлбэрийг бий болгожээ.

Харин суурин нийгэм газар зүйн хашигдмал нөхцөлд хүлэгдэж, тариалангийн илүүдлийн менежментээр төр маягийн хэлбэрийг үүсгэж эхэлсэн бол нүүдэлчид төрийг хүч, уян хатан байдал, дасан зохицох чадвар, хууль суурьт засаглалын тусламжтайгаар хэрэгжүүлж байжээ. Яг үнэндээ, түүнээс өөр нэг чухал чиглэл, оюун санааны тэнхлэг ч бас чухал үүрэгтэй байсан гэдгийг дээр цухас дурдав.

Нүүдэлчдийн төр зөвхөн хүчирхийлэл дээр тогтож байгаагүй гэдгийг онцлон тэмдэглэх ёстой. Тэдний ноёрхлын суурь нь харизма, ёс суртахууны эрх мэдэл, харилцан итгэлцэл, оюун санааны нэгдэлд оршиж байв. Тэд шударга ёс, татварын бодлого, цэргийн сахилга батыг боловсруулж, суурин төрөөс хэд дахин илүү хэмжээнд хуулиар тогтоогдсон, зохион байгуулалттай дэг журмыг тогтоож байв. Ялангуяа Их Монголын эзэнт гүрний татварын систем нь илүү ил тод, шударга зарчимч байсан нь сүүл үеийн судалгаануудаар нотлогдсоор байна.

Энэ бүхнээс бид нэг үндсэн дүгнэлтийг хийж болно. Төр үүсэх анхдагч нөхцөл нь газар тариалангийн илүүдэл, бюрократ бүтэц төдийхөн биш. Харин төрийг бүтээхэд “бурханаас ч давж гарах” хүчийг олж авч байж төрийг байгуулна. Тэр хүчийг хуримтлуулж, хууль ёсны болгож, институцжуулж чадсан тохиолдолд төр бий болно. Энэ утгаараа Евразийн нүүдэлч эзэнт гүрнүүд бол жинхэнэ ёсоор төрийн мөн чанарыг илэрхийлсэн сонгодог жишээ мөн байв.

Эцэст дүгнэхэд, Нүүдэлч Левиатан бол, зүгээр нэг түүхийн сэдвээрх шинэлэг агуулга бүхий ном биш, шинжлэх ухааны цоо шинэ парадигм бүтээж, бодогч сэтгэгч хүмүүст зориулж төр, соёл иргэншлийн тухай түүхийг дахин нухацтай судлахыг уриалсан философийн бүтээл юм. Энэ бол бидний монголчуудын хувьд онцгой чухал бүтээл. Л.Мөнх-Эрдэнийн дэвшүүлсэн шинэ парадигм бидний өвөг дээдсийн дэлхийн түүхнээ үлдээсэн мөрийг улам тод томруун болгох үүд хаалгыг цэлийтэл нээж өгч байна.

Др. Ц.БУЯНЦОГТОО


Сэтгэгдэл

Энэ ном хир борлодог болдоо? [66.181.182.61] 2025-04-21 20:19:36

Юү л болдог болдог болдоо? Номын сангуудын мухарт хэвтэж байдаг ээлжит ном уу? МАХН-ын 18-р их хурлын материалын эмхэтгэл шиг.

Онолоо [103.212.118.213] 2025-04-21 19:08:10

Гайхамшигтай! Ийм бүтээл Бриллд хэвлүүлнэ гэдэг асар их хөдөлмөр. Синоцентризмийг сөрж Монголын түүхээ дэлхийд сурталчилна гэдэг амаргүй! Харин нөгөө МУИСийн англи хэлээр ганц өгүүлэл ноороглож үзээгүй хоцрогдлын туйл професорууд нь дотроо уралцаад энэ хүнийг шахаад байгаа гэлүү? Ичих булчирхай нь ажиллагаагүй болсон гарууд шүү

Уншигч [103.212.117.182] 2025-04-21 16:04:11

Энэ номын буянаар Монголыг өөд татах гарц олдох байхаа. Хурдхан олж унших юмсан.

1234 [202.5.202.32] 2025-04-21 11:11:00

Ном уншиж ойлгодог хүн ховор болсон цаг да.

dr [203.98.76.176] 2025-04-21 10:57:57

Үнэхээр сайн бүтээл туурвижээ. Мөнх-Эрдэнэ профессор МУИС-ийн том эрдэмтэн юм.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.