Н.Энхбаяр: “Гурвыг цогцоор” гэх гэрээ нэртэй луйвраас Монгол Улс 10 тэрбум ам.долларын хохирол хүлээж байна

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ” болон “Гашуунсухайт-Ганцмод” чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны хэлэлцээртэй холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Тэрбээр энэхүү гэрээ Монголын эдийн засагт ноцтой хохирол учруулсан бөгөөд хариуцлагын асуудлыг яаралтай ярих шаардлагатайг онцлов.

Н.Энхбаяр “Албан тушаалтнуудын ёс зүйгүйгээс болж Монгол үнэхээр хямралд оржээ. Ардчилсан улс оронд ийм гэрээ хийсэн хүмүүс аль хэдийнэ огцорчихсон байх байсан” хэмээн хэллээ.

Монгол, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2025 оны хоёрдугаар сарын 14-нд Харбин хотноо байгуулсан энэхүү хэлэлцээрт “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн “гурвыг цогцоор” нэртэй багц гэрээ туссан байдаг.

Уг хэлэлцээрийг УИХ 2025 оны 3-р сарын 27-нд баталсан бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үзэж буйгаар хамгийн ашигтай коксжсон нүүрсний 40 хувийг зах зээлийн үнээс хямдаар худалдахаар заасан нь Монгол Улсад 10 тэрбум ам.долларын хохирол учруулна гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Энэ бол гэрээ нэртэй луйвар. УИХ санаатайгаар муу гэрээ хийх боломжоор Засгийн газрыг хангаж өгсөн” гэж онцлов.

Н.Энхбаярын хэлснээр, тухайн үеийн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй энэхүү гэрээний талаар уулзахыг гурван сарын турш оролдсон ч уулзаж чадаагүй аж. Харин өнөөдөр шинэ Засгийн газар байгуулагдсан энэ үед асуудлыг дахин сөхөж, улс орны эрх ашгийг хамгаалсан бодит алхам хийх ёстой гэж үзэж байна.

Мөн тэрбээр гэрээг Хятадад, нууц байдлаар байгуулсан нь "асуудал байгааг илтгэх" нэг үндэслэл хэмээн онцолж, хэлэлцээрийн цаана хэн байгааг ил болгож, хариуцлага тооцохыг шаардав.

Н.Энхбаяр“Сайд Б.Дэлгэрсайхан зөвхөн төмөр замын асуудлыг хариуцсан гэдгээ хэлж байгаа. Тэгэхээр жинхэнэ хариуцагч нь тухайн үеийн ЭЗХЯ-ны сайд Ц.Туваан, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар юм” хэмээн нэр дурдлаа.

Мөн тэрбээр хэвлэлийн бага хурлын төгсгөлд одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, ард түмэнд хандан гэрээг олон нийтэд нээлттэй болгож, нэн даруй залруулах арга хэмжээ авах шаардлагыг албан ёсоор хүргүүлж буйгаа илэрхийлэв.

Н.Энхбаяр “Бид аль хэдийнэ дэлхийн хөгжлөөс хоцорчихоод байж ийм алдагдалтай гэрээ байгуулж болохгүй. Монголын баялаг ингэж үрэгдэж болохгүй” гэж хэллээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.53] 2025-09-11 17:26:05

ДЭЛГЭРСАЙХАН Ч ХАРИН ХАРИУЦЛАГАТАЙ ХҮН ШҮҮ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.