Ганга нуурт 2000 гаруй хун иржээ

Жил бүрийн намар цэнгэг уст Ганга нуурын эрэгт мянга мянган хун шувуу сүрэглэн цуглардаг нь байгаль, ан амьтны шүтэлцээ, уянгын дүр төрхийг илтгэсэн гайхамшигт үзэгдэл болдог.
Хэдийгээр талбай багатай ч 21 булгаар тэтгэгдэж, өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлсэн энэ нуур нь дэлхийн бөмбөрцгийн хойд нутгаас дулаан газар зорих нүүдлийн шувуудын заавал саатдаг чухал цэг болдог.
Тэр дундаа цагаан хунгийн сүрэг тус нуурыг нүүдэл дундаа амсхийх, ангаахайгаа торниулах, эрч хүчээ сэлбэх орчин болгон сонгодог.
Монгол орны шувуудын гурван том нүүдлийн замын нэг нь Ганга нуураар дайрдаг бөгөөд түүний зэрэгцээ Дарьгангын Дуут, Зэгт, Хашаатын нуурууд ч мөн хунгийн саатах дуртай газруудын нэг.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Ганга нуурт 2000 гаруй хун буусан тухай судалгаа гарсан бол аравдугаар сарын дунд үеэс хойш энэ тоо 5000–7000-д хүрч, чуулганы оргил үе эхэлдэг байна.
Цаг агаар тогтуун, огцом хүйтрэлгүй байвал хунгийн сүрэг нуурын эрэгт олон хоногоор саатан, хоол тэжээлээ нөхөж, ангаахайгаа торниулах зуураа ирэх аялалд бэлддэг байна. Энэ үед нуурын мандал дээр цав цагаан хунгууд хос хосоороо бүжиглэн, ганганан гунганалдаж, байгаль дэлхийтэйгээ хослон найгах нь эрхгүй уяраах аж.
“Мянган хунгийн чуулган” хэмээн алдаршсан энэхүү үзэсгэлэнт байгалийн үзэгдлийг үзэхээр аравдугаар сарын сүүлчээр жуулчид, байгальд дурлагчид Дарьганга сумыг зорих нь ихэсдэг. Гэвч ардын дунд "Хунгийн чуулганд тохиолдлоор л таарах нь илүү бэлгэшээлтэй" гэх итгэл үнэмшил бий.
Монголчууд буцаж буй шувуудын хойноос гуниглан харж, нулимс унагахыг цээрлэдэг эртний заншилтай. Учир нь явж буй шувууд үлдэж буй газрын сайн сайхныг дагуулан оддог хэмээн үздэг тул тэдний нүүдлийн цувааг үдэхийг ч цээрлэдэг уламжлалтай билээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.97] 2025-10-10 12:11:37
Малчид малаа оруулаад бүх усыг нь уулгачих