Р.Даваадорж: 2026 оны төсвийг өөдрөг тооцоолол дээр хийсэн нь гол алдаа болжээ

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.

ИХ ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байна. Засгийн газраас 2026 оны төсвийг 33 их наяд, төсвийн алдагдал 1.3 их наяд төгрөг байхаар төсөл оруулж ирсэн. Энэ төсөл УИХ-ын босгыг давж чадах уу?

-Өнгөрсөн жилийн төсөвтэй харьцуулбал бодит байдал руу нэлээд дөхсөн “үнэн”-д гүйцэгдсэн гэж тодотгож болно. Шүүмжлэх өнцгөөс харвал, мэдээж “данхар төсөв”. Эерэг талаас нь дүгнэвэл, хэт тэлсэн төсвийг ганц удаагийн далайлтаар“өргөс авсан мэт засах боломжгүй юм байна гэж хэлж болно. Гэхдээ эрх баригчдын яриад байгаа шиг гайхамшигтай төсөв бол ердөө биш шүү.

Төсөв бол хоосон уриа, гоё ганган лоозонгоор чимэглэгдэх биш, харин эдийн засгийн хямралын “үр” соёолдоггүй, гадаад өр нэмдэггүй, татварын таатай орчин бүрдүүлж, ажлын байр олноор бий болгодог, хувийн хэвшлийн орон зайг тэлсэн улс орны ирээдүйг урлах чухал “бодлогын баримт” гэж би үргэлж ярьдаг.

Эхний хэлэлцүүлгийг харвал, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, гишүүдийн тойрог дахь хөрөнгө оруулалт, авто зам тойрсон ач холбогдол багатай харагдсан. Бодлогын шийдэл, шинэ орлогын эх үүсвэр, “данхар төсөв” сангийн болон мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлөх тухай ярьж буй гишүүд хуруу дарам цөөн харагдлаа. Ер нь бол бид социализм байгуулж байна уу гэж бодогдохоор дүр төрх нүдэнд бууж байна лээ.

Засгийн газраас 2026 оны төсвийг 33 их наяд, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөг байхаар төсөл оруулж ирсэн нь тооцоо судалгаа сайнгүй байгаа юм байна гэж дүгнэхэд хүргэсэн. Тодотгож хэлбэл, манай улсын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ирэх онуудад саарах төлөвтэй байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч ингэж анхааруулж байгааг өргөн барьсан төсөлд тооцоогүй байна гэсэн үг.

Манай хоёр улсын эдийн засаг газарзүйн байршил, эдийн засгийн бүтцээсээ хамааран нягт холбоотой. Манай улсын экспортын 90 хувиас илүү хэсэг Өмнөд хөрш рүү гарч, ДНБ-ий 40 хувиас дээш хувийг бүрдүүлж ирсэн. Тиймээс Хятадын эдийн засгийн өсөлт, түүхий эдийн эрэлт нь манай эдийн засгийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг төдийгүй хэт их хамаарал нь эрсдэл ч дагуулдаг. Энэ нь төсвийн орлого тасалдах, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлээр дамжин макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх байдлаар илэрсээр ирсэн. Ийм тооцоо судалгааг, өргөн барьсан төсвийн төсөлд би лав харсангүй.

-Нүүрсний экспортыг 90 сая тн хүргэнэ гэж төлөвлөжээ. Төсвийн орлого, зарлага эдийн засгийн өсөлтийн бодит төлөвтэй нийцэж байна уу?

-Ерөөсөө нийцэхгүй байна. Би хоёр тоон үзүүлэлтээр тайлбарлая. Нэгд, уул уурхайн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын биет хэмжээ 2025 оны наймдугаар сарын байдлаар 49.4 сая тонн болж өмнөх оны мөн үеэс 4.3 сая тонноор дутуу, борлуулалтын хувьд 2.7 тэрбум ам.доллараар сох дутжээ.

