Цэвдгийн хэмжээ хоёр дахин багасжээ
Монгол бол дэлхийн хамгийн их цэвдэгтэй таван орны нэг гэдгийг Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа мэдээлжээ.
Монголын газар нутгийн 60 хувьд цэвдэг тархсан судалгааг 1970-аад онд хийсэн бол энэ хэмжээ одоо 29 хувь болж хоёр дахин багассан байна. Цэвдэг нь Хангай, Хөвсгөл, Алтай, Хэнтийн уулархаг бүс, уулс хоорондын томоохон хотос, хөндийд элбэг тохиолддог.
Цэвдэг нь хоёр ба түүнээс дээш жил дараалан 0°C-аас доош температуртай хэвээр хадгалагддаг хөрс, чулуулгийн давхарга бөгөөд газрын гүнд чийг, мөс агуулан оршдог, газрын гүн, гадаргын усны эх бүрэлдэх, биологийн олон янз байдалд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэгч экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Экосистемд дулаан, чийгийн горимыг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэхээс гадна эртний амьтан, ургамал, археологийн олдвор, булш бунхныг сайн хадгалдаг байгалийн маш сайн “хөргөгч” гэдэг. Мөн усны нөөц, гол горхины эх бүрэлдэн бий болоход гол нөлөөтэй. Манай орны ихэнх гол горхи цэвдэгтэй газраас эх авдаг билээ.
Тиймээс цэвдгийг хамгаалж буй байгалийн хүчин зүйлс ой мод, ургамал бүрхэвч, хөвд, ус чийгийн тогтвортой нөхцөлийг доройтуулахгүй, бэлчээрийг зохистой ашиглах нь чухал юм.
Дэлхийн 48 оронд цэвдэг тархсан байдаг ажээ.



































































Сэтгэгдэл