Европ, Өмнөд Америкийн орнууд чөлөөт худалдааны гэрээг эцэслэн байгууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Европын Холбоо ба Өмнөд Америкийн дөрвөн улсын байгуулсан Меркосур эдийн засгийн холбооны хооронд өргөн хүрээтэй худалдааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа бямба гарагт Парагвай улсын нийслэл Асуньон хотод боллоо.

Уг баримт бичигт Европын Холбоо болон Меркосурын бүрэлдэхүүнд багтдаг Бразил, Аргентин, Парагвай, Уругвай улсуудын төлөөлөгчид гарын үсэг зурав. Ингэснээр Европын Холбоо /ЕХ/ болон Өмнөд Америкийн 27 улс дэлхийд томоохонд тооцогдох чөлөөт худалдааны бүсийг байгууллаа.

Ёслолын ажиллагаанд Европын зөвлөлийн дарга Антониу Кошта, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен нар оролцсон байна. “Татварын оронд шударга худалдааг, өөрсдийгөө тусгаарлахын оронд үр дүнтэй удаан хугацааны түншлэлийг бид сонголоо” гэж фон дер Ляйен онцлон тэмдэглэлээ.

Гарын үсэг зурах ёслолд мөн Парагвай, Уругвай, Аргентин, Боливи, Панам улсуудын ерөнхийлөгч нар, Бразилын Гадаад хэргийн сайд оролцов.

Чөлөөт худалдааны гэрээг байгуулах асуудлаарх хэлэлцээ 2000 онд эхэлж, 25 жилийн турш үргэлжилжээ. Талууд удаан хугацааны туршид гэрээний нөхцлүүдийг тохиролцохоор ажиллаж, дэлхийн худалдаанд томоохон өөрчлөлтүүд гарч буй үед гэрээг боловсруулж бэлэн болгожээ. Энэхүү гэрээ нь Европ ба Өмнөд Америкийн улсуудын хооронд худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нэмэлт боломжуудыг нээн өгч байна.

Тодорхой хэлбэл, нийт 718 сая хүн амтай, 22.4 их наяд долларын ДНБ бүхий улс орнууд чөлөөт худалдааны бүсийг байгууллаа. Меркосур бол Аргентин, Уругвай, Парагвай, Бразил, Боливи гэсэн Өмнөд Америкийн улсуудыг нэгтгэдэг эдийн засгийн холбоо бөгөөд 300 сая хүн амтай, тус тивийн ДНБ-ий 75 гаруй хувийг бүрдүүлдэг.

Сануулан дурдахад, энэ сарын 9-ний өдөр Брюссельд суугаа Европын Холбооны төлөөлөгчид удаан хэлэлцсэний эцэст уг хэлэлцээрийг дэмжсэнээр түүнийг эцэслэн батлах зам нээгдсэн юм. Хэлэлцээрийг батлахын тулд ЕХ-ны гишүүн 27 улсын 15 нь дэмжсэн санал өгөх шаардлагатай байв.

Эх сурвалж: DW
Б.АДЪЯАХҮҮ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.