Дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.14) нэгдсэн хуралдаан УИХ-ын 83 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэй 10.05 цагт эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр товлосныг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцуулаад эртэч гишүүдийн нэрийг дуудлаа. Хамгийн түрүүнд ирж, ирцээ бүртгүүлсэн УИХ-ын гишүүд нь Б.Уянга, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар байв.

Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулахдаа, сүүлийн жилүүдэд олон улсын эдийн засгийн орчин тогтворгүй, хэлбэлзэл өндөр, тодорхойгүй байдал нэмэгдэж, геополитикийн хурцадмал байдал үүссэн, түүхий эдийн үнийн хэлбэлзэл зэрэг нь манай улсын эдийн засаг, төсвийн орлогод нөлөөлж эхэлсэн. Ялангуяа гадаад зах зээл дэх үнийн өсөлт, нийлүүлэлтийн эрсдэл нь инфляц болон өрхийн хэрэглээний зардалд дарамт учруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд Засгийн газар макро эдийн засгийн болоод төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангаж, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилтыг тэргүүн эгнээнд тавьсан хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн өөрчлөлт оруулах төслийн хүрээнд бага орлоготой өрхөд өндөр хувьтай буцаан олголт олгох шаталсан тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхээр тусгасан. Иргэдийн татварын ачаалал, далд эдийн засгийг бууруулах зорилготой уг зохицуулалтыг өнөөгийн нөхцөл байдал, төсвийн орлогын эрсдэлээс улбаалан харгалзан үзэх шаардлага үүссэн. Засгийн газраас НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэгдүүлэх талаарх зохицуулалтыг хүчингүй болгож, одоогийн мөрдөж байгаа 20 хүртэл хувийн буцаан олголтын зохицуулалтыг хэвээр хадгалахаар хуулийн төслийг боловсрууллаа. Ингэснээр төсвийн орлогын тогтвортой байдлыг хамгаалах, инфляцын дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах, дунд хугацааны хөгжлийн санхүүжилтийн чадавхыг хадгалах чухал ач холбогдолтой хэмээв.

Түүнчлэн төсвийн тодотголыг өргөн мэдүүлэх хугацаатай холбоотой хэт хатуу зохицуулалт байгааг боловсронгуй болгохоор төсөлд тусгажээ. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд төсвийн тодотгол өргөн мэдүүлэхийг хориглосон нь бодлогын шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг хязгаарлаж байна гэв. Иймд төсвийн тодотголтой холбоотой зохицуулалтыг хасаж, эдийн засгийн бодит нөхцөлд нийцүүлэн төсвийн бодлогыг уян хатан хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдлаа. Үүний үр дүнд төсвийн бодлогын шуурхай хариу үзүүлэх, орлого, зарлагын тэнцвэрт байдлыг цаг алдалгүй зохицуулах, төсвийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх боломж бүрдэх ажээ.

Хуулийн төслүүдтэй холбогдох Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Сэддорж танилцуулж, УИХ-ын байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэж, төслүүдийг хэлэлцэх үеэр Байнгын хороодын гишүүдээс гаргасан саналуудыг илтгэв.

Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Уянга, байнга хэлбэлзэж байдаг төсвийн хүрээний мэдэгдлийг батлах шаардлагатай эсэх, дэлхийн жишиг ямар байдаг талаар, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хүргүүлсэн саналынхаа хариуг тодруулж, УИХ-ын гишүүн Б.Бейсен, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, даатгал, эм бэлдмэлийн санхүүжилтийг шийдэх, улсын эмнэлгүүдээ дэмжих, УИХ-ын гишүүн Ө.Шижир, хэт өөдрөг төсөвлөлт яваандаа хортой үр дагаварт хүрч, хүнд байдалд орж болзошгүй талаар тодруулж, байр суурь илэрхийлэв.

Жил бүр төсвийн төсөөллийг хэлэлцэхдээ давтагддаг төсөв, санхүүгийн бодлогын асуудлыг төсөлдөө тусгах асуудлыг УИХ-ын гишүүн Д.Ганмаа хөндөж, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. 208 хуулиар зардлыг хуульчилж баталдаг, 150 гаруй төслийг шинээр, хөндлөнгөөс нэмж тусгадаг байдлыг яаралтай засаж, залруулан зохицуулах шаардлагатай гэсэн хариулт өгсөн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун, ирэх оны чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах зохицуулалт үйлчлэх талаар тодруулахад, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, шинээр баталсан хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа, зөвхөн чихэрлэг ундааны татвараас 154 тэрбум төгрөгийн орлого орох төсөөлөлтэй байна гэв.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хүчингүй болгож байгаагийн зорилго, шалтгааныг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан асуув. Эдийн засгийн бодит чадавх ханаад эхэлсэн тул шинэ орчин, шинэ хөрөнгө оруулалтыг бий болгох, хувийн хэвшлээ дэмжиж, эрс шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол урсгал зардалдаа бүхнээ зориулж байна гэсэн хариултыг Ж.Энхбаяр сайд өгсөн юм.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, салбар тус бүрд нөлөөллийн судалгаа хийх, зуд, гамшгийн эрсдэлийг судалсан эсэх, гадаад өр, зээлийн нөхцөл байдлын талаар, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, үнийн өсөлтийг бодитой тооцсон эсэх, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, ирэх жилийн төсвийн төсөөллийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар төсөл байгааг, үдийн хоол хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхийг, УИХ-ын гишүүн Б.Заяабал, малчдын нөхцөл байдлыг харгалзсан эсэх талаар асууж, байр сууриа илэрхийллээ.