Тодотголоор 85 сая тонн нүүрс экспортлохоор бууруулсан хэрнээ ийм их зөрүү харагдаж байна. Хоёрдугаарт, энэ оны наймдугаар сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 818 тэрбум төгрөгөөр дутуу мөртөө нийт зарлага нь 2 их наядаар илүү гүйцэтгэлтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийг өмнөх оныхтой харьцуулахад 2.8 их наяд төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй явж байна. Тэгэхээр ирэх жилийн төсвийг 2025 оны төсөв 100 гүйцэтгэлтэй байна гэсэн өөдрөг тооцоолол дээр хийсэн нь гол алдаа болжээ гэж би дүгнэсэн.

-Төсвийн алдагдал, өрийн хэмжээ эдийн засгийн тогтвортой байдалд ямар эрсдэл авчирч болзошгүй вэ?

-Засгийн газраас оруулж ирсэн төсвийн нийт зарлагын дүн 32.9 их наяд төгрөг. Тэгвэл Засгийн газар нь өөрөө 35.5 их наядын өртэй байна. Өрийн хэмжээ ганц жилийн дотор бараг таван их наяд төгрөгөөр нэмэгдэхээр харагдаж байна. Энэ бол анхаарлын гадна орхих асуудал биш юм. Ер нь Монгол Улс хэр зэрэг тооцоо судалгаатай төсөв оруулж ирдгийг батлан харуулах тоо бол өрийн нийт хэмжээ шүү дээ.

Түүнээс биш ирэх онд ДНБ маань 103 их наяд хүрнэ гэж тооцоод Засгийн газрын өр ДНБ-ий 39.5 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэж алгаа таших нь туйлын буруу. Хэрэв түүхий эдийн үнэ унаад ДНБ нь 90 их наяд орчимд хүрвэл наад өрийн хэмжээ чинь яах вэ гэдгийг хэрхэн тооцоолж байгаа юм. Гадаад өрийн хэмжээг хувиар биш, тоогоор илэрхийлж сурмаар байна. Та өрхийнхөө өрийн хэмжээг олох орлогоо өөдрөгөөр төсөөлөөд хувь яриад бараг өргүй шахам юм яриад суудаггүй биз дээ. Үүнтэй зарчмын ямар нэгэн ялгаа байхгүй.

Аливаа улсын гадаад өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляци, ажилгүйдэл өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг. Гадаадад төлөх зээл, өрийн төлбөр улсын хатуу валютын нөөцийг шавхаж, бүхэлдээ эдийн засагт чөдөр тушаа болдог.

Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал юм. Монгол Улсад ойрын ирээдүйд “өрийн хавх”-аас мултрах нэн хүнд зорилт хүлээж байгаа хэдий ч бид тойрч зугтсаар дампуурлын ирмэг дээр ирчихээд байна.

-Инфляцийн түвшин, ваюлтын ханшийн савлагаа, үнийн өсөлт зэргийг ирэх оны төсөвт хэрхэн тооцсон бол. Түүхий эдийн үнэ, гадаад худалдааны нөхцөл байдал өөрчлөгдвөл төсөвт ямар эрсдэл үүсэх вэ?

-Гурван эрсдэл бий. Нэгд, Төсөвт нүүрсний үнэ, нийлүүлэх биет хэмжээг зөв тооцох ёстой. Манайх нүүрснээс хараат эдийн засагтай болсон. Үүнийг өнгөрсөн жилийн экспортын дүнгээс харж болно. Нийт экспорт 15 тэрбум ам.доллар байсны бараг есөн тэрбумыг нүүрснээс олсон. Манай коксжих нүүрсийг Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар ялангуяа барилгын салбарт болон гангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн хямрал гурав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ салбар нь тус улсын ДНБ-ий 15-30 хувийг бүрдүүлдэг чухал салбар бөгөөд хямрал нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, иргэдийн худалдан авах чадвар, хөрөнгө оруулалтыг бууруулж байна. Хятадын засгийн газар хямралыг шийдвэрлэхээр хэд хэдэн арга хэмжээ авсан ч үр дүн сайнгүй байна.

2022 онд 162 тэрбум ам.долларын зээлийн багц зарласан ч барилгын ажил сэргээгүй, Хятадын Ардын Банк хүүг бууруулж, зээлийн боломжийг нэмэгдүүлсэн ч эдийн засгийн уналтыг зогсоож чадаагүй. Хятадын гангийн үйлдвэрлэл 2020-2024 онуудад 5.6 хувиар буурсан бөгөөд 2025 онд цаашид хумигдах төлөвтэй байна. Энэ бүхэн нүүрсний төсөөллөө эргэж харахыг сануулж байна.

