МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Чулуунцэцэг: Алтан дэлхийдээ талархъя гэж бодсон юм

Н.Саранчимэг / Энтертайнмент

Түүний тухай бодохоор л хамгийн түрүүнд Дорнын говь сэтгэлд буудаг юм. Зулай, ул хоёроос нэвт төөнөх жин үдийн нар, говийн билэгдэл болсон ганган улаан тэмээд, ширээ ширээ атад зогдор дэвсэн шогших мөч, голдоо нартай говийн бүсгүйн сэтгэл гээд юу эс буухав. Тэрбээр 2004 онд “Нэрийн хуудас-Оддын хөрөг” нийтлэлийн ном, 2007 онд “Чука” шүлгийн түүвэр, 2010 онд “Амраг нандин” хайрын шүлгийн түүвэр, 2011 онд “Тунгалаг дарсны эгшиг” яруу найргийн цомог, 2017 онд “Ээж” эссэ нийтлэлийн түүвэр хэвлүүлсэн байдаг. Ингээд “Шинэ мянган” Утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, “Монголын Хутагт Хувилгаад” баримтат кино төслийн зохиолч, сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэгтэй хийсэн ярилцлагаа толилуулья.

-Удахгүй тоглолт хийх гэж байгаа гэсэн сураг сонслоо. Одоогоос долоон жилийн өмнө Бөхийн өргөөнд “Халхын сайхан эрд” гэдэг тоглолт хийж олныг бужигнуулж байснаас хойш нам гүм байсан санагдана. Тоглолт хийх болсны учир шалтгаан юу байв?

-2012 оноос хойш тоглолт хийгээгүй, хийнэ ч гэж бодсонгүй, нэг л мэдэхэд долоон жил болчихож. Энэ хугацаанд яруу найрагчидтайгаа хамтарсан тоглолт бол хийж байсаан. Хүн чинь амьд явахад их юмыг үздэг, бас бага ч үгүй юмыг туулдаг юм байна. Би энэ жил нэгдүгээр сарын 1-нд Дорноговь руу, нутаг руугаа явж байгаад аваарт орсон. Дүү охинтойгоо явж байсан юм. Азаар алтан дэлхий их сайхан түшиж авч, одоо хоёулаа мэнд саруул байна. Тэгээд би сайхан түшиж авсан алтан дэлхийдээ талархъя гэж бодсон юм. Надад байдаг юм бол би талархлаар баян, бүтээлээр баян, нөхдөөр баян ийм л хүн. Тэгээд эрүүл саруул үлдээсэн эх дэлхийдээ талархаж тоглолт хийе гэж бодсон юм. Би чинь говийн хүн болохоор их уужуу тайван юм байна, тэр талаа дагаад жаахан удаашралтай л явж байна. (инээв) Гэхдээ аравдугаар сарын 17-нд “UB Palace”-д “Үлэмж тунсаг” нэртэй тоглолтоо хийнэ дээ.

-Залуу хүн завгүй явах хэрэгтэй гэдэг. Тэр завгүйчүүдийн нэг нь өөрөө. Хамгийн анх “Нэрийн хуудас - Оддын хөрөг” гэсэн нийтлэлийн ном гаргасан байдаг. Түүнээс сэтгүүлч болох гэж хичээж зүтгэж байгаа залуу хүний өөдрөг сэтгэл үнэртдэг бол хоёр жилийн өмнө гаргасан “Ээж” эссэ нийтлэлийн түүврээс сэтгүүлч болж хөлөө олсон хүний бүтээл ханхалдаг. Номоос номын хооронд чанаржиж байна гэсэн үг л дээ?

-Гуравдугаар курсын оюутан байхдаа “Нэрийн хуудас-Оддын хөрөг” гэдэг номоо хэвлүүлж байсан. Одоо эргээд харахаар алдаа оноо дүүрэн байдаг юм. (инээв) Гэхдээ таалагддаг, өөрийгөө хаацайлдаг ганц юм бий. Тэр нь би оюутан байсаан гэдэг л үг. Тэр номоо би сургалтынхаа төлбөрөөр хэвлүүлж байлаа. Тэр үед оюутны номыг худалдаж авдаг хэн байхав. Хавар сургууль төгсөх болдог сургалтын төлбөр байхгүй. Тэгээд үрчийгээд л муу аав дээрээ очиж үнэнээ хэлээд мөнгө авч байлаа. Тухайн үед хийх юмсан гэдэг л мөрөөдөл байснаас сайн хийж байна уу, муу хийж байна уу гэдгийг огт боддоггүй байж. Гэхдээ ном гаргах гэж зүтгэж явсандаа одоо өөртөө талархдаг шүү.

-Сурагч байхдаа сэтгүүлч болно гэсэн мөрөөдөлтэй байж. Төгсөхөд нь хүссэн сургууль чинь ирсэнгүй. Тэгээд л тэмээчин болж аав ээждээ туслаад хоёр жилийн нүүр үзэж. Гэхдээ сэтгэлийн чинадад байсан нөгөө мөрөөдөл хаачив гэж. Нэг л өдөр хос морьтой ч хамаагүй хот ороод сэтгүүлчийн сургуульд орно доо гэж бодоод байж. Энэ тухайгаа дурсвал...?

-Арван долоотой охин арав төгсч байлаа. Сэтгүүлчийн сургууль ирээгүй болохоор хуваарьгүй, хөдөө гарсан. Ээж аавдаа тусалж хоёр жил мал малласан. Тэгэхдээ би муу малчин байгаагүй. Аль болохоор аав ээжийгээ гэрт нь байлгах юмсан, худаг усанд явуулахгүй юмсан, дааруулахгүй юмсан, хавар мал ноослуулахгүй юмсан гэж боддог, мэрийдэг байсан. Миний нутаг сайхан л даа, цэлийсэн тал, говь. Өдөржин тэмээ, морины нуруун дээр байхад юу эсийг бодохов. Их л юм боддог байлаа. Гэхдээ байгаа орчноосоо, нутгаасаа, харагдаж байгаа таанын цагаан толгой, говийн ганц жимс болох хармагнаас юм олоод харчихья гэж явсан гэвэл худлаа. Угалзран ирэх салхи, шороон шуурга тавих энэ тэрийг харах гоё л байсан. Би угаасаа байгалийн захирагдашгүй араншинд дуртай. Өдөржин малд явна. Орой ирээд лаа барина. Лааны гэрэлд шүлэг бичнэ, тэмдэглэл хөтөлнө. Би маш их тэмдэглэл хөтөлдөг байсан. Тухайн үед манайх сонин захиална. Би хайрын “Хонгорзул” захиалдаг байлаа. Тэр нь долоо хоногт нэг ирнэ. Түүнийгээ их уншина. Тэрэндээ их хөг орно. Хэдийгээр миний аав долдугаар ангийн боловсролтой тэмээчин боловч маш их уншдаг хүн байсан. Аав маань надад дэлхийн болоод Монголын сонгодог уран зохиолыг ба бэ-гүй ярьж өгсөн байх. Манай аав гайхалтай уншигч төдийгүй, гайхалтай ой тогтоолттой, тун гоё бичигтэй хүн байсан. Тиймдээ ч намайг яруу найрагчийн зам руу хөтөлсөн гэж би боддог. Аав минь намайг таван настайгаас морины нуруун дээр тавиад л дагуулаад явдаг байсан.

-Аав минь надад газар усны нэр тогтоолгож, чулуу бүрийг нь нүдлүүлж өсгөсөн юм хэмээн нэг удаа дурссан байдаг...?

-Тийм ээ. Уг нь бол гурван настайгаас минь морь унуулсан юм гэнэ лээ. Даанч тэр балчир насандаа аавыгаа дагаж явах бяд суугаагүй, морь барих, тавих зуурт л унаж байсан болохоор арай том болж тав хүрэнгүүт нь дагуулаад явдаг болж л дээ. (инээв) Охин хүүхэд ч гэж бодсонгүй. Тэгээд л “Миний охион, тэр уулыг тэгж нэрлэдэг юм” гэж нэг бүрчлэн хэлж өгөөд зогсохгүй ургамал ногоог ч нэрлэж өгдөг тийм л хүн байсан. Ер нь бүх юмыг миний аав надад зааж өгсөн. Тийм учраас би яруу найрагч болсон байх гэж боддог. Нутаг руугаа зүтгэдэг, нутаг амьтай болсон байх гэж боддог юм.

-“Чука” гэдэг шүлгийн түүврийг 2007 онд хэвлүүлжээ. Түүнээс хойш гурван жилийн дараа “Амраг нандин” нэртэй хайрын шүлгийн түүвэр гарч. Ер нь хайрыг дуулаагүй яруу найрагч байдаггүй. Он цагийн хаанаас ч шатаж үхтэлээ хайрладаг тухай өөрөө бичиж байсан. Хайр гэдэг энэ мөнхийн сэдвийн талаар...?

