Авто тээврийн тухай хуулийг шинэчилнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаараа Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. 1999 онд Авто тээврийн хууль батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь тус хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж, цаашид хэвийн мөрдөгдөхөд хүндрэлтэй болсон хэмээн Засгийн газар үзжээ.
2014 онд зорчигч тээврийн 98 хувь, ачаа тээврийн 68 хувийг авто тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн байна. Авто тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 20 жилийн хугацаанд тав дахин өссөн бөгөөд 2014 онд Монгол Улсад 740 гаруй мянган тээврийн хэрэгсэл тоологдсон байна. Үүнээс 430 гаруй мянган тээврийн хэрэгсэл нь хувийн автомашин байгаа аж.
2012 оноос 21 аймгийг нийслэлтэй авто замаар холбох бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан орон нутгийн автот ээврийн хэрэгслийн тоо огцом өсч байна. Мөн шатахуун хангамж зэрэг авто тээвэртэй холбоотой олон асуудал үүсч байгаа тул Авто тээврийн хуулийг нэн яаралтай хэлэлцэж батлах шаардлага тулгарсан байна. Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг нэн даруй боловсруулахыг Зам тээврийн сайдад үүрэг болгосон байна.
Ж.ГАНАА
Сэтгэгдэл