CNN: Мадуро болон түүний эхнэрийг Нью-Йорк мужийн хорих төвд хүргэжээ
АНУ-ын эрх баригчид Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силию Флоресыг Нью-Йоркийн Бруклин дүүрэгт байрлах хорих төвд хүргэсэн талаар CNN мэдээлэв.
Тэднийг тээвэрлэж явсан онгоц Нью-Йорк мужийн Стюарт дахь Үндэсний гвардын агаарын баазад орон нутгийн цагаар 16:30-д газарджээ. Дараа нь тэднийг Манхэттэнд аваачиж, АНУ-ын Хар тамхитай тэмцэх газар (DEA)-т шилжүүлж, улмаар нисдэг тэрэг, автомашин ашиглан хорих төвд хүргэсэн байна.
NBC News мэдээлснээр, Мадурод холбогдох хэргийн шүүх хурал Нью-Йоркийн шүүхэд нэгдүгээр сарын 5-ны өдөр болох бололтой.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэл
-
Цэргийн ажиллагаа: АНУ Мадурог баривчлахыг гол зорилгоо болгон, Венесуэлийн нийслэлд цэргийн ажиллагаа явууллаа. Америкийн талаас цэргүүд амь үрэгдээгүй бөгөөд техник хэрэгсэл эвдэрч сүйдээгүй. Каракас хотын цахилгаан хангамжийг түр хаах диверси хийсэн бөгөөд 150 онгоц оролцсон.
-
Мадурогийн баривчилгаа: Мадуро, Флоресыг шөнө дунд баривчилсан бөгөөд Трамп Мадурог “дарангуйлагч” гэж тодорхойлжээ. Америкийн засгийн газар Венесуэлийн удирдагчийг шүүхэд татан авчирч, шийтгэл хүлээлгэхээр төлөвлөжээ.
-
Венесуэлийг удирдах: АНУ Венесуэлийг шилжилтийн хугацаанд удирдах бөгөөд Трамп “аюулгүй, зохистой шилжилт хийх хүртэл” улсыг хянах болно гэж мэдэгдэв. Тэрбээр Америкийн эрх ашигт заналхийлсэн гадаад цэргийн болон зэвсгийн системүүдийг Венесуэлд байршуулахыг зогсоохыг зорьж байгаагаа онцолжээ.
-
Венесуэлийн удирдлагууд: Орлон гүйцэтгэгч Ерөнхийлөгч Делси Родригес АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьсан бөгөөд хамтын ажиллагаанд бэлэн болохоо илэрхийлжээ. Харин Трамп Мариа Корина Мачадог шинэ удирдагч болох магадлал бага гэж дүгнэсэн байна.
-
Газрын тосны салбар: АНУ-ын нэг талын Венесуэлийн газрын тосны экспортын хориг хүчин төгөлдөр байгаа бөгөөд Трамп Венесуэлийн газрын тосны салбар АНУ-ын мэргэжил, чадварын ачаар байгуулагдсан гэж мэдэгджээ. Америкийн компаниуд Венесуэлийн газрын тосны салбарыг сэргээж, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.
-
Орос, Хятадтай харилцах: Трамп Венесуэльд хийсэн ажиллагааны улмаас Орос, Хятадтай асуудал үүсэхгүй гэж мэдэгджээ.
НҮБ: Венесуэлийг удирдах Трампын төлөвлөгөөнд гүнээ санаа зовниж байна
Венесуэлд болсон үйл явдлын бодит байдлыг тогтоох бие даасан олон улсын багийн шинжээчид АНУ-ын эрх баригчдын тус улсыг удирдах төлөвлөгөө бүхий мэдэгдэлд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь улсыг довтлож, ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараах үйл явдалтай холбоотой аж.
НҮБ-ын хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд “Венесуэлийн нөхцөл байдал хурцдаж, тогтворгүй байдал нэмэгдэж буй энэ үед ойрын өдрүүдэд хүний эрх ноцтойгоор зөрчигдөх эрсдэл өндөр байгаад бид гүнээ санаа зовниж байна. Үүн дотор АНУ-ын засгийн газрын улсыг удирдах төлөвлөгөөний тухай мэдэгдэл орж байгаа ба энэ хооронд Венесуэлийн эрх баригчид онц байдал зарласан” гэж тэмдэглэжээ.
Багийн нэгэн шинжээчийн хэлснээр, Мадурогийн засгийн газраас хүний эрхийг зөрчсөн гэж үзэж болох зарим үйлдэл “АНУ-ын цэргийн оролцоо, олон улсын эрх зүйн нормыг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэжээ.
Энэхүү багийг 2019 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл байгуулсан бөгөөд шинжээчид 2014 оноос хойш Венесуэлд хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй үйлдлийг үнэлэн дүгнэсээр иржээ.
АНУ-ын Элчин сайд асан: Венесуэл дэх энэхүү "жишээ" Трампын эсрэг эргэж болзошгүй
АНУ-ын тэтгэвэрт гарсан дипломат, Саудын Арабад сууж байсан элчин сайд, Хятад, Тайланд дахь түр орлон гүйцэтгэгч Элчин сайд Чарльз Фриман ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө "АНУ-ын Засгийн газрын тэргүүн Дональд Трамп Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны үр дүнд нэгэн жишээ бий болгов. Энэ нь ирээдүйд АНУ-ын удирдагчийн эсрэг эргэж болзошгүй" гэж ярьсан байна.
Шинжээч “Мэдээж, энэ нь олон улсын эрх зүй болон улс орнуудын дээд удирдлагын бүрэн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ нь АНУ олон улсын хэмжээнд хуульгүйгээр ажиллаж байгааг баталж байна. Энэ нь Трампын эсрэг ч эргэж болох жишээг бий болгож байна” гэж онцолсон байна.