Хоёрт, шатахууны нийлүүлэлт үнийн асуудал бий. Өнөөдөр ОХУ 20 орчим мужид АИ-92, 95 бензиний хязгаарлалт хийгдэж байна. Хойд хөрш дайны байдалтай хүнд үед байгааг зөв тооцоолох ёстой. Гуравт, энэ жил хойд нутгуудаар гантай байсан тул ургацынхаа багагүй хувийг алдах мэдээлэл байна. Энэ бүхэн инфляцийг өндөр хэмжээнд байлгаж иргэдийн амьдралд нөлөөлөх эрсдэл байгааг тооцож төсвөө зөв төлөвлөх, урьдчилсан арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна.

Дээр дурдсан гурван эрсдэл инфляцийг хөөрөгдөх магадлал өндөр. Инфляци өснө гэдэг дундаж давхарга улам бүр “цөөрч”, ахмадууд, орлого багатай өрхийн амьдрал нэн хүндрэх байдалд хүргэх эрсдлийг бий болгоно.

-Эрчим хүчний асуудал хүнд байгаа. Бид эрчим хүчний хамаарлаас гарахын тулд энэ салбар дахь хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлсэн байна?

-Ерөнхий сайд энэ жилийн төсөвт хангалттай хөрөнгө тавьсан гэж хэлж байсан. Бараг 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан гэсэн. Хамгийн хачирхалтай нь төр, хувийн өмчийн түншлэл гэж нэг зүйл нэмж хэлнэ лээ. Би ч бас байнга давтан хэлдэг. Авлига цэцэглэсэн салбар руу хувийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт татаад нэмэргүй. Үр дүн нь “тэг” байдаг.

Энэ салбарт олон жил бугшсан авлигын асуудлыг шийдээгүй цагт хэчнээн хөрөнгө мөнгө цутгаад үр дүнгүй байх болно. Он гараад, “эрчим хүчний шинэтгэл” нэрийн дор цахилгааны үнийг 50-90 хувь нэмсэн. “Хэрэглэгч танд юу мэдрэгдэв? Бараг хагас их наяд төгрөг хаашаа оров” гээд асууж байгаа УИХ гишүүн байна уу?

-Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хуваарилсан хөрөнгө эдийн засгийн өсөлтөд хэрхэн үр ашигтай байх вэ?

-Уг нь төсвийн хөрөнгийг дээрх салбаруудад ахиухан тавих ёстой. Гэвч 330 сум 1560 баг дээр шавар цацаж, цуглуулсан татварын мөнгөө үр ашиггүй зарцуулсаар ирлээ. Одоо ухаарсан. Одоо ойлгосон гэж Засгийн газар хэлж байна лээ. Хямралын үед ийм үг амнаас нь гардаг л даа.

-Ирэх оны төсөв зээл, өрийн дарамтыг бууруулахад хэрхэн чиглэж байна?

-Ирэх жил гадаад бондын нэг тэрбум ам.долларын төлөлт хийгдэх ёстой. Сураагүй биш дахин шинэ бонд гаргах биз. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх хүү АНУ-ын бодлогын хүү 4.25 хувьтай байгаатай холбоотой хэт өндөр байгаа. Бараг найман хувиас өндөр хүүтэй байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ дарга байхдаа чуулганы индэр дээрээс манай улсын гадаад өрийн талаар маш чухал дүгнэлт хийсэн. Тийм болохоор ойрын жилүүдэд өрийн дарамтыг бууруулах талаар нэлээд ажлууд хийгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа.

-Мега төслүүдийг урагшлуулахад ирэх оны төсөв яаж нөлөөлөхөөр байна вэ?

-2026 онд төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын хөнгөлөлттэй зээл, хувийн хэвшлийн түншлэл болон Оюу толгойн орлогоос мега төслүүдийг санхүүжүүлэх боломж бий. Мега төслүүдийг эрэмбэлсэн талаар Шадар сайд Н.Учрал ярьж байсан. Энэ нь ч зөв. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эрчтэй явагдах байх. Эрчим хүчний салбарт хэд хэдэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байгаа нь сайшаалтай.

