Евразийн интеграци буюу худалдааны түр хэлэлцээр
Засгийн газраас 11-р сарын 28-нд өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ баталлаа. Ингэснээр гадаад худалдаа өргөжих, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэх, эдийн засаг тэлэх өргөн боломж нээгдэж байна. Газар зүйн байрлалын хувьд хоёр хөршийн дунд оршдог, далайд гарцгүй манай улсын хувьд гуравдагч орнуудтай хийх худалдаа наймаагаа өргөжүүлж, үр өгөөж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг зорьж эрмэлзсээр ирсэн. Гэхдээ энэ нь тийм ч амар хялбар биш. Мэдээж хоёр том хөрштэйгөө эхлээд учир зүйгээ ололцох хэрэгтэй. Монгол Улсын гадаад худалдааны зах зээл тэднээс шууд хамааралтай.
Экспорт, импортод ОХУ, БНХАУ жин дарна. Тухайлбал, манай улс нийт экспортын 91.2 хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Энэ нь нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байгааг эдийн засагчид онцолжээ.
2024 онд 162 оронтой худалдаа хийсэн ч нийт худалдаа эргэлтийн 90 гаруй хувь нь хоёр хөршид ногдож байх жишээтэй. Энэ тэнцвэргүй байдлыг өөрчлөхөд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр чухал үүрэгтэй. Засгийн газраас хуулийн төслийг өргөн барихдаа худалдааны түр хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой гэж тооцоолжээ.
Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 42–152 хувиар нэмэгдэж, Монголын бүтээгдэхүүн гаалийн татваргүйгээр өргөн зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз гэсэн таван улсаас бүрддэг Евразийн эдийн засгийн холбоо бүс нутгийн интеграцийн нэгдэл хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр орнууд нэгдсэн татварын тогтолцоотой, бусад гадаад улс орнуудтай хийх худалдаанд нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлдэг зарчимтай.
Тухайлбал, импортоор орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 15-50 хувийн татвар ногдуулахаас гадна эрүүл ахуй, хорио цээр, техникийн өндөр шалгуур, шаардлагыг тавьдаг. Энэ нь Монгол Улсаас экспорт хийх боломжийг хязгаарладаг байна.
Ийм нөхцөлд дээрх түр хэлэлцээрийг байгуулснаар бүс нутгийн интеграцад нэгдэх, нэг эдийн засгаас хараат байдлыг бууруулах, экспортын зах зээлийг тэлж, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой. Хэлэлцээр байгуулснаар мах, арьс шир, ноос ноолуур зэрэг 367 нэр, төрлийн барааны экспортод тавих хязгаарлалт, мөн логистик, стандартын хаалтууд 10-15 хувь буурах юм байна. Одоогоор манай улсын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид Евразийн улс орнуудтай худалдаа хийх бэлтгэл, стандартын шаардлагыг хангаад байгаа аж.





















.png)









































Сэтгэгдэл