Засгийн газрын төлөөлөл гишүүдийн асуултад хариулахдаа, төсвийн төсөөлөл, улсын төсвийг хэлэлцэх үеэр гишүүдээс олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг санал болгодог нь ачааллыг хүндрүүлж, бодит байдлаас хэт давсан байдал үүсгэдэг явдлыг шинэ зохицуулалтаар хязгаарласан хэмээв. Төсвийн орлого тасалдаагүй, харин өнгөрсөн онд эмч, багш нарын цалинг огцом нэмсэн нь нэмэлт орлого шаардлага үүссэн, дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан санхүү, төсвийн мэдрэмжтэй шийдвэр чухал байгаа гэж Ж.Энхбаяр сайд хариулсан юм. Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтад хувь, хувьсгалыг ялгахгүй, ялангуяа эрүүл мэндийн салбарт энэ бодлого үйлчилж, иргэд харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах бол тухайн эмнэлэг үйлчлүүлэгчээсээ нэмэлт төлбөр авахгүй гэсэн шаардлагыг тавих болно гэв. Бидэнд суурь боломж байгаа, эхнээсээ томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хэмээн Тэргүүн шадар сайд онцлоод, эрчим хүчний, дэд бүтцийн, тээврийн томоохон төслүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төсөлд тусгасныг дурдав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариулахдаа төсвийг ухаалгаар зарцуулах шаардлагатайг тодотгож байв. Тэрбээр халамжийг зорилтот бүлэгт хүргэх санал боловсруулж, төслөө оруулж ирье, төсвийн урсгалд реформ хийх цаг ирчихлээ гэж хариуллаа.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга С.Бямбацогт дэгийн дагуу нэг цагаар сунгасныг мэдэгдэж, хуралдаан гишүүдийн асуулт, Ерөнхий сайдын хариултаар үргэлжлэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, НӨАТ-ын буцаалт бол эдийн засгийн бүртгэх ач холбогдолтойг, цалин, тэтгэврийг УИХ-аар хэлэлцдэг байдлыг болиулах, мега төслүүдээ эрэмбэлэх, хулгайн асуудлыг илчлэх, тодорхой болгох асуудлыг тодрууллаа. Нийгэмд анхаарал татаж байгаа асуудлаар гишүүд санаачлага гаргаад хэлэлцүүлэх, хариуцлагын асуудлыг хөндөх боломж бийг хуралдаан даргалагч сануулав. Ерөнхий сайд Н.Учрал, дундаж иргэдээ дэмжиж байж улс хөгждөг. Гэхдээ НӨАТ бол тансаг хэрэглээтэй холбоотой учраас эдийн засаг хүнд байгаа үед буцаалтыг нэмэх бус хувь хүний орлогын албан татварыг тэглэе. Хөдөлмөрлөж буй иргэдээ дэмжье гэж хариуллаа.

Чуулганы хуралдааны танхимд үг хэлэх боломжоо ашиглахдаа нэгнээ үндэслэлгүй гүтгэх, нэр хүндэд халдах байдал хэрээс хэтэрсэн, цаашид нийгэмд үл итгэлцэл, хардалт үүсгэж байгаа асуудлуудыг парламентаар хэлэлцэж, хяналтын сонсгол явуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцдог болно хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт онцлон дурдав.

Цалингийн нэмэгдлийг бодит байдалдаа нийцүүлэх, эдийн засгийн өсөлтөө хадгалах бодлогын талаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Хүнсний хувьсгал, “Шинэ хоршоо” хөтөлбөр, жижиг, дунд үйлдвэрлэлийг төсөлд тусгасан эсэхийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тодруулсан. “Шинэ хоршоо”-ны зээлийн эргэн төлөлт 90 орчим хувьтай явааг Шадар сайд Н.Номтойбаяр танилцуулав.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа хуулийн төслүүдийг дэмжих эсэх талаар УИХ-д суудалтай нам, эвслийн төлөөлөл үг хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болормаа, нарийвчилсан тооцоолол хийж, үнийн өсөлтийг хязгаарлахтай холбоотой бодлого барихгүй бол байдал хүнд байгааг, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, дунд шатан дахь хулгайтай тэмцэж, хариуцлага тооцох, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, гишүүдийн бүрэн эрхийн талаар байр сууриа илэрхийлсэн.

Төрд итгэх итгэл суларч байгааг гишүүд анхаарч, үнэн зөв мэдээлэлд тулгуурлах, парламентын дархлааг сайжруулахад та бүхний оролцоо, идэвх чухал байна хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт тодотгоод, УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан тухай цахимд түгсэн мэдээлэл ор үндэслэлгүй, энэ талаар УИХ-ын Тамгын газраас тодруулахад, нэг ч гишүүн дэмжлэг аваагүй нь тодорхой болсон гэв. Тэрбээр, Гадаад томилолтын тухайд цаашид ил тод нээлттэй мэдээлж хэвшинэ. Ялангуяа бусад улс орны зардлаар гадаадад аялдаг, ажиллах зохистой бус гэдгийг хаана хаанаа ухамсарлаж, төр, түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг хичээхийг сануулаад парламентын сахилга, хариуцлагыг чангатгана хэмээв.

Санал хураалтыг үдээс хойш явуулахаар түр хойшлуулснаар үдээс өмнөх хуралдаан завсарлав. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны, Цусны донорын тухай хуулийн төслийн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.