-Эдийн засагчийн хувьд ирэх оны төсвийг ажиглаж байхад Монголд ямар, ямар бүтээн байгуулалт хийгдэхээр байна вэ?

-Төсвөөр томоохон бүтээн байгуулалт хийх орон зай бараг байхгүй. Нэгдсэн төсвийн 2026 оны нийт зарлагын 75 хувийг урсгал зардал эзэлж байна. Урсгал зардлын дүнд тэтгэвэр, халамж, цалин хөлсний зардлын эзлэх хувь жил ирэх тутам өсөж байна. Энэ нь цаашид ямар нэгэн бүтээн байгуулалт хийх орон зайг хязгаарлаж байна.

Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх өөр арга замыг эрэлхийлэх шаардлага үүсээд байна. Эрдэнэс таван толгой ХК-ны IPO гэж хэсэг шуугиад чимээгүй болчихлоо. Эрдэнэт зэрэг томоохон уул уурхайн компаниудын хувьцааг ч мөн хав дараад хэвтээд баймааргүй байх юм. Төрийн өмчит компаниудын өр төлбөр мөн талийжээ. 22.8 их наяд хүрсэн байна.

-Татварын бодлогын өөрчлөлт эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Дэлхий нийтэд төсөв, татварын бодлого гэж ярьдаг. Манайх тус тусад нь яриад байдаг. Төсвийн орлого татвар ба татварын бус орлогоос бүрддэг ч эхнийх нь дийлэнх жинг дардаг. Зөв татварын бодлого аливаа улсын эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай шинэ парламентын гишүүд олон татварын хууль санаачилж байгаа юм билээ. Гэхдээ маш их учир дутагдалтай олон зүйл харагдсан.

Жишээ болгож хувь хүний орлогын албан татварыг авч үзье. Энэ татвар нь иргэдийн хувийн орлого буюу цалин, хөрөнгийн ашиг, бизнесийн зэрэг орлогоос улсын төсөвт хураамж болгон авдаг татвар бөгөөд дэлхийн улс орнуудын төсвийн орлогын гол эх үүсвэр юм. Улс орнууд иргэдээ өндөр орлоготой байх бодлого хэрэгжүүлдэг бөгөөд энэ хэрээр ХХОАТ-ын нийт хэмжээ манайхаас өндөр байдаг.

Уг татвараар төсөвт орж буй нийт дүн өндөр байх нь тус улс иргэдээ өндөр орлоготой байлгах үндсэн үүргээ биелүүлж чадаж байгааг харуулах үндсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, чинээлэг дундаж давхаргын тоо хэмжээ их байх нь улс орны хөгжлийн суурь. Ийм орны иргэд нь төлсөн татвараараа улсаа хөгжүүлж байгаад сэтгэл ханамж өндөр байдаг.

Манай улс хөгжилтэй орны тоонд багтахын тулд өндөр орлоготой иргэдтэй байх ёстой болно гэсэн үг. Үүнийг хэмжих хэмжүүр нь төсөвт эзлэх ХХОАТ-ын хэмжээ өндөр байх явдал юм. Тэгэхээр гишүүд энэ татварын хувийг багасгах биш, харин иргэдээ ажилтай өндөр орлоготой байлгах хууль санаачлах ёстой юм. Гэтэл манай төсвийг харвал НӨАТ-ын оролгын хэмжээ уул уурхайн роялти болох АМНАТ-аасаа ч их байгаа нь татварын бодлогод эрс шинэчлэл хий гэсэн үг.

-Татварын дарамтыг бууруулах тал дээр төсвийн бодлогод хэрхэн тооцсон бол?

-Ирэх жил татварын орлогын төвлөрүүлэх дүнг 29.7 их наяд төгрөгөөр тооцож, өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хувь хүний орлогын албан татварын орлого өмнөх оноос 176.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2.8 их наяд, Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварыг 450 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 6.4 их наяд, Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 386 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7.0 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөснийг харахад татварын дарамт буурсан гэж хэлэх боломжгүй.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
М.МӨНХЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.