Франц улс нисэх онгоц тээгч шинэ хөлөг онгоц бүтээнэ

Aдмин / Гадаад мэдээ

Бүгд Найрамдах Франц Улс нисэх онгоц тээгч шинэ хөлөг онгоц барихаар төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гарагт мэдэгджээ.

2038 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй энэхүү хөлөг онгоц нь “Шарль де Голль” хөлөг онгоцыг орлох юм. Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа Европын орнууд цэргийн хүчээ бэхжүүлэхийг зорьж, Франц улс далай тэнгист хүчээ зузаатгахыг эрмэлзэж буй үед дээрх мэдэгдлийг хийлээ.

Нисэх онгоц тээгч шинэ үеийн хөлөг онгоц /PANG/ гэдэг нэртэй уг хөтөлбөр нь 10.25 тэрбум орчим еврогийн /12 тэрбум ам.доллар/ өртөгтэй байх төлөвтэй. Уг хөлөг онгоцонд 30 орчим сөнөөгч онгоц, багийн 2000 гишүүн багтах боломжтой бөгөөд 310 м урт, 85 м өргөн байхаар төлөвлөж байгаа нь “Шарль де Голль” хөлөг онгоцноос хамаагүй том юм.

Э.Макрон АНЭУ-ын Абу-Даби хотод, Ормузын хоолойн ойролцоох Францын цэргийн баазад энэхүү мэдэгдлийг хийсэн байна. АНЭУ бол Францын зэвсгийн томоохон худалдан авагч бөгөөд Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн чухал усан зам юм.

“Түрэмгийллийн үед бид хүчтэй байх ёстой. Би Францыг нисэх онгоц тээгч шинэ хөлөг онгоцоор зэвсэглэхээр шийдсэн. Энэхүү өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан” гэж Э.Макрон хэлсэн байна.

Зэвсэгт хүчин, ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Катрин Вотрин X хуудсаараа мэдэгдэхдээ, уг хөлөг онгоц Францын зэвсэгт хүчний “цөм хэсэг” болно гэжээ. Манай зэвсэгт хүчний ирээдүйн цөм хэсэг болох бөгөөд 2038 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж тэрбээр хэллээ.

Европын Холбооны цөмийн зэвсэгтэй цорын ганц гишүүн улс болох Франц нь АНУ-аас гадна нисэх онгоц тээгч цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоц ашигладаг цорын ганц улс юм. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой Европын бусад орнууд бол Их Британи, Франц, Итали, Орос, Турк юм.

Эх сурвалж: AFP
Э.ХУЛАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.