-2009 онд “Амраг нандин” ном маань бүтээд дараа жил нь хэвлүүлсэн л дээ. Хүнд нэг тийм хөг ордог үе байдаг шүү дээ. Нүд нь гялалзаад л, үс нь сэгсийгээд л өөрөө хөг орчихсон, уянга орчихсон гүйж явдаг үе. Харсан хэн ч гэсэн энэ эмэгтэй дурлачихаж гэж шууд мэдмээр. Тийм л цаг үед бүтсэн ном. Мэдээж, тэр бол хайрламаар гоё он цаг байсан. Дурламаар сайхан эр байсан. Тийм болохоор энэ ном бүтсэн гэж боддог. Үнэхээр гайхалтай сайхан он цаг байлаа.

-Яруу найраг гэдэг өөрөө хөг орж, хөгжим шиг хөглөгдөж байж гардаг зүрх сэтгэлийн дуулал юм болов уу гэж би боддог. Санал нийлэх үү?

-Шүлэг бичнэ гэдэг өөрөө жижиг цаг хугацааны хэмнэл давтамж шиг байгаа юм. Зүрх цохилох хэм байна ш дээ. Яг түүн шиг хугацаанд барьж авдаг сэжим юм уу даа. Тэр сэжмийг барьж аваад тэгээд өөрийнхөө авьяас, мэдрэмж, зөн юу байдгийн түүгээрээ л амилуулдаг зүйл. Ерөөсөө тэр мэдрэмж хормын дотор л орж ирнэ. Түүнийг барьж аваад бүтээл болгох нь яруу найрагч хүний ааш авир аяг юм шиг ээ. Гуч гартлаа хайрын шүлэг бичлээ. Сүүлийн үеийн шүлгүүд маань харин их зөөлөн болсон шүү. Улам дотогшоо яргаад л өөрийгөө чимээлдэг болоод байгаа.

-Дотоод ертөнц рүүгээ өнгийж байна гэж хэллээ. Энэ чинь наснаас бус, өөрийн чинь хашиж буй “Монголын Хутагт Хувилгаад” баримтат киноны төсөл дээр ажиллаж байгаатай чинь холбоотой юм биш үү?

-Магадгүй, тийм байх. Зургаан жил энэ замаар явлаа. Бага хугацаа биш. Буддизмыг учиргүй уншаад гүнд нь орж судлаад явсангүй, гэхдээ тэр хутагт хувилгаадыг дагаад явсан, тэр замаар хөөцөлдсөн, номын баринтагны хажууд өнгөрүүлсэн өдрүүд олон байсан болохоор илүү зөөлөн болж, илүү дотогшоогоо чимээлсэн байхыг үгүйсгэхгүй. Би ч өөрөө тэгж боддог. Буддын шашинтай илүү ойр байснаар өөрийгөө таньж мэдэж, олж авч байгаа юм болов уу гэж. Эхний гурван жил надад хэцүү байсан. Нэг хүнд юм дараад байх шиг санагдаад л, нөгөө инээж л байдаг, тачигнаж байдаг Чулуунцэцэг алга болчихоод өөрийгөө танихаа болиод. Тэгж тэгж хээрийн салхинд зогсч байж өөрийгөө нэг олж аваад “Нээрээ, энэ чинь би шүү дээ” гэж бодсон. Өөш манхан дээр очиж гурван өдөр наргиж цэнгэсэн юм л даа. Түүнээс хойш гурван жилийн дараа бодоход арай өөр бодол орж ирсэн. Би залуу ганьхан, гоёхон ч явсан байх. Хаврын салхи шиг бүсгүй байж. Тэгээд жаахан буурь суугаад алчуураа яаж зангидахаа мэддэг болоод ааш авираа хаана гаргаж, хаана нуухаа ялгадаг болоход буддын шашин надад нөлөөлж, сургаал номлолууд нь намайг хүмүүжүүлжээ гэж бодсон.

-Буддын шашин гэснээс бид бүхэн өөрсдийгөө энэ шашныг үе дамжин шүтсэн гэж хэлэх дуртай. Яг үнэндээ зовлон нүүрлээд ирсэн цагт л Ганданд очиж ном уншуулдаг, сар шинээр мөрөө гаргахдаа, жилийн заслаа хийлгэхдээ л шашнаа санадаг нь олонх. Болж бүтэхгүй болонгуут намайг бодоод, авраач гээд залбираад байх. Үнэн чанартаа бол өөрийгөө бус өргөн олноо гэх ёстой юм гэсэн?

