“Төлөөний хүн" биш гэдгээ нотолж, түмний хүн байгаарай, Г.Занданшатар аа!

Яг өнөөдрийн нөхцөлд хэн ч Ерөнхий сайд болсон хамгийн түрүүн “Эм Си Эс”-ийн “төлөөний хүн” биш гэдгээ нотлох. Үүний тулд Ухаа худагийн ордын 34 хувийг төрд авах ёстой.
Өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан нэг шалтгаан нь баялгийн 34 хувиа ард түмэн эзэмших байсан юм бол дараагийн Ерөнхий сайд хүссэн ч, эс хүссэн ч нэг талаас хууль, нөгөө талаас олон нийтийн шахалтаар Ухаа худаг, Нарийнсухайт, Оюутолгойн “ОНТРЭ”-ийн эзэмшиж буй лицензтэй талбай.... бүгд төрд авах ёстой.
Хоёр Хятад булаалдаж, хууль хүчнийхэн авлигад нь татагдан орсон Салхитын мөнгөний ордыг төрд авч байсан түүх Г.Занданшатарт бий. Мөн тэрээр УИХ-ын дарга байхдаа УИХ-ын тухай хуульд “Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар ард нийт цахимаар санал өгөх” заалт оруулсан.
Өнөөдөр энэ заалт газар нутгийн бүрэн бүтэн байдал, орд газруудын дээрэм, ураны аюулын эсрэг тэмцэж яваа иргэдийн ганц тулах цэг болж байна. Энэ хууль байсан тулдаа 100,000-уулаа гарын үсэг зурж байж, газар нутгаа гадныханд 100 жилээр өгөх аюулаас мултарч, урхаг дагуулах ураны гэрээг олон нийт эсэргүүцэж буйг уламжилж, Нарансэвстэйгээр боомт нээвэл Хавтгай, Мазаалайн хамгийн сүүлчийн нутаг сүйрэхийг төрд чимээлж чадлаа.
Нийт улсын эрх ашгийн хөндсөн өөр олон асуудал бий. Хуулийн ганц заалт ямар чухлыг мэдрүүлсэн заалт. Энэ байхгүй бол эх оронч сэтгэл мянга байгаад эрх мэдэл нэг ч байхгүй бид яалтай билээ? Нийтийн эрх ашиг гэдэг их өргөн хүрээтэй ойлголт. Өнөөдрийн тогтолцооны гажуудал, татвар торгуулийн дарамт, төрийн данхар бүтэц, төсөв санхүүгийн үрэлгэн байдал....
Энэ бүхний цаана нэг хэсэг нь тансаглаж, нийт олонхи нь хохирч байдаг. Даан ч өөр дээр нь л ирээгүй бол өргөн олонд хамаатай асуудлаар дуугардаггүй бэртэгчид нь олонхи учраас хууль нь байгаад ч ашиглаж байгаа нь цөөхөн.
Засгийн газраа зөв бүрдүүлж, олон нийтийнхээ хүсэл зоригийг харж чадвал хийх, шийдэх асуудал барагдахгүй олон байна.
УИХ-ын дарга байхдаа “цэргийн парад дуурайж алхсан, цаасан дээр буу зурсан, нохой салхилуулж рийл хийсэн, Их хурлын индэр дээрээс идда уншсан, элдэв хүүхэнтэй холбогдсон” гээд балай зүйлээр багахан шиг биднийгээ бухимдуулж, төр шиг төртэй, түмэн олныхоо төлөө нам, найз нөхөд, нутаг ус, хувийн ашиг сонирхолоо хойш тавьж ажиллаарай.
Сайдуудаа бүлэглэлийн шантаажаар биш, салбарын захиалгаар сонгосон цагт л кабинет чинь зөв бүрдэж “мордохын тэгш” болох буй за.
Н.НЭРГҮЙ
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.171] 2025-06-13 10:42:38
Buh orduudii. 34-50 % iig tord avaad uil ajillagaag ni huvid ogoh estoi. Tegj baij uurhai ch hogjino ,uildverlel ch hogjini