"ACEM ВИЛЛА" хотхоны ажилд зориулж Туул голын усыг хааж ДАЛАН барьжээ
Туул голын урсац хэд хэдэн газар 2-3 км тасарсан талаар манай сайт өмнө нь мэдээллэсэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантайг албаныхан тайлбарлаж буй. Бас нэг том шалтгаан бий нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй юм. Ирэх долдугаар сард манай улсад болох АСЕМ-ын уулзалтын зочдод зориулж, Туул голын урд “Скай ресорт” орчимд “АСЕМ ВИЛЛА” хотхоныг барьж байгаа билээ.
Сүүлийн үед тус хотхоны дунд хиймэл нуур байгуулахаар Туул голоос ус татаж, хэсэг газар урсацыг нь хаасан гэх мэдээлэл цацагдах болов. Бид энэ талаар сурвалжлахаар тус хотхоныг зорьсон юм. Нийслэл хотод АСЕМ-ыг угтсан бэлтгэл ажил хаа сайгүй хийгдэж байна. Маршалын гүүр даваад авто замын ажил хийгдэж байсан бол “Асем Вилла” хотхоны бүтээн байгуулалтын ажил ч мөн хийгдэж байв.
Биднийг очиход Туул гол дээр ус дамжуулах байгууламж барьсан байлаа. Тус байгууламжийг харсан хэн ч “Туул голоос ус татаж байгаа юм байна” гэсэн мэдээлэлд итгэхээр байв. Ус дамжуулах гурван хоолойг зэргэцүүлэн барьсан 200 метр орчим урт байгууламжийг Туул гол дээгүүр барьж автозамд тулгаад, газар доогуур явуулсан байсан юм. Байгууламжийн ажил хараахан дуусаагүй бололтой, ажилчид нь дор бүрдээ ажлаа хийгээд завгүй байв. Тэд энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Өнөөдрийн байдлаар Туул гол Зэл амралтын газраас Маршалын гүүрний дээд тал хүртэл 200 метр орчим газар, Баянзүрхийн гүүрнээс Төмөр замын гүүр хүртэл тасраад, “Болортуул” амралтын газраас Маршалын гүүр хүртэл зарим газарт тасарсан байдалтай байгаа юм. Мөн Зайсан орчим, Сонсголонгийн гүүрнээс Сонгины амралт хүртэл хэсэг газар тасарсан байна.
Биднийг Маршалын гүүрнээс “Скай ресорт” хүрэх замд голын ус тасарсан байдалтай байсан юм. Уг нь голын цас, мөс хайлж, уулын шар ус буугаад, өдийд Туул гол эргээ халин урсаж байх цаг. Гэтэл хаа, сайгүй голын ус тасарч, хог, шороотой харласан сайр үзэгдэж байв. Харин албаныхан үүнийг эрт дулаарсантай холбоотой гэж үзэж байгаа юм. Гачуурт, Налайх орчимд өнөөдрөөс уулын шар ус бууж эхэлж байгаа учраас удахгүй Туул гол хэвийн урсаж эхэлнэ гэж байв.
-“АСЕМ ВИЛЛА” ХОТХОНЫ УС ХАНГАМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР
ТУУЛ ГОЛ ДЭЭГҮҮР ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ БАРЬЖЭЭ-
Бид энэ талаар Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга Б.Оюунболдоос тодрууллаа.
-“Асем Вилла” хотхон руу Туул голоос ус татаж, голын гольдролыг өөрчилсөн гэх мэдээлэл байна. Үнэхээр үүнээс болоод Туул голын ус тасарч байгаа юу. Туул гол дээр баригдаж байгаа байгууламжийн талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-“Асем Вилла” хотхоны ус хангамж, цэвэр бохирын асуудлыг шийдвэрлэхээр зураг төсөв нь хийгдээд, ажил нь явагдаж байгаа. Зураг төсвийн дагуу хотхоны цэвэр ус, бохир усны шугамыг Туул гол дээгүүр гүүрэн байгууламж барьж, Улиастайн уулзвар орчимд төвлөрсөн шугам сүлжээнд холбохоор эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан. Газар доогуур явуулах боломжгүй учраас Туул гол дээгүүр гүүрэн байгууламж хийсэн. Гэхдээ түр далан барьж, усыг нь хааж байж байгууламжийн суурь, тулгуур баганын ажлыг хийсэн. Тэгэхгүй бол усан дотор суурийн ажил хийх боломжгүй байсан. Хоёр хэсэг газраар ус гаргуур гаргаж, голын урсацыг өнгөрүүлж байгаа. Уг нь төлөвлөгөөгөөр өнөөдөр /өчигдөр/ улсын комисс хүлээж авах ёстой байсан. Гэвч ажил түр хойшлоод байна. Энэ долоо хоногийн сүүлээр дуусах байх. Тэгэхээр түр даланг буулгачихаар Туул гол хэвийн урсаж эхэлнэ. Хотхон дотор Туул голоос ус татаж, нуур цөөрөм байгуулах боломжгүй. Хотхон хүрэхэд Туул голоос барагцаалбал 500 метрийн өндөр. Тиймээс дээш нь ус татах боломжгүй. Гүүрэн байгууламжийг “Эсто” ХХК, шугам сүлжээний ажлыг “Тэргүүн инвест” ХХК хариуцан гүйцэтгэж байна.
-Энэ ажил Туул голын урсацад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Үүнээс болоод Туул гол тасраад байгаа зүйл байхгүй. Одоогоор Туул гол тасарч, мөсөн бүрхүүлгүй болсон байна. Энэ жил эрт дулаарсан, мөн утаа тортог, орчны бохирдолтой холбоотой голын мөс эрт хайлж, зарим хэсэгтээ тасарсан. Тасарч байгаа хугацаа, өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй урт хугацаанд үргэлжилж байна.
Голын урсац тасарч байгаа нөгөө нэг шалтгаан нь Туул голын гадаргын урсацыг тэжээдэг газрын доорхи усны ашиглалт. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл үйлчилгээ, бүтээн байгуулалт нэмэгдэж байгаатай холбоотой ундны усны хэрэглээ болон үйлдвэрлэлийн ус ашиглалт жилээс жилд нэмэгдэж байгаа. Нийслэлийн ундны ус хангамжид гэхэд хоногт 160-170 мянган метр куб, иргэн, аж ахуйн нэгжүүдийн бие даасан эх үүсвэр /худаг/, үйлдэрийн эх үүсвэрээс 130 гаруй мянган метр куб, нийлээд хоногтоо 300 гаруй мянган метр куб усыг Туул голын газрын доорхи усны нөөцөөс ашиглаж байгаа судалгаа байдаг. Дээрх хоногийн хэрэглээ нь ашиглах боломжит нөөцөөс хараахан давахгүй байгаа юм. Харин хэрэглээ маань хоногт ашиглах боломжит нөөцийн хэмжээнээс хэтрээд эхэлбэл хотын усан хангамжийн асуудал доголдох магадлалтай гэсэн юм.
Ж.МАРАЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
Зураг: Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 25 өдрийн орой 19 цагийн үед Туул голын усыг хаагаад байсан даланг тавьж Туул гол хэвийн урсаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл