Цэнгэл суманд 120 саяар баригдсан дотуур байр хэзээ ашиглалтад орохыг мэдэх дарга АЛГА

П.Урнаа / Хууль

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болсон байна.

БСШУС-ын яамнаас Баян-Өлгий аймагт 2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хийх төслийн нэг нь тус аймгийн Цэнгэл сумын Загаснуур багт дунд сургуулийн дотуур байр шинээр барих ажил юм. Улмаар 2018 оны тавдугаар сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 143 саяын төсөвт тендер зарлагджээ. Тендерт “Улыдала” ХХК, “Зэндмэнэтулга” ХХК, “Айкамат” ХХК, “Алтайшар говь” ХХК зэрэг компаниуд оролцсоноос “Улыдала” ХХК шалгарч, дотуур байрны барилгын ажлыг 120 сая төгрөгөөр гүйцэтгэсэн гэх мэдээлэл бий.

“Улыдала” компани нь барилгыг 2018 ондоо эхлүүлж, тухайн ондоо дуусган улсад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байв. Гэвч барилгын ажлыг хүлээж авах Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат тэргүүтэй арван хүний бүрэлдэхүүнтэй комиссын томилгоог аймгийн засаг дарга Гылымхан хийсэн ч, дотуур байр одоог хүртэл ашиглалтад ороогүй хэвээр хүлээгдэж байгаа аж. Аж ахуй нэгж, байгууллагын тооллогын хамрагдалтын жагсаалтад 2016 онд баталгаажсанаар “Улыдала” ХХК нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын долдугаар багийн Билүү хэмээх газарт бүртгэлтэй компани аж.

Дотуур байрны барилга хэзээ ашиглалтад орох, ямар шалтгааны улмаас улсын комисс одоог хүртэл хүлээж авахгүй байгаа эсэх талаар бид холбогдох албаныхнаас тодруулахыг зорилоо. Энэ дагуу БСШУСЯ-наас тодруулах гэсэн боловч энэ асуудалд тодорхой хариулт өгөх албан тушаалтан, ажилтан олдсонгүй. Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Гылымхантай холбогдож учир байдлыг тодруулахад, “Би хуралтай байна. Яг одоо үг хэлэх гээд завгүй зогсож байна. Энэ тухай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Болаттай холбогдож тодорхой мэдээлэл аваарай. К.Болат тэргүүтэй хүмүүс газр дээр нь хэд хэдэн удаа ажилласан, нөхцөл байдал ямар байгааг мэдэж байгаа хүмүүс” хэмээх хариултыг өгч утсаа салгасан юм. Энэ дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Болаттай холбогдоход “Би өнөөдөр тун завгүй байна. Энэ тухай мэдээллийг маргааш өгье” гэснээс өөрөөр мэдээлэл авч чадсангүй.

Харин тухайн Загаснуур багт амьдардаг нэгэн иргэнтэй холбогдож тодруулахад “Загаснуур баг сумаасаа нилээдгүй зайтай оршдог. Алтай таван богдод ойролцоо байдаг баг юм. Энд дунд сургуулийн дотуур байр баригдсан ч, ашиглалтад ороогүй л байна. Доторх ажил дуусаагүй, юм хум хийгээд л байна лээ. Холбогдох хүмүүүс нь галлагаа, дулааны ажил дуусаагүй, хангалтгүй байгаа учраас комисс нь хүлээж авахгүй байгаа тухай яригдсан. Хэдэн төгрөгийн өртөгөөр баригдаж байгааг мэдэхгүй ч, их л үнэтэй баригдаж байгаа гэсэн шүү дээ” гэв.

Цахим орчинд тухайн Загаснуур багт баригдсан дотуур байрыг 500 сая төгрөгөөр барьсан гэх мэдээлэл цацагджээ. Гэвч энэ нь ташаа мэдээлэл бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэмжлэгээр Цэнгэл сумын төв дэх Тува бага сургуулийн 50 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилга ажээ. Тус дотуур байр энэ сарын 20-ны өдөр нээгдэх юм байна.


Сэтгэгдэл

Зочин [43.228.129.4] 2019-03-14 08:11:05

2011 Онд сургуулийн орчны судалгаа хийж энэ багт очиж байлаа. Тува ястан хүүхдүүдийн сурах орчин гэж үнэхээр аймшигтай. 5-р анги хүртэлээ тува хэл дээр суурь боловсрол эзэмших эрхийнхээ дагуу 1-3-р ангийн 20-д хүүхэд нэг анги, 4-5 р ангийнхан нь бас нэг анги гээд хэдэн хүүхэд байсан. Тува хэл дээр сурах бичиг байхгүй Оросын Тувагаас авчирсан хэдэн канондсон номтой. Дотуур байр нь шил байхгүй гялгар уутаас бөглөсөн хэдэн цонхтой. цөөнхийн цөөнх үнэхээр өрөвдмөөр хүүхдүүд байсан даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.