СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар ОРОН НУТГИЙН замд 87 хүн амиа алдлаа

Д.Тулга / Эрүүл мэнд

osol

Зам тээврийн осол, тэр дундаа орон нутгийн замд гарч байгаа осол хэргийн тоо буурахгүй байна, олон хүн амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч, амьдын хагацал үзсээр байна гэх мэдээллийг Замын цагдаагийн газраас ч байн байн мэдээлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн бид ч аль болох мэдээллийг нь түгээж, олон нийтэд сэрэмжлүүлсээр өдийг хүрсэн.

Гэвч энэ бүх мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг нэг л бодит үр дүнд хүрэхгүй байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг манай жолооч нарын хайнга, хэнэггүй зан байдлаас болж орон нутагт гарч байгаа зам тээврийн осол гэмтлүүд буурахгүй байсаар байна. Өнгөрсөн даваа гаригт л гэхэд орон нутгийн замд хоёр ч ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагийн сууж явсан НТЗАвто баазын Т.Ландкрузер маркийн автомашины жолооч Б нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Боргочингийн гүүрнээс баруун тийш 6 км-ын замд хонь мөргөж онхолдсон байна. Улмаар уг машинд сууж явсан Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа болон жолооч Б нар хүнд гэмтсэн бол дэд сайдын нөхөр зорчигч 48 настай эрэгтэй Г нас барсан харамсалтай хэрэг гарав. Уг машин яг ямар учраас хонь мөргөж осол гаргах болсон шалтгааныг Булган аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм билээ. Дэд сайд бүсгүй “Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ыг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаад буцаж явсан юм билээ.

Түүнчлэн ИЗИС-ийн багш нар Эрдэнэт орохоор явж байгаад осолдож нэг хүн нас барж, долоон хүн гэмтсэн осол гарав. Тодруулбал Төв аймгийн Бор нуур сумын Өгөөмөр нэгдүгээр багийн нутаг УБ-Дархан чиглэлийн 105-106 км-т Х.Аванте маркийн Б жолоочтой авто машин нь Т.Ист маркийн авто машинтай мөргөлдөж 28 настай эрэгтэй О нас барж долоон хүн гэмтсэн юм. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар нас барсан эрэгтэй нь ИЗИС-ийн декан байсан, гэмтсэн долоон хүнээс хоёр эмэгтэй багш нь сэхээнд байгаа талаар мэдээлсэн. Энэ бүгдийг нэхэн сануулж байгаа нь хүний мууд дурласан хэрэг огт биш юм. Ердөө л жолооч нартаа энэ мэт санамсар болгоомжгүйгээсээ болж осолдож, эндэх вий гэсэндээ сэрэмжлүүлэг мэдээлэл бэлтгэх гэсэн юм. Зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэрсэн хүмүүсийн дийлэнх нь тархи нуруу нугас, цээж хэвлий, хөлөндөө голцуу бэртдэг бөгөөд энэ нь цаашлаад насан туршдаа тахир дутуу, саажилттай болох эрсдэл гэдгийг жолооч нар санаж явууштай. Хэдийгээр мөнгөөр техник хэрэгсэл, эд бараа бүтээгдэхүүн худалдан авч чадах ч хүний амь нас, эрүүл мэднийг хэзээ ч мөнгөөр үнэлж, орлуулж чадахгүй.

osol-ОН ГАРСААР ОРОН НУТГИЙН ЗАМД 87 ХҮН АМИА АЛДЖЭЭ-

Урин дулаан, амралт зугаалыг цаг эхэлж байгаатай холбоотойгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирсоо байгааг Замын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргал мэдээлж байна. Тэрбээр “Хөдөө орон нутагт осол аваар гарч байгаа гол шалтгаан нөхцөл бол жолооч нар согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлснээс зогсоох арга хэмжээ авч чадахгүй байдал орох. Хэдийгээр замын цагдаагийн газраас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа боловч иргэд энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Заавал ойр дотны хэнд нэгнийхээ амь насыг хохироож, эрүүл мэндээрээ хохирсны дараа ухаардаг биш, бидний өгч байгаа мэдээлэлд дүгнэлт хийж, өөрсдийнхөө ахуй амьдралд мөрдлөгө болгож байгаач гэдгийг иргэддээ сануулж хэлье” гэсэн юм.

