С.Ганбаатар: Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг иргэдийг бүртгэлжүүлсэн

Д.Тулга / Хууль

tsagdaa

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2004 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжиж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулан, илүү боловсронгуй болгож өргөн барьсныг өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-нд УИХ-ын чуулганаар баталсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлэхээр болсон билээ. Шинэ хууль хэрэгжиж эхлэхийн өмнө салбарын яам, хууль, хяналтын байгууллага хэрхэн бэлтгэж буй талаар албаны хүмүүстэй ярилцлаа.

С.ГАНБААТАР: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДДЭГ ИРГЭДИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛСЭН

/Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад/

-Манай цагдаагийн хэлтэст хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 4-5 дуудлага, мэдээлэл ирдэг. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хариуцсан ахлах байцаагчаараа дамжуулан хороодын хэсгийн байцаагчдаа хүлээлгэн өгч, захиргааны арга хэмжээ авахуулан шийдвэрлэдэг. 2016 онд 1152 дуудлага мэдээлэл ирснийг 2015 оныхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Учир нь дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 607 эргүүл ажиллуулснаар далд хэлбээр үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл ил гарсантай холбоотой.

Шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хороодын хэсгийн байцаагч олон нийтэд хуулийн үндэслэл, онцлог, анхаарах зүйлс, захиргааны зөрчлийг гэмт хэргээс ялгах талаар мэдээлэл хүргэж байна. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлтэй хамтран төлөвлөгөө гаргасан. УБХЦГ-аас явуулах сургалтад алба хаагчдыг хамруулна.

Манай хэлтсийн алба хаагчид өөрийн хамаардаг хороо тус бүрээр судалгаа гарган, айл бүрт орж уулзан судалгаа гаргасан. Үүнд дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1200-аад иргэний гарын дардас, зураг биечилсэн судалгааг авч цагдаагийн байгууллагын нэгдсэн сан болон цахим санд оруулсан.

tsagdaa

Г.ЭРДЭНЭБАТ: ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН

/Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх/

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Үүнийг дагаад Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тэгэхээр хариуцлагын асуудал энэ хоёр хуулиар тодорхойлогдоно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг ойлголтыг нэлээн өргөн агуулгаар авч үзсэн. Энэ ойлголтоор, бусдын бие махбод, сэтгэл санаа, эд хөрөнгийн дарамт учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх эхний эрх зүйн орчин бол захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан. Мөн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг авна.

Харин удаа дараа хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гурав ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн эрүүгийн хариуцлагын хүрээнд хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг явуулна.

Хэргийг шалгах явцад хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч болох нөхцөл бүрдсэн. Ингэснээр хэргийг шалгах явцад хохирогчийг хамгаалахын тулд хүчирхийлэл үйлдэгч хохирогчид ойртох, ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэхийг хязгаарлах, зорчих эрхэд нь хязгаарлалт тогтоох боломж бий болсон.

TSAGDAA

Л.НЯМГЭРЭЛ: ХАМТАРСАН БАГИЙНХАНД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЭЛСЭН

/ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга/

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн чиг үүргийг өнгөрөгч оны 12 дугаар сард батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад маш тодорхой зааж өгсөн. Ерөөс үндсэн үүрэг нь тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх салбар, байгууллага дундын үйл ажиллагааг зохион байгуулах. Энэ үүргийнхээ дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой чиг үүрэгтэйгээр тусгагдсан салбарууд хоорондын уялдааг зохицуулах, нэгдсэн сан үүсгэх, мэдээллээр хангах үүргээ биелүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна манай зөвлөлийн орон нутгийн салбар буюу аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар удирдуулсан зөвлөлийн чиг үүргийг мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой заасан. Хамтарсан багийн үйл ажиллагааг чиглүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төв буюу түр хамгаалах байрны тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр орон нутгийн салбар зөвлөлүүд түлхүү анхаарч ажиллана. Ингэснээр хохирогчдод хүрэх үйлчилгээ жигд явах, түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Гэр бүлийн хүчрхийлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найргуулгыг олон нийтэд сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөвлөсөн ажлыг Ажлын алба хийж гүйцэтгэнэ. 2017 оны эхний улиралд хуулиа таниулах, сурталчлах ажлыг түлхүү зохион байгуулна. ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд энэ ажлууд зохион байгуулагдна.

Эхний ээлжинд хууль сахиулах байгууллагын болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалтууд явагдана. Сургалтын хөтөлбөрүүд бэлэн болж, ХСИС-д зохион байгуулаад эхэлсэн. Мөн УБХЦГ-тай хамтарч Хамтарсан багийн ажилтан болон цагдаагийн алба хаагчдад чиглэсэн сургалтыг эхлүүлэх гэж байна.

Шинэ хуулийг олон нийтэд сурталчлах, эрх, үүргийг нь таниулах, хохирогч болон гэмт хэргийн гэрч, мэдээлэгч гээд хуульд тусгагдсан олон субъекттай холбоотой холбоотой мэдээллээр олон нийтийг хангах чиглэлээр нэлээн ажил төлөвлөсөн.

У.УРАНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000