Ютад Трампын үнэнч шүтэн бишрэгч Чарли Киркийг буудан хөнөөжээ

Трампын хамгийн алдартай, тууштай дэмжигчдийн нэг болох улс төрч, сэтгүүлч, идэвхтэн Чарли Киркийг АНУ-ын Юта мужийн их сургуульд илтгэл тавьж байх үед буудсан хэрэг гарчээ. Тэрбээр шархдаж, эмнэлэгт хүргэсэн ч нас барсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс болон бусад нэр бүхий консерватив улс төрчид түүний төлөө залбирч, сэтгэл санаагаар дэмжиж байснаа илэрхийлжээ. Трамп түүнийг "гайхалтай залуу" гэж үнэлсэн бөгөөд дараа нь Киркийн нас барсныг албан ёсоор баталж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн байна.
Чарли Кирк хэн байсан бэ?
1993 онд төрсөн, 2012 онд бизнесмен Билл Монтгомеригийн хамт Turning Point USA (TPUSA) нэртэй ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Энэхүү байгууллага нь ахлах сургууль, коллеж, их сургуулиудын хүрээнд консерватив үзэл суртал, чөлөөт зах зээл, уламжлалт үнэт зүйлсийг сурталчилдаг.
Кирк АНУ дахь ЛГБТ хөдөлгөөн, инклюзив бодлого, тэвчээрт чиглэсэн либерал үзлийг хүчтэй шүүмжилдэг байжээ.
Тэрээр либерал сэтгүүл зүйг "хуурамч мэдээ, улс төрийн суртал ухуулга" явуулдаг хэмээн шүүмжилдэг байсан аж.
Чарли Кирк Трамптай ойр харилцаатай, түүний бодлогыг тууштай дэмжигчдийн нэг байжээ. 2024 оны Бүгд найрамдах намын үндэсний чуулганд илтгэл тавьсан байна.
Орос-Америкийн харилцааны тухай байр суурь
Кирк ОХУ болон АНУ дайснууд биш, харин ч хамтарч ажиллах ёстой гэж үздэг байсан аж. Тэрээр Москва ба Вашингтоны хоорондын сөргөлдөөн нь хиймэл, зориудаар өдөөсөн, зөвхөн АНУ-ын цэргийн үйлдвэрлэлийн цогцолбор (ВПК) болон Украины олигархиудад ашигтай гэж хэлж байжээ.
Тэр илтгэлдээ "Энхийн замаар л Америк, Украин, бүх хүн төрөлхтөн хожно. Харин дайнаас цөөн хэдэн бүлэг л ашиг олдог" хэмээн дурдсан байдаг.
Тэрээр Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Оросыг дайсан хэвээр байлгахын тулд АНУ худал шалтгаанууд зохиосон гэж үздэг байжээ.
Түүний үхэлтэй холбоотой хариу үйлдлүүд
ОХУ-ын хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев Киркийг "ОХУ-ын талаар эерэг байр суурь илэрхийлж, хоёр талын яриа хэлэлцээг уриалдаг хамгийн тод консерватив удирдагчдын нэг" гэж нэрлэсэн байна.
Түүний амь насаа алдсан талаарх мэдээлэл анх эмнэлгээс зөрүүтэй ирж байсан ч Москвагийн цагаар шөнө дундад Трамп албан ёсоор нас барсныг зарлажээ. Тэрбээр "АНУ-ын залуучуудын дуу хоолойг хэн ч Кирк шиг ойлгож байгаагүй" хэмээн эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: AIF
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл