Эмч М.Бямбадагва: Бид цалингаа нэмүүлэхээр жагсдаг ч улс төрийнхөн боломжгүй гэх хариултаар ам тагладаг жишиг тогтлоо

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр Д.Сүхбаатарын талбайд 10 мянган эмч, эмнэлгийн ажилтан оролцсон жагсаал зохион байгууллаа. Энэхүү жагсаал нь эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан юм.
Нийслэлийн “Амгалан” амаржих газрын эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн ахлах эмч М.Бямбадагва “Би мэргэжлээрээ тасралтгүй 16 жил ажиллаж байна. Өчигдөр жижүүрт хоноод өглөө буумагцаа жагсаалд нэгдэхээр ирлээ. Зөвхөн эмч биш нийт массаараа сувилагч, эх баригч гээд эмнэлгийн бүхий л мэргэжилтнүүдийн төлөөлөл ирсэн байгаа. Учир нь бидний гар дээрээ авч байгаа цалингийн хэмжээ амьдралд огт хүрэлцэхгүй байна. Тиймээс өөрсдийн эрх ашгийн төлөө энд зогсож байна. Бид эрүүл мэндийн салбарын нийт 60 мянган хүний төлөөлөл. Бусад эмч, эмнэлгийн ажилтнууд маань ажлаа хийж байгаа. Одоо гол асуудал нь бид үндсэн цалингаа нэмүүлье гэж шаардаж байгаа ч эрх бүхий хүмүүсээс боломжгүй гэх хариулт ирээд байгаа шүү дээ.
Манай эрүүл мэндийн салбарынхан олон жил жагсаж байгаа ч улс төрийнхөн боломжгүй гэх хариултаар ам тагладаг жишиг бараг тогтлоо. Үнэхээр бидний шаардаж байгаа хэмжээнд үндсэн цалинг нэмэх боломжгүй юм бол яагаад бусад аргуудыг ашиглаж болохгүй гэж вэ. Бидний амьдралд бодит нөлөө үзүүлэхүйц хөнгөлөлт үзүүлж болно шүү дээ. Эрүүл мэндийн яамны удирдлагуудад тодорхой судалгаа байдаг бол түүнийгээ унш. Одоо эрүүл мэндийн салбарт 30-35 жил ажиллаад тэтгэвэрт гарсан ахмадуудын амьдрал хангалттай хэмжээнд тогтвортой байгаа болов уу. Тэд үргэлж хонож ажилласны улмаас эрүүл мэндээрээ хохирч тэтгэвэрт гараад ихэвчлэн урт насалж чаддаггүй. Эсвэл тэтгэвэрт гарсан ч амарч чадахгүй эргээд ажил хийж байгаа олон хүн бий. Энэ нь салбарын асуудлыг тодорхой илэрхийлж байгаа биз. Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмээд хангалттай хэмжээнд амьдруулж чадахгүй юм бол өөр боломжуудыг судал л даа. Жишээлбэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар гээд баахан татаас авч байна. Эдгээрээс биднийг хөнгөлж, эсвэл нэгнээс нь чөлөөлж болно. Үндсэн цалингаас суутгадаг татварын хөнгөлөлт ороод ирэхээр цалин нэмэгдсэн юм шиг болж байгаа юм. Би барьцаж байгаа юм биш. Угаасаа үндсэн цалингаа нэмж чадахгүй байгаа юм бол яагаад иймэрхүү аргыг хайхгүй байна вэ. Яг үнэндээ бид энд жагсаж байгаа ч, ордон дотор асуудлыг хэлэлцэж байна гэсэн дүр эсгэлт яваад байна шүү дээ. Гэвч бодит байдал дээр эрх бүхий хүмүүс биднийг огт тоож харахгүй. Нөгөө талд манай салбарын 60 мянган хүнээс индэр дээр гараад үг хэлэх хүн ховор. Манай эрүүл мэндийн салбарынхан тасаг дотроо хамгийн их ярьдаг хэрнээ хэрэгтэй газраа дуугардаггүй. Яагаад бид ийм хүлцэнгүй