Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмогийн холбооноос гарахаа мэдэгдлээ

Aдмин / Спорт

Мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн, 45 түрүүний рекорд эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал Японы Сүмогийн холбооноос гарахаа албан ёсоор зарласан тухай хэвлэлийн бага хурал 2025 оны зургадугаар сарын 9-нд Токио хотын нэгэн зочид буудалд боллоо. Энэхүү хэвлэлийн хурлын үеэр Хакүхо өөрийн шийдвэрийн шалтгаан, цаашдын зорилгын талаар ярьж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Хакүхо М.Даваажаргал хэвлэлийн хурлын үеэр Сүмогийн Холбоо амласан зүйлдээ хүрээгүй гэдгийг онцолжээ. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Миягино” дэвжээгээ дахин нээх талаар Холбооноос ямар нэгэн дэмжлэг, шийдвэр гаргаагүйгээс ийм шийдвэрт хүрсэн гэж мэдэгдсэн.

2024 оны 2-р сард Миягино дэвжээний залуу сүмоч Хокүсэйхо Э.Даваанинжийн дээрэлхэл, зүй бус үйлдлийн улмаас дэвжээг түр хаасан бөгөөд уг хэрэг Хакүхогийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм.

Тэрбээр “Би сүмогийн ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж, олон амжилт гаргасан. Гэсэн ч миний дэвжээг дахин нээх талаар Холбооноос ямар ч шийдвэр гараагүй. Иймээс би өөр замаар явахаар шийдсэн” гэжээ. Тэрбээр цаашид сонирхогчийн сүмо бөхийг хөгжүүлэхэд анхаарч, Монгол болон Японы хоорондох харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийх зорилготой байгаагаа илэрхийлсэн.

Японы Сүмогийн холбооны гүйцэтгэх зөвлөл Хакүхогийн гаргасан өргөдлийн дагуу ээлжит бус хуралдаан хийж, 2025 оны 6-р сарын 9-нөөс түүнийг албан ёсоор холбооноос гаргахыг зөвшөөрсөн байна.

Миягино дэвжээний цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэхэд, уг дэвжээний бөхчүүдийг Исэгахама дэвжээнд шилжүүлэн, тус дэвжээний ояката буюу дасгалжуулагчаар монголын өөр нэгэн алдарт сүмоч, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг томилох шийдвэр гаргасан. Энэ нь Монголын сүмочдын Японы сүмогийн тогтолцоонд үзүүлж буй нөлөө улам бүр гүнзгийрсний илрэл хэмээн үзэгчид дүгнэж байна.

Хакүхогийн энэхүү шийдвэр сүмогийн ертөнцөд томоохон цочрол болсон бөгөөд Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал “Майничи Шимбүн” сонин энэ үйл явдлыг “Сүмогийн ертөнцөд том хохирол” хэмээн онцолжээ.

Хакүхо нь 2001 онд сүмогийн ертөнцөд хөл тавьж, 2007 онд 22 насандаа ёкозүна цол хүртсэн бөгөөд нийт 45 түрүү авч, олон дээд амжилтыг тогтоосон билээ. Түүнийг сүмогийн түүхэн дэх хамгийн агуу бөхчүүдийн нэг хэмээн өндрөөр үнэлдэг.

Н.НЭРГҮЙ


Сэтгэгдэл

Япончуудын үндэсний зан, уламжлал. [66.181.160.93] 2025-06-10 12:12:14

Япончууд яаж ийж байгаад л гадны бөхийг сумогоосоо шахаад гаргачихаж байна шүү. Ёстой ЯНАГ. Гадаадын хүн эх оронд нь дээгүүр явахыг тэвчидэггүй гэдэг нь ҮНЭН юмдаа. Япончууд "ямар нэгэн дэмжлэг, шийдвэр гаргаагүй" гэдэг нь тэдний үндэсний зан. Тэд хэдийд ч "Үгүй" гэж хэлдэггүй тухай та нар уншаагүй юу? Чимээгүй яваад байгаагий нь л "Үгүй"-тэй АДИЛААР үздэг гэсэн.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000