САЙН МЭДЭЭ: Дорноговь аймгаас Тяньжин руу төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэллээ
-ХОНОГТ 200-300 ВАГОН НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ХҮСЭЛТИЙГ ИРҮҮЛЖЭЭ-
Дорноговь аймгийн Олон-Овоо өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт руу нүүрс тээвэрлэж эхэлсэн явдал өнгөрөгч долоо хоногийн эдийн салбарын онцлох мэдээлэл байлаа. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гаригаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг, Улаанбаатар төмөр замын гол замын 718 дугаар км-т байрлах Олон-Овоо өртөөнөөс анх удаа нээлттэй чингэлгээр нүүрс тээвэрлэж эхэлсэн юм.
Тяньжин нь манай урд хилд хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт билээ. Тус боомт руу ачигдсан нүүрс түүхий эдийн биржээр дамжин зарагдах юм байна. Олон-Овоот өртөөнд өнгөрсөн онд 1.4 тэрбумын шинэчлэл хийж, шинэ терминалтай болсноор Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Штайнколе", "Алаг тогоо", "Фриендшип Монголия" компаниуд шууд зах зээлд нүүрсээ нийлүүлэх боломж үүсч байна.
Өмнө нь Эрээн боомт руу гардаг байсан задгай чингэлгийн нүүрс тээвэрлэлт шууд Тяньжинд хүргэгдсэнээр эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой билээ. Компаниудын зүгээс хоногт 200-300 вагон нүүрс тээвэрлүүлэх хүсэлтийг "Улаанбаатар төмөр зам"-д ирүүлжээ. Ингэснээр Олон-Овоо өртөө сард найман тэрбум 865 сая төгрөгийн орлого олох боломжтой юм байна.
-ӨМНӨД ХӨРШИД БОРЛУУЛДАГ МАНАЙ НҮҮРСНИЙ ҮНЭ
ХОЁР ДАХИН ӨСЧЭЭ-
Тус өртөөнд "Улаанбаатар төмөр зам"-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар нийт дөрвөн тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж байна. Хэдийгээр "Улаанбаатар төмөр зам"-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Олон-Овоо өртөөний шинэчлэлийн ажил хийгдэх байсан ч БНХАУ-д нүүрсний үнэ өссөн нь төслийг эрт эхлүүлэх шаардлагатай болжээ.
Нүүрс тээвэрлэлт эхэлснээр урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор өсөх юм. Эхний байдлаар баригдсан терминал нь ачиж буулгах хэсэг, авто пүү, нүүрс овоолох талбай, тус бүр нь 40 метр урт төмөр замын салаа замтай аж. Нэг ачилтаар 28 вагон ачна. Эхний замыг ашиглаж эхэлснээр он гарснаас хойш 20 гаруй мянган тонн ачаа ачжээ.
Хоёрдугаар замыг дөрөвдүгээр сараас барьж эхлэн, зургадугаар сард дуусгах юм байна. Энэ хүрээнд галт тэрэгний жин, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн өргөтгөл, ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Харин орон нутагт шууд байдлаар ирэх үр өгөөжийн тухайд, Дорноговь аймаг антрацид төрлийн хэд хэдэн нүүрсний уурхайтай, тус бүр нь 300-500 мянган тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрсөн оны сүүлийн улиралд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсөж, урд хөршид борлуулдаг манай нүүрсний үнэ хоёр дахин өсөөд байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ
Сэтгэгдэл