Нефтийн үйлдвэрийнхээ шавыг тавих цаг болсон

Д.Тулга / Эдийн засаг

neft

Манай улсын хувьд бензин, дизель зэрэг газрын тосны бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас 100 хувь хамааралтай байдаг. Газрын тосны бүтээгдэхүүнээ хангахын тулд дотооддоо үйлдвэр барих нь манай улсад нэн шаардлагатай юм. Ард түмний өдөр тутмын хэрэгцээт барааны үнийн суурь болж байгаа бензин, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол эдийн засгийн маш том хөшүүрэг болно.

- ИРЭХ ОН ГЭХЭД НЕФТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО ГЭЖ БАЙВ -

Засгийн газрын шийдвэрээр “Дархан-Газрын тосны үйлдвэр” төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулахыг даалгаад хоёр жилийн нүүр үзжээ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орвол жилд нэг сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд Японы олон улсын банкны санхүүжилтээр урьдчилсан ТЭЗҮ нь хийгдчихсэн хэмээн ярьж байсан юм. Уул уурхайн сайд Р.Жигжид нэгэнтээ “Урьдчилсан ТЭЗҮ болон Японы талынхны хэлж байгаагаар энэ хавар ажил нь эхэлвэл 2016 оны хавар дуусна. Гэхдээ урьдчилж шийдэх, зохицуулах асуудал ч байна. Бид яг үүн дээр ажиллаж байна. “Дархан-Газрын тосны үйлдвэр”-ийн санхүүжилтийг япончууд бүрэн шийдэхээр байгаа шүү дээ. Харин дотоодын компаниудын хувьд Засгийн газраас хориглоод байгаа юм байхгүй. Зургаан компанид тусгай зөвшөөрлийг нь өгчихсөн байгаа. Үйлдвэр барих асуудал нээлттэй гэсэн үг. Гэхдээ гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээ, дайвар бүтээгдэхүүний хувьд ялгаатай төслүүд байгаа юм. Тусгай зөвшөөрөл өгнө гэдэг бол Засгийн газар зөвшөөрчихсөн гэсэн үг. Ерөнхий сайд энэ компаниудын төлөөллийг бүгдийг нь дуудаж, нэг бүрчлэн уулзсан шүү дээ. Засгийн газар аль болох чөлөөтэй, нээлттэй бодлого баримталж байгааг дахин хэлье. Дарханы төслийн хувьд бэлэн болсон, олон жилийн турш яригдаж байгаа учраас олны анхааралд өртөөд байх шиг байна.

Бидний хувьд аль болох хурдан бас алсыг харсан төслийг дэмжмээр байна. Зөвхөн энэ төслийг сонгочихоод бусдыг нь хаяад байгаа зүйл огт байхгүй” хэмээн хэлж байсан юм. Хэрвээ үнэхээр хэлсэн нь ажил хэрэг болвол ирэх оны хавар гэхэд манай улс нефтийн үйлдвэртэй болох аж.

-НЕФТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР ЖИЛ БҮР 5.2 ТЭРБУМЫГ ХЭМНЭНЭ-

Албаны хүнээс энэ талаар тодруулахад “Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний олборлолт 2014 оноос жилд нэг сая тоннд хүрч байгаа. Монгол Улс өнгөрсөн онд нийт 5.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авсан. Үүний 9.8 хувь буюу 512 сая ам.доллар нь нефть химийн бүтээгдэхүүн бөгөөд шатахууны эзлэх хувь нийт импортын барааны 28 хувь байгаа юм.

Энэ нь 1.5 тэрбум ам.доллар гэсэн үг. Ингээд үзэхээр манай улс өөрсдөө дотооддоо хоёр гурван ч үйлдвэр барих мөнгөө гадагш урсгадаг” хэмээн хэлж байв. Юутай ч эдийн засгийн энэ нөхцөлд, валютын савалгаанд байгаа цаг үед нэн даруй шийдвэрлэх алхам бол нефтийн үйлдвэр юм. Тиймээс одоо л Засгийн газар суурийг нь сайн тавиад өгвөл энэ нь Монгол улсын хувьд маш том хөрөнгө оруулалт төдийгүй эдийн засгийн чухал алхам болно.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.