Фриман "Трамп Венесуэлийн засгийн газрыг унагаж, ямар нэг байдлаар улсыг удирдах санал гаргажээ. Энэ нь түүний үүсгэсэн гамшгийг улам дордуулах магадлалтай” гэж анхааруулсан байна.
Фриман сүүлийн хэдэн арван жил Вашингтонд консалтингийн нэг компанийн тэргүүн, заримдаа англи хэл дээр хэвлэгддэг хэвлэлд гадаад бодлогын шинжээчээр ажилладаг байна. Тэрбээр өмнө нь АНУ-ын Төрийн департамент, Батлан хамгаалах яамны төв аппаратад хариуцлагатай албан тушаал хашиж, 1993-1994 онд Олон улсын аюулгүй байдлын асуудлаар Батлан хамгаалах яамны туслахаар ажиллаж байжээ.
Фриман Венесуэл дэх АНУ-ын цэргийн ажиллагааны талаар дүгнэхдээ “АНУ-ын Үндсэн хуулийг үл тоомсорлож байна. Энийг сайн зүйл гэж хэлж болохгүй. Энэ үйлдэл Дональд Трамп үүрэгт ажилдаа дэндүү эрх мэдлээ ашиглаж, дураар аашилж буйг харуулж байна. Мөн Конгресс (ялангуяа Сенат, Төлөөлөгчдийн танхим дахь Республиканчуудын олонхи) түүний дарангуйллыг эсэргүүцэхгүй байна” гэжээ.
АНУ-ын армийн бригадын генерал, тэтгэвэрт гарсан Лоуренс Уилкерсон ТАСС-д ярилцлага өгөхдөө Мадурогийн баривчилгаа магадгүй Каракасын удирдлагын нэг хэсэг болон Вашингтонтой тохиролцсоны үр дүн байж болохыг онцолжээ. Тэр “Энэ нь нөхцөл байдлыг сайн мэдэж буй гол хүмүүсийн урьдчилсан дүгнэлтүүдэд үндэслэсэн ажиллагаа” гэж тодотгосон аж.
Ерөнхийдөө тэрбээр Трампын Венесуэлд авсан арга хэмжээг мафийн үйлдэлтэй зүйрлэжээ. Уилкерсон “Энэ нь хямд триллерээс ч дор. Энэ нь том гүрний үйл ажиллагаа гэхээсээ илүү мафийн үйлдэлтэй адил. Трамп бол сахиусан эцэг, Рубио нь түүний зөвлөх, баруун гар” гэж дүгнэжээ.
Уилкерсон АНУ-ын Зэвсэгт хүчинд 30 гаруй жил ажиллаж, Вьетнамын дайнд оролцсон бөгөөд дараа нь Батлан хамгаалах яам, Төрийн департаментын удирдлагад ажиллаж байв. 1989-1993 онд Колин Пауэллийн туслах, 2002-2005 онд Төрийн нарийн бичгийн даргын аппаратыг удирдаж байжээ. Дараа нь АНУ-ын хэд хэдэн их сургуульд ажилласан байна.
Бразил АНУ Венесуэл рүү довтолсныг "дэлхийн тогтвортой байдлын аюул" гэж нэрлэв
Бразилийн Конгрессын гишүүн Реймонт Отони ТАСС-д "АНУ-ын Венесуэл өгсөн цохилт Өмнөд Америкийн бүх тивийн тусгаар тогтнолд халдсан үйлдэл төдийгүй дэлхийн тогтвортой байдлын аюул" гэж ярьжээ.
Тэр “АНУ Венесуэл рүү довтолсноор дэлхийн тогтвортой байдал, манай тивийн тусгаар тогтнолд ноцтой аюул учруулсан” гэж онцолсон байна.
Реймонт Отонийн хэлснээр, нэгдүгээр сарын 3-нд Боливарын Бүгд Найрамдах Улсын хууль ёсны ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан Америкийн эрх баригчид газрын тосны ордуудыг хянах сонирхолтой болохоос тус улсын эдийн засгийг сайжруулахыг зориогүй аж.
Гишүүн “АНУ-ын оролцооны дараа ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулсан нэг ч улс орон байсангүй. Өөрийн империализмын хүслийг гүйцэлдүүлэхдээ АНУ зөвхөн сүйрэл авчирдаг” гэж дүгнэжээ.
Эх сурвалж: TASS, CNN
Б.ЖАРГАЛ


































































Сэтгэгдэл
Зочин [59.153.115.124] 2026-01-05 04:06:12
Foreigners deliberately elect socialists in their countries to become refugees in USA. Монголчууд сонгуулиар албаар Ардын намыг сонгож, дараа нь хуучны коммунистууд хавчиж байна гэсэн нэрийдлээр АНУ-аас орогнол хүсэх гэж байгаа. Зүүний намыг сонгодог нь гадаадад орогнол хүсэх зорилго агуулдаг.
Зочин [176.215.224.70] 2026-01-05 03:05:10
Дэлхийн МАФИ гэж энэ дээ
Америкт ойрхон байх нь хог юм аа. [66.181.187.237] 2026-01-05 00:45:52
Том, их баян, зэвсэг үйлдвэрлэдэг Украйн сүйрч, удахгүй ногоорсон ерөнхийлөгч нь солигдох гэж БАЙХАД жижигхэн, ядуу, ганц нефтьтэй Венесуэлийн тэргүүн эхнэртэйгэ шорон явах ЮҮ Ч БИШ юм байх аа. Өрөвдөлтэй л юм.
Зочин [210.160.217.68] 2026-01-04 13:16:01
Saddam Huseini araas yavlaa daa…