Б.Түвшин: Ходоодны хорт хавдраар шинээр оношлогдож буй хүмүүсийн 80-85 хувь нь хожуу шатандаа эмнэлэгт ханддаг
-ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР БАРУУН АЙМГУУДАД ЭЛБЭГ БАЙГАА НЬ ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ-
Бид долоо хоног бүр Монгол Улсад түгээмэл тохиолддог хорт хавдарын талаар мэргэжлийн эмчээс яриа авч, хэрхэн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаад Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшинтэй ходоодны хорт хавдрын талаар ярилцлаа.
-Нийт хүн амдаа харьцуулсан тоогоороо Монгол Улс ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлдэг. Учир шалтгаан нь юунаас болж байна вэ?
-Ходоодны хорт хавдар үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Энэ өвчнийг үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл нь ходоодны хеликобактерын халдвар. Дараа нь давсны хэрэглээ ордог. Амьдралын буруу хэв маягууд ч гэсэн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Жишээлбэл, тамхины хэрэглээ ходоодны хорт хавдар үүсэх эрсдлийг хэд дахин нэмдэг хүчин зүйлүүдийн нэг. Зарим судалгаагаар архи "Ходоодны хорт хавдартай шууд холбоотой" гэдэг боловч өөр судалгаанд "Маргаантай" хэмээн үздэг. Ходоодны хорт хавдар үүсгэдэг хамгийн том хүчин зүйл нь хеликобактер. Уг халдварын тархалт Монгол Улсад элбэг байдаг. Хеликобактерын талаар үндэстэн дамнасан судалгаа хийгдэж байгаагүй. Яг одоо надад барьцтай хэлчих тоо баримт алга байна. Дээрх хүчин зүйлүүдээс гадна ходоодны ямар нэгэн хагалгаанд орж байсан. Эсвэл гэр бүлийнх нь аль нэг гишүүн залуу насандаа ходоодны хорт хавдраар өвчилж байсан гэх өгүүлэмж байвал удамших хандлага ажиглагддаг юм. Шууд утгаар хорт хавдар удамшина гэсэн үг биш л дээ. Хорт хавдраар өвчлөх магадлал удмын хувьд бэлэн байгаа боловч нөгөө талаас нэг удмын хүмүүс адилхан амьдралын хэв маягтай байдаг. Тиймээс удам дагаж уг өвчнөөр өвдөх хандлага ажиглагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-Хүмүүс ходоодны хорт хавдраар өвчлөхгүйн тулд нэн тэргүүнд юуг анхаарах ёстой вэ?
-Ходоодны хорт хавдрын тохиолдолыг зүүн, болон төвийн аймгуудыг баруун аймгуудтай харьцуулж үзэхэд эрс ялгаа ажиглагддаг. Баруун аймгийнханд ёс заншлаа дагаад давсалсан хоол хүнсийг ахуй амьдралдаа өргөнөөр хэрэглэдэг. Энэ нь ходоодны гэлтгүй бусад төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байгаа нь ажиглагддаг. Мөн даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд хэрэглээнээсээ хасах хэрэгтэй. Даршилсан бүтээгдэхүүний найрлагад азотын гаралтай нитритийн төрлийн бодисууд ордог. Нитрит гэх бодис ходоодны хорт хавдраар өвчлүүлдэг гэдгийг аль хэдийн судалгаа шинжилгээгээр тогтоосон. Гадаад орнуудад хийгдсэн судалгаагаар хеликобактерын халдвар нь давсны хэрэглээтэй хосолсон тохиолдолд ходоодны хорт хавдар үүсгэдэг гэж үздэг. Тиймээс монголчууд давсны хэрэглээгээ маш ихээр хязгаарлах, хеликобактерын халдвараа устгах эмчилгээ хийлгэх, даршилсан нөөшилсөн мах махан бүтээгдэхүүнийг хэрэглээнээсээ хасах хэрэгтэй. Дээрээс нь архи, тамхи гэх мэт амьдралын буруу зуршлаасаа салах ёстой гэдгийг хэлье. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд таргалалт нэмэгдэж байна. Өнгөрсөн жил гарсан судалгаагаар таргалалт 13 төрлийн хор хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлтэй шууд холбоотой гэж үзсэн. Логикийн хувьд таргалалт хорт хавдар хамаагүй мэт боловч хавдар үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон. Тиймээс амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.