болчихов. Олон жил энэ жагсаалыг хийж байна. Улс төрийнхөн нэр таглаж 6,10 хувиар цалин нэмдэг. Энэ хувь бидний амьдралд олигтой нөлөө үзүүлж чаддаггүй. Үүнээсээ дахиад татвар авчихна. Бодит байдал дээр бараг хоёр хувь нэмснээс ялгаа байхгүй. Ингэж муур, хулгана болж тоглохоо больё. Би ахлах зэрэгтэй эмч. Найман жилийн дараа тэргүүлэх зэрэг авна. Зэргийн нэмэгдэл гээд цалин 10 хувиар нэмэгддэг. Энэ нь бас юу ч болохгүй. Сая хэлсэнчлэн бодит байдал дээр бараг хоёрхон хувь нэмэгдсэн гэсэн үг. Зарим хүмүүс эрүүл мэндийн салбар чинь уналтад орчихсон, та нарын мэдлэг чадвар муу, бидний татвар төлсөн мөнгөөр цалинжиж байж гээд сөрөг сэтгэгдэл бичдэг. Гэхдээ уучлаарай, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 60 мянган хүн чинь ар гэр, хувийн амьдралтай. Бүгд Монгол Улсын иргэн. Та нар ёс зүй, мэдлэг чадвараа сайжруул гээд биднээс асар олон зүйл шаарддаг. Бид гадны эмч нар шиг байж чадна. Харин бид яаж илүү чанартай тусламж үйлчилгээ иргэддээ өгч чадах вэ гэвэл ар гэртээ санаа зовохоо больсон цагт. Хүүхдийн сургалтын төлбөр, хоолны мөнгө, урсгал зардлаа яах вэ. Маргааш ээлжнээс буугаад яаж 50 мянган төгрөг олох вэ гэж санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийвэл бидэнд потенциал бий. Манай салбарын 60 мянган хүн бүгд ёс зүйн алдаатай, мэдлэг чадвар дутмаг биш шүү дээ. Ямар ч мэргэжил өөр өөрсдийн гэсэн зовлонтой. Сэтгүүлч, цагдаа, улстөрч аль аль нь байх хэцүү. Ганцхан эмч байх хэцүү гэж хэлж байгаа юм биш. Яагаад эрүүл мэндийн салбарын ажилчид тэмцээд байна вэ гэвэл дахин нэг шалтгаан бий. Энэ бол жижүүрийн ажил байгаа юм. Хонодог ажил учраас бид эрүүл мэндээрээ маш их хохирдог. Уурхайд шөнийн ээлжинд гардаг ажилчидтай яг адилхан. Үүнийгээ бид цалингаараа төлдөггүй. Энэ салбарт 20-30 жил ажилласны дараа биологийн насаараа төлдөг юм. Шударга хэлэхэд, эрүүл мэндийн салбарын ажилчид удаан сайхан амьдарч чаддаггүй. Маш залуугаараа нас баралтад өртдөг. Эсвэл архаг хууч өвчтэй болоод дуусч байна шүү дээ” гэв. Өчигдөр Сүхбаатарын талбайд эмч, эмнэлгийн ажилтнуудын жагсаалаас гадна багш нар суулт хийсэн юм. Хэрэв багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, ажиллах орчныг нь сайжруулахгүй бол энэ сарын 15-наас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Эцэг эхчүүдийг ч үүнд бэлтгэлтэй байхыг давхар мэдэгдсэн юм. Түүнчлэн талбайн нөгөө талд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах улс төрийн жагсаал өрнөж байлаа. Энэхүү жагсаалыг хүмүүс Д.Амарбаясгалангийн талаас зохион байгуулсан хэмээн ярьж байв.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
А.Даваадулам
Сэтгэгдэл
Зочин [109.252.142.177] 2025-10-10 14:52:03
Монгоний хулгайчууд жагсаж байна. Дотор ньэмнэлэгт хамаарадгуй хуиуусч байна.амарбаясаглангийн санхужилт...