Сан Францискод эхэлсэн жагсаал үймээн самуун болж, 60 гаруй хүнийг баривчилжээ

Сан Франциско хотод өнгөрсөн ням гарагт Цагаачлалын алба (ICE)-ны байрны гадна болсон эсэргүүцлийн жагсаал үймээн самуун болсны улмаас ойролцоогоор 60 хүнийг баривчилсаны дотор 18 насанд хүрээгүй хүүхдүүд ч байгаа талаар албаныхан мэдээлжээ.
CNN-ийн харьяа KGO телевизийн мэдээлснээр, АНУ-ын Цагаачлалын албаны байрны гадна, Америк болон Калифорни даяар явуулж буй дайчилгаа, албадан гаргах ажиллагааг эсэргүүцсэн хэдэн зуун хүн цугларч жагссан байна.
Тайван байдлаар эхэлсэн уг жагсаал Сан Францискогийн цагдаа нар бослого дарах тусгай хэрэгсэлтэй ирсний улмаас хурцаджээ. Жагсагчдын нэг Нэнси Като KGO-д ярилцлага өгөхдөө “Бид Лос Анжелест болж буй үйл явдлыг харж байсан. Тэгээд ‘Үгүй ээ, бид үүнийг зүгээр хараад сууж болохгүй’ гэж бодсон” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрбээр “Цагаачид болон бичиг баримтгүй хүмүүс рүү дайрч, манай нийгмийн хамгийн эмзэг хэсгийг чиглэсэн энэ үйлдэл маш буруу юм” гэжээ.
Жагсаал Сан Францискогийн Сансом, Вашингтон гудамж, хотын Санхүүгийн дүүргийн ойролцоо оройн 19:01 цагийн үед эхэлсэн бөгөөд тухайн үед Сан Францискогийн цагдаагийн газар хяналт тавьж байсан аж.
Хотын цагдаагийн газраас мэдээлснээр, жагсаалын явцад зарим жагсагч эд хөрөнгө сүйтгэх, хүмүүс рүү халдах зэрэг үйлдэл гаргаж, бусад хохирол учруулсан тул уг цуглааныг “хууль бус цуглаан” хэмээн зарлажээ. Үүний дараа олон хүн жагсаалыг орхин явсан бол зарим нь үлдсэн байна.
Цагдаа нар “Үймээн самууны үеэр хоёр цагдаа бэртэж, нэг нь хэдийгээр амь насанд нь аюулгүй ч эмнэлгийн тусламж авах шаардлагатай болж, эмнэлэгт хүргэгдсэн” гэж мэдэгджээ.
Жагсагчид улмаар Маркет, Керни гудамж руу чиглэж, тухайн газрын зарим барилгад халдаж, Сан Францискогийн цагдаагийн эргүүлийн машиныг эвдэлсэн байна. Улмаар Монтгомери гудамжинд дахин цугларч, тарахыг шаардсан тушаалыг биелүүлээгүй тул цагдаа нар тэднийг баривчилж эхэлжээ. Мөн цагдаа нар тухайн газраас нэг ширхэг галт зэвсэг хураан авсан байна.
Сан Францискогийн цагдаагийн газраас мэдэгдэл гаргаж, “Хүмүүс Үндсэн хуулийнхаа Нэгдүгээр нэмэлт заалтаар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрхээ Сан Франциско хотод чөлөөтэй эдлэх эрхтэй. Гэхдээ хүчирхийлэл, ялангуяа цагдаагийн алба хаагчдын эсрэг үйлдлийг хэзээ ч тэвчихгүй” гэж дурджээ.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан одоогийн байдлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа аж.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл