Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож үг хэлэхдээ, НҮБ-ын зорилгод эргэлзэж байгаагаа илэрхийлээд, НҮБ-д бодит үйл хэрэг болгоогүй “маш их нөөц бололцоо бий” хэмээн мэдэгджээ.
Долоон дайныг зогсоосноор олон сая хүний амийг аварсан гэдгээ дурдсаныхаа дараа тэрбээр “хоосон үг дайны асуудлыг шийддэггүй” гэж хэлсэн нь тус байгууллагын идэвхгүй байдлыг шүүмжилсэн хэрэг юм. Гэхдээ тэрбээр ямар ямар дайныг зогсоосон тухайгаа тодорхой дурдсангүй.
“Илүү сайхан ирээдүйг бид цогцлоож чадна, дэлхий дахин өнгөрсөн үеийн бүтэлгүйтлүүдийг ардаа орхих ёстой" гэж Трамп хэлсэн байна.
Тэрбээр эхний бүрэн эрхийн хугацааныхаа явцад АНУ-ыг цөмийн хэлэлцээрээс гаргасан бөгөөд түүний хэрэгжилт зогссонд Техраныг буруутгасны зэрэгцээ Ираныг “дэлхийн терроризмыг ивээн тэтгэдэг номер нэг улс” гэж тодорхойлжээ.
Д.Трамп мөн Газын зурваст барьцаанд байгаа Израилын иргэдийг суллахыг ХАМАС бүлэглэлийнхэнд уриалж, Газа дахь дайныг зогсоох ёстой гэж нэмж хэлсэн байна. Гэхдээ тэрбээр сүүлийн үед барууны орнууд Палестиныг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийж байгааг зэмлэн буруушааж, энэ алхам нь ХАМАС-ын хувьд “шагнал” болж байна гэж мэдэгджээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, Оростой бизнес үргэлжлүүлэн хийсээр буй Хятад, Энэтхэг хоёрыг “Украины дайныг санхүүжүүлж байна” хэмээн шүүмжлээд, Европын холбоотнууд нь Оросын газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн худалдан авсаар байгааг мөн дурдсан байна.
Түүнчлэн “хяналтгүй шилжилт хөдөлгөөн”-ийг өнөө цагийн хамгийн том асуудал хэмээн нэрлээд, НҮБ үүнийг санхүүжүүлж байна гэж буруутгасан боловч үүнийгээ нотлох баримтуудыг дурдсангүй.
Сэтгэгдэл
Зочин [66.181.187.64] 2025-09-24 13:10:09
Трамп новш юу ч хийж чадахгүй!