2015 он гарсаар улсын хэмжээнд нийт зам тээврийн осол хэрэг 870 бүртгэгдэж, үүнээс 554 хүн хүнд хөнгөн гэмтэж, 141 хүн нас баржээ. Үүнээс хөдөө орон нутгийн замд гарсан зам тээврийн осол гэмтэл 365 бүртгэгдэж, 230 хүн хүнд хөнгөн гэмтэж, 87 хүн нас барсан байна. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн хэрэг 13%, гэмтсэн хүний тоо 14%-иар өссөн байна. Харин нас баралт 4,7 хувиар буурсан тоон үзүүлэлтийг Замын цагдаагийн газраас гаргажээ.

Л.АМАРЖАРГАЛ: ХҮРЭХ ГАЗРАА ЭСЭН МЭНД ХҮРЧ БАЙВАЛ ТАНЫ ӨНӨӨДРИЙН ЗОРИЛГО БИЕЛНЭ

Замын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас тодруулснаа хүргэж байна.

-Орон нутгийн замд яг ямар шалтгаанаар осол их гарч байна вэ?

-Хөдөө орон нутгийн замууд үзэгдэх орчин хязаарлагдмал, нарийн, эвдрэл гэмтэл ихтэй байдаг. Ялангуяа шөнө оройн цагаар орон нутгийн замд осол гарах нь нь их. Хэрвээ та хамгийн хайртай дотны хэн нэгнийгээ аваад хөдөө орон нутгийг чиглэн явах гэж байгаа бол нэгдүгээрт тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваач. Хоёрдугаарт хөдөлгөөнд оролцож байгаа бусад жолооч нарт мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу ослын тэмдэгээ байршуулах хэрэгтэй. Мөн автомашиндаа наасан цацруулагч нь тухайн жолоочид мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Түүнчлэн тээж яваа ачаа болон тухайн зорчин явах замын гадаргууны байдал, тухайн орон нутгийн онцлогт тааруулан тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж явах нь хамгийн чухал байна. Эрт дээр үеэс монголчууд “Та сайн явж ирэв үү?” гэж асуудаг байснаас биш “Та хурдан явж ирэв үү?” гэж асуудаггүй байсан. Хурдан явсан ч, удаан явсан ч та хүрэх газраа эсэн мэнд хүрч байвал таны өнөөдрийн зорилго биелж байгаа шүү дээ гэдгийг иргэд та бүхэн бодож, нэгийг тунгаана биз.

-Орон нутгийн замд согтуу жолооч нар хөдөлгөөнд оролцох нь их байна уу?

-Цагдаагийн хяналт шалгалт байхгүй болчихлоо гэж бодож, хотоос гарангуут овоо гүвээн дээр архи өргөх, түүнээсээ амсах, бүр хэн нэгний ятгалгаар архи дарс ууж хөдөлгөөнд оролцох тохиолдол ажиглагдсаар байна. Энэ байдлаас болж өнгөрсөн жилүүдэд ч олон хүн амиа алдсан. Энэ жил ч амиа алдсаар байна. Тиймээс аливаа осол гэмтээс өөрйигөө болон бусдыг хамгаалж, архи уусан үедээ жолоо барихгүй байхыг дахин дахин уриалмаар байна.

-Жолооч нарын буруугаас гадна замын чанар осол аваар гарахад нөлөөлж байгаатай санал нийлэх үү?