-Номыг нь уншаад судлаад, нутаг орноор нь яваад ажиж байхад буддын шашинтай хүн заавал баян байх албагүй юм билээ ш дээ. Манайхан таны хэлдгээр дээд доодгүй л очоод залбирч байна. Амьдрал агуу юм болохоор, баян юм болохоор зовлонтой, жаргалтай л байлгүй яахав. Гэхдээ жаргалтай үедээ хүн бурхны шашин будда минь гээд нэг их явдаггүй юм билээ. Зовлонтой хэцүү болохоороо л хүн өөртөө нөмөр хайж очдог. Тэгээд л ээжийг минь, аавыг минь, ханийг минь, намайг гээд залбираад байгаа харагддаг. Гэхдээ энэ бол тухайн хүний өөрийнх нь үйлдэл шүү дээ. Буддын шашнаар хөөцөлдөөд явж байгаа хүмүүсийн хувьд тэгдэггүй юм шиг байна лээ ш дээ. Яаж үүнийг бусдад хүргэх вэ гээд л гүйж явдаг. Энэ зургаан жилийн хугацаанд олон газруудаар явсаан. Энэтхэгт ч хэд хэдэн удаа очлоо. Хутагт хувилгаад мэндэлсэн, тодорсон, ном хурж байсан ариун дагшин газруудаар зөндөө явлаа. Энэ бүхнээс ажиглаж байхад нэг л юмыг ойлгосон. Хажуу талын хүн чинь зовлонтой байхад хувь хүн өөрөө жаргалтай байгаад яах юм бэ. Дэргэд чинь бөөн зовлонтой хүмүүс байхад өөрөө хачин жаргалтай тогос шиг гоё амьтан байна гэдэг утгагүй. Харин хажуу дэргэдэх хүмүүс чинь жаргалтай байхад түүнийг хараад өөрөө жаргаж болдог юм байна гэдгийг л би хамгийн сайн ойлгосон. Тийм учраас бусдад сайн сайхныг, аз жаргалыг хүсдэг байх хэрэгтэй гэдгийг л бат нот ойлгосон доо. Үүнд аав, ээжийн хүмүүжил, буддын шашны сургаал, яруу найрагч нөхдийн маань сэтгэл бүгд багтсан байгаа.

-Яруу найрагчдыг тэнгэрээс заяат гэх нь бий. Би үүнийг оргүй зүйл биш байх гэж боддог. Яагаад гэхээр хүн бүхэнд хайрлахын ухаан байдаг. Гэхдээ түүнийгээ тарни болсон үгийн шидээр гаргаж хэлдэг нь хэд вэ. Ингэж бодохоор та нарыг хайрламаар. Үнэндээ өнөөгийн Монголд шүлэгч, дууч, бөхчүүдээс олон юм алга. Энэ талаас нь харвал бас өөр. Яруу найрагчид нь дотроо үе үеэрээ талцаад байх шиг. Таныг “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийг удирддаг болохоор асууж байгаа юм?

-Яруу найрагчид үе үеэрээ л төрдөг гэдэг. Манай “Шинэ мянган” бол 1990-ээд оны төгсгөл, 2000-гаад оны эхээр орж ирсэн яруу найрагчид, утга зохиол судлаач, шүүмжлэгчид байдаг юм. Ерөнхийдөө 100-гаад хүн байдаг ч, яг үйл ажиллагаандаа оролцоод хамрагдаад явдаг тавиад хүн бий. Ер нь дөч дөхөж яваа л улс. Зарим нь ч даваад явж л байна. Үе үедээ хайртай, үнээ тугаландаа хайртай гэдэг дээ. Үнэхээр үе үедээ л хайртай байдаг юм байна. “Шинэ мянган” бол бие биедээ л хайртай. Манайхан дотор үнэхээр авьяастай яруу найрагчид, судлаачид, шүүмжлэгчид байна. Цаг нь болохоор тэд байр сууриа эзэлнэ. Авууштай нь, бид нэг нэгэндээ хайртай. Хэн нэгнийхээ төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэж чаддаг.

- Яруу найргийн уралдаан тэмцээн харьцангуй олон болдог болжээ. Тэр бүрт сургуулийн сурагчид оролцоод, хэн нэгнийг дуурайж, нүдээ тас аниад л, гараа савчаад, хоолойгоо цахиртал шүлэг хэлэх юм. Шүлэг нь ч гэж өрөвдмөөр, захын Нүүрномынхон түүнээс илүүг хэлнэ. Энэ цаг зуурын үзэгдэл үү, хүүхэд насны хийрхэл үү?

