Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очирт гавьяат жүжигчин цол олгохоор болжээ. Монголын циркийн урлагийн нэгэн төлөөлөл үндэсний их баяр наадмын өмнө Төрийн дээд цол, одон медалиар шагнагдахаар боллоо.

Тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очир дэлхийн олон орны тайзан дээр шилдэг үзүүлбэрээ толилуулж байгаа залуусын нэг билээ. Тэрээр 2004 онд Монте Карлогийн олон улсын 16 дахь удаагийн өсвөрийн циркчдийн наадмаас хүрэл цом, Чарли Чаплиний нэрэмжит тусгай цомыг авч байсан. Энэ наадмаас хойш түүний олон улсад үзүүлсэн амжилт бичигдсээр байна. Тодруулбал, 2012 онд "Ханой" олон улсын циркийн IV наадмын алтан цом, "Хүэ" олон улсын соёлын наадмаас тусгай шагнал хүртэж байв. Мөн 2022 онд 14 дэх удаагийн Будапештийн циркийн наадмаас тусгай цом, 2024 онд Монте Карло олон улсын 47 дахь наадмаас Гранприкс цом, Гренобили олон улсын 22 дахь удаагийн тэмцээнээс “Алтан од” цомыг тус тус авсан юм.