О.Цогтгэрэл: Монгол Улс өнөөдөр хагас ардчилал, хагас зах зээлийн эдийн засагтай орон боллоо

Aдмин / Улстөр

"Монголын ардчилал: Түүхэн сургамж, үр дүн, ирээдүй сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр Ардчилсан нам МУИС-тай хамтран зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн болон Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж буй гол зорилго юу вэ?

-Өнөөдөр/өчигдөр/ их чухал өдөр. Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр анхны ардчилал, эрх чөлөөний жагсаал цуглаан болж байлаа. Тиймээс Ардчилсан намынхан маань арванхоёрдугаар сарын 6 буюу ардчиллын төлөөх намууд нийлж байсан өдрөөс эхлээд энэ өдрүүдийг онцгойлон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ хүрээндээ бид олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдгийн нэг нь өнөөдөр/өчигдөр/ МУИС-тай хамтран хийж байгаа эрдэм шинжилгээний хурал юм. Ер нь ардчилалын 35 жилийн сургамж сэдвийн хүрээнд хийж байна. Бидэнд өнгөрсөн хугацаанд хүрсэн амжилт, олсон ололт олон бий.

Эрх, эрх чөлөө, хувийн өмчтэй болсон гээд дурдаж болно. Гэхдээ мөн авах сургамж бас байна. Хурлын эхэнд МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын захирал Ч.Тамир илтгэл тавилаа. Гадны судалгааны байгууллагын судалгаагаар Монгол Улс ардчиллаас ухарч байгаа орнуудын тоонд орчихлоо.

Тэр тусмаа харьцуулж болох боломжтой Польш, Унгар зэрэг олон социалист системээс хамтдаа гарсан орнуудын хамгийн дор байна. Жишээлбэл, судалгаанаас сонсож байхад манайхтай ойролцоо яваа нь Унгар юм гэнэ. Яагаад гэхээр сонгуулийн дүнг урьдчилан тааварлах боломжтой болчихсон.

Хүний эрхийн олон асуудал, хэвлэлийн эрх чөлөө боомилогдсон. Учир нь төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд хэвлэлийг цензурддэг, хаалтын гэрээ хийдэг. Иргэний нийгмийн байгууллагууд нь хэлбэр төдий, улстөрчдөөс хамааралтай болчихсон гээд энэ бүх зүйл нь өөрөө ардчиллын ухралт болж хувирч байна гэж хэлж байна

-Ардчиллын индексээр ухраад байгааг зогсоох, урагшлуулахын тулд юу хийх ёстой гэж үзэж байна вэ?

-Миний хувьд бол маш тодорхой байр суурьтай байдаг. Бид төрийн оролцоог багасгах, тэр тусмаа эдийн засаг дахь төрийн оролцоог асар өндөр хувиар багасгах ёстой л гэж боддог. Мэдээж улс орны асуудалд эдийн засаг томоохон суурь ч гэсэн бусад нийгмийн болоод эрх зүйн, Үндсэн хуульт ёсны олон зүйл чинь нийлж байж ардчилал, хувь хүний эрх чөлөөний ойлголт болж хувирна.

Гэвч эдийн засаг дээр бидэнд хийх ажил маш их бий. Бид улс төрийн хувьд ардчилсан, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог 1990 онд сонгож авсан байхгүй юу. Харамсалтай нь одоо дүгнээд хэлбэл, бид хагас ардчилалтай, хагас зах зээлийн эдийн засагтай л орон боллоо.

Аливаа зүйлийг хоёрын хооронд хийвэл хийгээгүйгээсээ дор болдог гэж үгтэй. Яг үүн шиг бид өнөөдөр ардчилалтай ч юм шиг, үгүй ч шиг, зах зээлд шилжсэн ч юм шиг, үгүй ч юм шиг л байна. Зах зээлд шилжсэн гэх гэхээр нийт эдийн засгийнх нь 70-80 хувийг төр шийддэг ийм орон байдаг уу.

Ардчилалтай улс гэж хэлэх гэхээр олон улсын байгууллагууд танайх бүх талаараа ардчиллаас ухраад байна гэдэг. Ард иргэдийн дундах судалгаа түүнийг нь батлаад байдаг ийм ардчилсан орон байдаг юм уу. Тэгэхээр энэ байдал маань бидэнд маш том сургамж болж байна. Үүнийгээ л өөрчлөх ёстой.

-Ардчилсан нам төрийн өмчийг багасгах, төрийн өмчит компаниудыг бууруулах бодлого барьдаг. Хамтарсан засагт байхдаа энэ талын ажлуудыг эхлүүлж байсан. Гэтэл одоо болохоор төрийн өмчит компаниудын захирлуудыг сольсон болоод өнгөрөх нь гэж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Төрийн өмч дотор чинь агуулгаараа гурван зүйл байгаад байгаа юм. Төсөв эдийн засгийн маань бараг талыг нь төрийн өмчит компаниуд шийддэг. Үлдсэн жаахан орон зайг нь төрөөс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд буюу нефть хангамж, банк санхүү, уул уурхай зэрэг даргын гарын үсгээр асуудал шийддэг газрууд эзэлж байна.

