Б.Лхагважав: Монголд мафийн сонгодог систем бий болсон байна

Aдмин / Эдийн засаг

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав тэргүүтэй бизнесийн холбоод нэгдэж, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ.

Тэд улс төрийн дотоод зөрчил, институци хоорондын зөрчлөөс үүдэлтэй дарамт шахалт нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн эрх чөлөөнд заналхийлж эхэлж буйг онцолсон юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважав энэ үеэр “Бид 1992 оны Үндсэн хуулиар эдийн засгийн эрх чөлөөгөө олж авсан. Төр засаг гэдэг нь хувийн хэвшил, иргэдийн сайн сайхан, эдийн засгийн хөгжлийн төлөө зохицуулалт хийх үүрэгтэй байгууллага. Гэтэл өнөөдөр улс төрийн дотоод зөрчлүүдийн улмаас хувийн хэвшлийн компаниудыг барьж авах, нэр хүндэд халдах, гүтгэх үзэгдэл гаарлаа.

Улс төрийн намуудын дотоод зөрчил нь институци хоорондын зөрчил болон хувирч, үүний хохирогч нь хувийн хэвшлийнхэн болж буйг анхааруулсан. Тэр дундаа Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 76–80 хувийг бүрдүүлж, 1.1 сая хүнийг ажилтай байлгаж байгаа аж ахуйн нэгжүүдэд буруу байх ёсгүй.

Мөн төрийн өмч, нийтийн санхүүгийн менежменттэй холбоотой хоёр үндсэн асуудлыг хөндсөн юм. Түүний хэлснээр, төрийн өмчийг 30 жилийн турш хууль ёсны хамгаалалтгүй байлгасан нь эрх мэдэлтнүүдийн хоорондын зөрчлийг улам гааруулж, өмчийг “эзэнгүй” мэт ашиглах, эзэмших зөрчлийг үүсгэж байна.

Нөгөөтэйгүүр, төрийн нийтийн санхүүг Үндсэн хуулиар хамгаалаагүй завсраар албан тушаалтнууд төсвийг “өөрийн мөнгө мэт” зарцуулж байгаа нь ноцтой үр дагавар авчирч байна.

Өнөөдрийн улс төрийн хямрал аж ахуйн нэгжүүдэд огт хамаагүй. Харин ч улс төрийн тогтворгүй байдал нь бизнесийн үйл ажиллагааг доголдуулж байна. Үндсэн хуулийн Цэц институци хоорондын зөрчлийг зохицуулах үүрэгтэй ч өнөөдөр унтаа байдалтай байна. Шүүхийн байгууллагууд ажиллахгүй байгаа нь Монголын нийгэм, эдийн засгийн суурь тогтвортой байдалд аюул учруулж байна" гэв.

Түүнчлэн тэрбээр ирэх долоо хоногт буюу 2025 оны аравдугаар сарын 15, 16-нд болох Европын Холбооны 27 орны 60 гаруй төлөөлөгч оролцох хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалтын өмнөхөн улс төрийн нөхцөл байдал ингэж хүндрэх нь Монгол Улсад ирэх хөрөнгө оруулалтыг эргэлзээтэй болгож буйг илэрхийллээ.

Б.Лхагважав “Манай компаниуд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах бүрэн бэлэн байдалтай байгаа ч төр засгийн талаас тодорхой бус, баталгаагүй орчин үүсээд байна. Мөн эдийн засгийн эрх чөлөөний хууль, Хөрөнгө оруулалтын хууль, татварын багц хуулиуд хэлэлцүүлэлгүй удааширч, хөрөнгө оруулалтыг хойш татах эрсдэл үүсч байна” хэмээн мэдэгдэв.

Мөн тэрбээр “Монголд мафийн сонгодог систем бий болсон байна. Тиймээс төр нь төрөөрөө, бизнес нь бизнесийн зарчмаар ажиллах шаардлагатай байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.54] 2025-10-10 16:34:31

Энэ компотчин залуу одоо ойлгож байгаа юм байна

зочин [103.57.94.219] 2025-10-10 14:25:13

Үнэндээ аль ч нам сонгуулийн үёр мөнгөтэй хүнийг шүтдэг, тэр нь өнөөдрийн аюул болж, төрийг мөнгөтэй хүмүүс өөрсдийн тоглоом болгон ашиглаж байгаа нь харагдаж байна. Цаашид намууд мөнгөтэй хүмүүсээс хол байх нь зөв байна.

Зочин [122.201.31.198] 2025-10-10 14:11:49

Амарбаясгалан, ОюунЭрдэнэ Аюурсайхан нарын үүсгэсэн мафи хүчээ авч байна

Зочин [103.111.68.3] 2025-10-10 12:34:44

2015 онд чи тэрнийг эхлүүлсэн сайханбилэгийн утсан күүкэлдэй байснаа мэддэг үү???? мангар жаал аа???? тэгээ бас өөрсдөө эхлүүлчихээд мафи зафи гэчжээ сайханбилэг та хоёрых мафи биш төрийн сүлжээ байсийм уу яасийн


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.