-Дархан Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлийн зам хамгийн их эвдрэлтэй. Энэ байдлаас болж өнгөрсөн жилүүдэд ч уг зам дээр хэд хэдэн хүний амь нас эрсдэж, олон хүн гэмтэж бэртэж байсан. Энэ замыг барьсан байгууллага нь стандартын шаардлага хангасан зам хийгээгүйн улмаас ойр ойрхон замын эвдрэл үүсдэг, жолооч нар замын эвдрэлийг зайлшгүй тойрч гарахын тулд дүрэм зөрчих тохиолдол ажиглагддаг. Ингэж яваад осолдож, амь нас, эрүүл мэднээрэ хохирч байгааг үгүйсгэхгүй. ЦЕГ, МХЕГ, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс шалгалт хийхэд уг зам нь стандартын шаардлагад нийцэж баригдаагүй, жолооч нарт өгч байгаа замын тэмдэг тэмдэглэгээ цөөхөн, жолооч нараас ангид байршсан зэрэг нь осол гарах шалтаг шалтгаан болсоор байгааг тогтоосон.

-ӨӨРӨӨСӨӨ ӨӨ ХАЙЖ, ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙЦГЭЭЕ-

Хэрвээ та хөдөө орон нутагт хөдөлгөөнд оролцож явахдаа ямар нэг саадыг тойрч гарах гэж байгаа бол тухайн зам эрсдэлтэй байна уу үгүй юу, осол аваарт өртөж болзошгүй байгаа эсэхийг сайтар ажиглаж, шалгасны үндсэн дээр энэ үйлдлээ хийгээрэй. Ялангуяа гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаагүйн улмаас ямар нэгэн хурдтай ирж байгаа автомашинтай мөргөлдөх тохиолдол гарч байна. Замын хөдөлгөөнд оролцож яваа та бүхэн хүлээцтэй, тэвчээртэй зан хамгийн чухал. Өнөөдөр нэг жолоочийн урд гарсан, хоёр жолоочийн хойно гарсан ч та дүрмээ баримтлаад явбал ямарваа осол аваарт өртөхгүй байх бүрэн боломж бий. Гэтэл тэвчээргүй зангаасаа болж, тэр жолоочийг заавал гүйцэж түрүүлж байж “давсан” мэт болох юм шигээр сэтгэж, эсвэл нэг жолоочийг дагаад урсгал сөрөөд явчихвал болдог гэх ташаа бодлоосоо болж осолд өртдөг.

Өөрийнх нь сурч авсан буру хэвшил, зан үйл нь эргээд өөрт нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг манай иргэд ойлгодоггүй. Бусдад буруугаа үүрүүлэх дуртай улс. Ямар нэг зам тээврийн осол гарахад миний буруу байсан гэхээсээ өмнө хэрвээ энэ жолооч хурдаа хассан бол, хэрвээ хэрвээ... гэж бусдаас өө хайдаг. Үүний оронд нэг минут, хэдхэн секунт хүлээгээд энэ жолоочийн өнгөрүүлсэн бол өнөөдөр би осолд орох байсан уу хэрвээ хэрвээ... гэж өөрөөсөө өөг хайж, өөрөө өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй болов уу.

Түүнчлэн орон нутгийн замд осол гарснаас тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан хүүхдүүд бэртэж гэмтэж, амь насаа алдсаар байгаа бөгөөд манайхан хүүхэд тээвэрлэж явахдаа зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэж хэвшихгүй байгаг албаныхан дуулгалаа. Монголчууд хүүхэддээ хайртай юм уу гэвэл хайртай ард түмэн. Нөгөө талаар хамгийн хайргүй хүмүүсийн тоонд орчихоод байна. Чихэр жимс, гар утас, хөгжим, хувцас, брэндийн зүйлсийг хүүхэддээ хөрөнгө мөнгө хайрлахгүй авч өгдөг хэрнээ өнөөдөр 120-130 мянган төгрөгөөр хүүхдэдээ зориулаад хамгаалалтын суудал авч өгч байгаа эцэг эх хэд байгаа билээ. Хүүхдээ чихэр жимс, эд баялагаар хуураад өнгөрөх биш амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангахын төлөө санаа тавих цаг болжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.