-Монголд хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн ихэнх нь сүүлийн шатандаа оношлогддог гэсэн харамсалтай тоо баримт бий. Гадаадын орнууд хорт хавдрыг эрт илэрүүлэхийн тулд ямар бодлого баримталж ажилдаг вэ?
-Ходоодны хорт хавдрын өвчлөл ихтэй Солонгос, Япон гэх улс орнууд үндэстэн дамнасан эрт илэрүүлгийн хөтөлбөртэй. Засгийн газраас мөнгийг нь өгдөг жил бүр 40 хүрсэн иргэн бүрийнхээ ходоодыг дуранддаг. 40-өөс дээш насныхан жил болгон ходоодоо дурандуулаад байхад хорт хавдрыг эрт үед нь илэрүүлэх магадлал 80-90 хувьтай. Гэтэл Монгол Улсад ходоодны хорт хавдраар шинээр оношлогдож буй хүмүүсийн 80-85 хувь нь хожуу шатандаа эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл арга хэмжээ авахад оройтсон байдаг. Хорт хавдраар өвчилсөн хүмүүс яагаад хожуу шатандаа оношлогдоод байна вэ гэвэл монгол хүн тэсэхийн аргагүй өвдсөн үедээ л эмнэлэгт ирдэг муу дадалтай. Ихэнх хорт хавдар эрт үедээ ямар ч шинж тэмдэг илэрдэггүй.
-ХОДООД, АЮУЛХАЙ ОРЧМООР ХАРЛАЖ ӨВДӨХ ЗОВИУР ИЛЭРСЭН БОЛ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ-
-Ходоодны хорт хавдраар өвчилсөн үед ч гэсэн шинж тэмдэг илрэхгүй гэсэн үг үү?
-Ходоодны хорт хавдраар өвчилсөн хүмүүст хамгийн элбэг тохиолддог зовиур нь ходоод аюулхай орчим хүчтэй биш харлаж өвдөх. Мөн шалтгаангүйгээр жин хасах нь эхэн үедээ илрэх магадлал бий. Огт илрэхгүй ходоодны хорт хавдраар өвчилж болно. Хэн ч сайн дураараа эмнэлэгт очиж ходоодоо дурандуулах шинжилгээ хийлгэдэггүй учраас хожуу шатандаа оношлогдох нь элбэг байна. БНСУ-ын Ходоодны хорт хавдрын нийгэмлэгээс гаргасан зөвлөмжөөр 40-өөс дээш насныхан жилд нэг удаа ходоодоо заавал дурандуулах ёстой гэсэн байдаг. Яагаад ийм зөвлөмж гаргасан бэ гэхээр ходоодны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь энэ насандаа оношлогдсон байдаг. 5-10 орчим хувь нь 40-өөс өмнөх насанд тохиолддог. Залуу насандаа ходоодны хорт хавдраар өвчилж буй хүмүүст удамшлын хам шинжтэй байдаг. Гэхдээ элбэг биш. Ер нь 40-өөс доош насныхан ходоод аюулхай орчмоор нь зовиур илэрсэн л бол яаралтай эмнэлэгт очиж ходоод дурандуулах шинжилгээнд хамрагдчих хэрэгтэй. Яагаад гэхээр ходоод аюулхай орчим өвдөх зовиур өвөрмөц бус. Нойр булчирхайн үрэвсэл, цөс, зүрхний өвчлөлтэй ижил зовиураар илэрдэг учраас андуурагдах тохиолдол бий. Дээрх зовиур ходоодны хорт хавдраас гадна маш олон өвчинтэй андуурагддаг учраас "Ходоодоо дурандуулах хэрэгтэй" гэж хэлээд байгаа юм.
-Иргэд ходоод дурандуулах үеийн зовиураас болж эмнэлэгт хандахгүй хойшлуулах тохиолдол элбэг ажиглагддаг?
