УИХ Ерөнхий сайдын томилгоог өнөөдөр хэлэлцэнэ
УИХ Ерөнхий сайдын томилгоог өнөөдөр (2025.06.12) хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 12.00 цагт эхэлж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Хуралдааны эхэнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар МАН-ын 7 дугаар хуралдааны шийдвэрийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн талаар тус тус танилцуулсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж, холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалсан. Иймд Үндсэн хуульд заасны дагуу дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор буюу долдугаар сарын 3-наас өмнө томилох ёстой.
Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулж хэлэлцүүлдэг. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намынхаа шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд төрийн тэргүүн УИХ-д уламжилсан. УИХ өнгөрсөн мягмар гаригт Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхээр төлөвлөсөн ч АН-ын бүлэг завсарлага авч хойшлуулсан билээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл