Киев Трампын энхийн төлөвлөгөөний талаар албан ёсны хариугаа АНУ руу илгээжээ
Украин улс лхагва гарагт буюу арванхоёрдугаар сарын 10-нд, Оросын өдөөсөн дайныг зогсоох зорилготой АНУ-ын сүүлийн хувилбар энхийн төлөвлөгөөний төслийн талаархи дэлгэрэнгүй хариуг АНУ-ын засаг захиргаанд хүргүүлжээ.
Энэ талаар Axios хэвлэлд Украины болон Америкийн албан тушаалтнууд мэдээлсэн байна. “РБК-Украина” агентлаг энэхүү мэдээллийг өөрийн эх сурвалжаас баталгаажуулсанаа мэдэгджээ.
Axios-ын мэдээлснээр, Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, мөн Украины хэлэлцээний багийг тэргүүлэгчийн хувиар, албан ёсны хариу бичгийг санал хүсэлт болон өөрчлөлтийн саналуудын хамт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх, хүргэн Жаред Кушнерт хаяглан илгээсэн байна.
Украины хэлэлцээний төлөөлөгчид Европын холбоотнууд, голчлон Их Британи, Франц, Герман улсуудтай хэдэн өдрийн турш зөвлөлдсөний үндсэн дээр газар нутагтай холбоотой асуудлууд болон Оросын цэргийн хяналтад буй Запорожийн Атомын цахилгаан станцын статусын талаар шинэ санаануудыг танилцуулжээ.
Владимир Зеленский оройн видео мэдэгдэлдээ 20 зүйл бүхий энхийн төлөвлөгөөнд тулгуурлан АНУ-тай харилцах хоёр шинэ баримт бичгийг бэлдэж байна гэж хэлсэн аж. Үүнд АНУ-ын зүгээс аюулгүй байдлын баталгаа гаргах тухай, мөн Украины сэргээн босголт болон хамтарсан хөрөнгө оруулалтын тухай баримт бичгүүд багтаж байгаа аж.
Украины ерөнхийлөгчийн хэлснээр, арванхоёрдугаар сарын 10-нд Украины сэргээн босголт, эдийн засгийн дахин сэргэлтийн баримт бичиг дээр ажиллах бүлгийн анхны уулзалт болсон байна.
Үүнд АНУ-ын талаас Жаред Кушнер, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компаниудын нэг болох BlackRock-ийн захирал Ларри Финк нар оролцжээ.
Axios-ын мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 11-нд АНУ болон Украины өндөр албан тушаалтай цэргийн төлөөлөгчид виртуал уулзалт хийж, АНУ-ын энхийн төлөвлөгөөний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ








.png)
























































Сэтгэгдэл