-Ходоод дурандах шинжилгээг хүний бие рүү гадны биет оруулж ажилбар хийгддэг. Өмнөхөө бодвол ходоод дуранддаг дурангийн диаметр нь нарийнхан болсон. Зовиур илэрдэг хүмүүсийг унтуулгатай дуранддаг үйлчилгээ ч бий болсон байна. Биед нь зовиур илэрээд байхад эмнэлэгт очиж үзүүлдэггүй хойшлуулдаг тохиолдол манай улсад маш их байдаг. Гэтэл шинжилгээний ач холбогдол 2-5 минутад илрэх зовиураас хэд дахин илүү чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Ходоодоо дурандуулах гэж буй хүмүүс юуг анхаарах ёстой вэ?
-Оройны 19:00 цагаас хойш хоолоо сойж өглөө нь ус уухгүйгээр эмнэлэгтээ очих хэрэгтэй. Дурангийн шинжилгээтэй холбоотой зөвөлгөөг 2, 3 дугаар шаталбарын эмнэлгүүд бүгд өгдөг. Тэр зөвлөмжийг дагахад л болно.
-Хавдар судлалын үндэсний төвд сайн дураараа шинжилгээнд хамрагдаж буй хүмүүс хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Сайн дураараа эмнэлэгт хандах нь монголчуудын хувьд тун бага даа. Эрт үедээ оношлогдож буй хүмүүсийн 15-20 орчим хувь нь ихэнх тохиолдолд албан байгууллагын урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдсан байдаг. Гэхдээ ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг байгууллага хэд билээ. Маш ховор азтай тохиолдол нь өөр өвчинтэй андуурагдаад ходоод дурандуулах шинжилгээнд хамрагдаж хавдраа эрт үед илэрүүлдэг. Эрт үедээ оношлогдож буй хорт хавдар ихэнхдээ санамсаргүй байдлаар илэрч байна.
-Монголчууд эдгэрэх боломжгүй өвчин туссан гэдгээ мэдэнгүүтээ лам, бөө, энергиэр эмчилдэг гэх хүмүүст хандах нь элбэг байдаг. Ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд буурах хандлага ажиглагдаж байна уу?
-Хорт хавдраар өвчилсөн бол эмчлэгдэхгүй гэсэн ойлголт монголчуудын дунд байдаг. 2017 онд Монгол Улсад ходоодны хавдартай 899 хүн шинээр оношлогдсон байдаг. Хавдар судлалын үндэсний төвд 400 гаруй өвчтөн үзүүлж 300 гаруй хүн хагалгаанд орсон. Хувийн эмнэлгүүд болон гадаадын улсууд руу 100 гаруй хүн явсан гэж бодоход эмнэлэгт оношлогдоогүй ходоодны хорт хавдартай хүн хэдэн зуугаараа яригдана. Үлдсэн 300 гаруй хүн эмнэлэгт ирэхгүй хаачсан бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Монголчуудын дунд лам,бөө удган гэх хүмүүст итгэн цаг хугацаа, эдийн засгаараа хохирдог. Хамгийн харамсалтай эдгээр хүмүүст найдаж явсаар байгаад амь насаа алдаж буй тохиолдол маш их байна. Аливаа нэг хорт хавдар эрт үедээ оношлогдсон бол эдгэрэх, эмчлэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлбэл, ходоодны хорт хавдар нэгдүгээр үедээ оношлогдож чадвал эдгэрэх магадлал 70-80 хувь ба түүнээс дээш байна. Ийм үедээ оношлогдсон хорт хавдрыг хагалгаа хийхгүйгээр дурангаар дотор талаас нь хуулаад авчих боломжтой.
З.Энхболд: 2015 онд "Эрдэнэс Тавантолгой"-г Хятадын компанид бэлэглэсэн бол юун жил бүр ногдол ашиг авах
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Путин: Оросын тал зөвшилцөхөд бэлэн
ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв
Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан болж өндөрлөлөө
Засгийн газар Лхагва гаригт ураны Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барина
Иргэн бүрд олгосон 135 мянган төгрөгийн ногдол ашиг шалгах заавар