Эдгээр нь нийлээд энэ зах зээлийн чинь бараг 90-ээд хувь нь болчихсон. Өнөөгийн эрх баригчид сүүлийн 10-аад жил засаглахдаа эдгээр зүйлийг жил бүр төсөв, үндсэн чиглэл УИХ-д орж ирэхэд лоозогнодог. Гоё болгоно, төрийн өмчийн олон нийтийн эзэмшилд өгнө гэдэг. Харамсалтай нь нэг ч үйлдэл хийдэггүй.

Төрийн өмчийг хувьчиллаа гэдэг мэдээлэл гардаг. Гэтэл зам засварын АЗЗА компаниудын таван хувь, Төрийн банкны 10 хувийг хувьчилсан л гэдэг. Энэ чинь олон нийтийнх болгож байгаа зүйл огт биш. Үүнийг суурь өөрчлөлт хийх ёстой болохоос биш ингэж өнгөц дүр эсгэсэн өөрчлөлт хийгээд яваад байж болохгүй.

Дүр эсгэснийх нь гороор өнөөдөр эдийн засаг ямар байдалд хүрч байна. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал ямар буйг олон нийт харж байгаа байх гэж бодож байна.

-Өнөөгийн парламент дээр Ардчилсан намын бүлэг завсарлага авч чадахгүй байдал хүртэл гарсан. Энэ нь ардчилал ухрахад нөлөөлж байгаа зүйлсийн нэг мөн үү?

-Энэ бол бид бүхний ярьж байсан зарчмын зүйлсүүд хуулийн засаглалын талд байсан гэдгийг харуулж байгаа үйл явц л гэж харж байна. Одоогийн парламент таван намын төлөөллөөс бүрдсэн. Тэнд ойлголцол, зөвшилцөл, мэтгэлцээний талбар байх ёстой болохоос биш аль нэг талыг нь барьчихсан нөхдүүд алх цохиод сууж байж болохгүй гэдэг эхнээсээ харагдаж эхэлж байгаа биз дээ. Цаашдаа улам ч их харагдана байх.

-Танай намын зүгээс татварын өршөөлийн асуудал ярьсантай холбоотойгоор төсвийн орлого тасарч, ингэж болохгүй гэсэн мэдэгдлийг Сангийн яамнаас гаргасан байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Миний хувьд энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгнө өө. Энэ оны эхний ес, аравдугаар сарын байдлаар Монгол Улсын төсөв 2-3 их наяд төгрөгөөр тасарсан. Аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй, өрөнд орчихсон байгаа учраас энэ асуудлыг ярьсан.

Асуудлын эх нь аж ахуйн нэгжүүд чинь хүндрээд юун татвартай манатай болчихсон болохоор үүнийг хөнгөвчлөх, татварын орчныг сайжруулах асуудлыг ярих ёстой юм байна гэдгийг харсан. Эхлээд төсөв чинь хүндэрчихсэн. Төсвийн орлогоо буруу тооцож, хэт өндөр төсөв тавьснаас болж ийм байдал бий болсон.

Ингээд аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй байдалд орж 75 мянган аж ахуйн нэгж өрөнд орчихсон байгаа учраас өршөөлийн асуудлыг ярьж байгаа юм. Түүнээс биш татварын өршөөлийн асуудлыг ярьсны дараа орлого тасарсан зүйл байхгүй. Бусдыг тэнэг гэж бодоод байх шиг байна.

-Өнөөдөр/өчигдөр/ олон улсын хүний эрхийн өдөр тохиодог. Монгол Улсад одоогийн байдлаар хүний эрх, эрх чөлөөний асуудал хэр байгаа гэж Ардчилсан нам үзэж байна вэ?

-Монгол Улс ардчиллаас ухарч байгааг би түрүүнд хэлсэн. Сонгуулийн автократ дэглэм рүү аажмаар алхан орж байгаа гэсэн дүгнэлтийг судалгааны байгууллагууд хэлээд байна. Тиймээс энэ бүхэн юунаас болж байна вэ гэдэг дээр эрдэмтэн судлаачдыг дүгнэлт хийж өгөөч гэж уриад энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм. Үүнээс тодорхой дүгнэлтүүд гараад олон, олон ажлыг хийнэ гэж бодож байна.

-Монгол Улсын ардчиллын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Ардчилсан тогтолцооны эх үндэс чинь нээлттэй систем. Тиймээс Монгол Улсыг би ямар ч байсан нээлттэй засаглалыг Үндсэн хуулиараа ч тэр, иргэдийнхээ санаа бодлоор ч тэр сонгож авсан гэдэгт эргэлздэггүй. Систем нь нээлттэй байхад тулгарч байгаа асуудал, алдаа мадгаа засч залруулаад явах боломжтой.

Асуудал хүндрэх, буглах боломжгүйгээр эрүүлжээд явдаг системийн өөрийнх нь онол ч байдаг. Тийм болохоор Монгол Улсыг нээлттэй орон, ардчиллыг бэхжүүлээд явах чадвартай улс гэдэгт эргэлздэггүй. Харин үүний тулд юуг хийх вэ гэдэг нь өнөөдрийн бидний асуудал, үүрэг.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Т.ДАРХАНХӨВСГӨЛ


Сэтгэгдэл

Энэүү [66.181.182.86] 2025-12-11 22:29:40

АН төрд гарвал ардчилал тогтож шударга ёс ялдаг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.