Дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай

Д.Тулга / Орон нутаг

Амрах завгүй, хөлс дуслуулан ажиллаж буй хүнийг хараад би бахархдаг,баярладаг. Чин сэтгэлээсээ хийсэн ажил бүхэн үр шимээ өгч, амьдрал дэвжин дээшлэх үндэс учраас тэр. Сүүлийн долоон хоногт “Наадмаас өмнө” хэмээн ажлаа амжуулах гэсэн хүн гудамжаар дүүрэн. Шар хантааз өмссөн хүмүүс наадамчин олныхоо явах замыг засаж, өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байна. Нийслэлийнхээ өнгө зүсийг өөрчлөх хүсэлтэй залуус нэг ч болтугай мод тарья гэж зүтгэх аж. Хурдан морь унасан хүүхэд, уран мэхийг уралдуулан барилдах бөхчүүд, онч мэргэнээ сорих харваачдын зураг чимэглэл нийслэлийн гудамжийг бүрхжээ. Юутай сайхан. Айлын гэргий хань, хүүхдүүдээ юугаар гоёхоо аль эрт сонгож, монгол дээлийн сайхныг магтан, наадмын гоёогоо дэгжин болсныг ам уралдан ярих аж. Сэтгэл нь монгол наадмын ногоон дэвжээнд аль эрт очсон залуус төрийн далбаагаар төмөр хүлгээ чимчихэж. Наадмын өмнө бүх ажил жигдэрлээ. Хийж бүтээхийн төлөө хүсэл, сэтгэл нь тэмүүлэх монголчуудын царай цаанаа нэг л өөр, өөдрөг болсон нь наадам айлссаных биз ээ. Хүй долоон худгийн дэнж гоёлын ногоон дээлээ аль хэдийнэ өмссөн харагдана. Хүүхдийн гийнгоо хадаж, хурдан хүлэг нь янцгааж уралдааны их замд тоосоо өргөхөөр уяан дээрээ тогтож ядан байна. Анх удаа төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлэх гэж буй ажнай үүрсэж, эзнийхээ сэтгэлийг гэгэлзүүлнэ. Түмэн олноо баясгах хүчит бөхчүүдийн бяр нь ханаж, гал галаараа голын цэнгэлдэхэд иржээ. Цэц мэргэн харваачид “Хэний тавьсан сум ончтой байж, наадамчин олныг гайхшруулах бол” хэмээн цэнгэл дүүрэн ярих нь сонсдоно. Миний монголын наадам ийм л сайхан. Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа дэнж хотойтол сайхан наадаарай.


Сэтгэгдэл

Гадинжид [66.181.183.207] 2019-07-16 07:27:38

Нохойн толгой гурав харагдтал ууж, дэнж хотойтол наадах гэдэг бол монгол хулигааны хэллэг. одоо төрийн үг боллоо.

Зочин [66.181.189.35] 2019-07-11 04:36:24

Энэ жилийн наадмын нээлт урьд урьдын жилүүдээс сайхан болж байна. Найруулсан болон оролцсон бүх хүмүүст баяр хүргэе

Зочин [66.181.179.182] 2019-07-11 03:49:21

Уйтгартай наадам

Зочин [202.179.26.254] 2019-07-11 01:21:21

Eleg2


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.