-Даган дуурайх юм их байнаа. Тэрийг дуурайвал болчихно ч гэж боддог юм уу, нэг тийм зүйл. Гэхдээ яахав ээ, яруу найрагчийг дуурайснаараа нэг их буруутахгүй болов уу гэж бодож байна. Үнэндээ бол учиргүй сайн юм биш. Арван жилд байхад өчнөөн хүүхэд шүлэг бичдэг, оюутан байхад ч өчнөөн хүн шүлэг бичдэг л дээ. Гэхдээ эцэст нь, шалгараад үлддэг л байхгүй юу. Жинхэнэ бичдэг нь цаашаа явна, бусад нь ээж, аав болно, өөр мэргэжил эзэмшинэ, сонирхол нь буурна. Ингээд л үлддэг. Харин тэд хожмоо утга зохиолд элэгтэй уншигч болж үлддэг юм байна лээ. Тэгэхдээ хар тамхинд донтож, цавуу үнэрлэж явснаас яруу найрагч дуурайж янз бүрийн хоолойгоор шүлэг уншиж явсан нь арай дээр юм уу даа. /инээв/

-Өөрийн чинь шүлгэнд

“Гуниггүй хар нүдэнд нь нулимс шүүдэрлэхийг хармаар

Гуч гаруйхан насанд нь гэргий болж очмоор

Гурван жилийн цэрэгт явуулж, араас нь захидал бичмээр

Гуравдугаар сарын цаснаар хамтдаа нэг төөрмөөрөө”

гэсэн шад байдаг. Энэ их сэтгэл хөдлөл одоо ч хэвээрээ байгаа юу?

-Энэ миний 18 жилийн өмнө бичиж байсан шүлэг. Тэгэхээр тэр үеийн хөг одоогийн хөг хоёр өөр байлгүй яахав. Яах аргагүй 20 настай, хонгор зүстэй явахдаа бичсэн шүлэг л дээ. Энд тэнд явахад хүмүүс уншуулах дуртай байдаг юм билээ. “Халхын сайхан эрд”-ээ уншаад өгөөч гээд л. Үнэндээ одоо айлын хойморт зогсоод “Халхын сайхан эрд” гээд унших хүндхэн л байдаг юм. /инээв/ Гэхдээ уншдаг аа.

-“Халхын сайхан эрд” гэдэг тоглолт хийж байсан. Энэ зүрх сэтгэлийн чинь дуулал байсан уу, тухайн үеийн дурлалын дуудлага байсан уу?

-Энэ ийм л дээ. Тэр тоглолт гуравдугаар сарын 16-нд болсон юм. Хоёр хоногийн дараа эрэгтэйчүүдийн баяр болох гээд. Түүнийг түшиж хийсэн тоглолт. Би угаасаа “Халхын сайхан эрд” гэдэг цомог гаргана гэж бодож байлаа. Тэгээд яагаад ч юм бэ, цомгоо “Тунгалаг дарсны эгшиг” гээд нэрлэчихгүй юу. Тэгээд тоглолтоо “Халхын сайхан эрд” гэж нэрлэсэн. Түүнээс хэн нэгэнд дурлаад ч юм уу, өгсөн нэр биш. Олны мэддэг шүлгээрээ л нэрлэсэн хэрэг.

-Гоё үгийн цуглуулга байхаас зайлсхийдэг, үгийн сайхнаар зодож бичдэггүй нь чиний нэг өвөрмөц тал, бусдаас ялгарах онцлог юм болов уу гэж боддог?

-Гоё сайхан үгээр булаад хийё гэвэл чадна л даа. Гэхдээ аливаад үнэн байя гэж би боддог юм. Миний бичсэн юмыг хүн уншаад нээрээ л тэгдэг дээ, энэ ч үнэн шүү гэж хүлээж аваасай гэж боддог болохоор энгийнээр бичихийг оролддог.

-Энэ жилийн чинь бүтээл болох “Сэтгэл нинжин” гэдэг ном өмнө минь дэлгээтэй байна. Номын өмнөтгөлийг МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, утга зохиол судлаач, доктор профессор Ж.Батбаатар бичжээ. Хүссэн хүн бүрийн номонд өмнөтгөл бичдэггүй тэр эрхэм чин сэтгэлээсээ бичиж. Энэ тухайд?

-2000 онд би Багшийн коллежд бага ангийн арга зүйчийн ангийг аваад ирж байсан юм. Утга зохиолын ангид нь орж чадаагүй. Тэр үед Багшийн дээдийн харьяа 11 сургуулийн дунд шүлгийн наадам болдог байлаа. Тэр шүлгийн наадамд би Багшийн коллежийн нэгдүгээр курсын оюутан оролцож байв. Тэгэхэд Л.Моломжамц түрүүлээд би гуравт орж байсан юм. Тэр цагаас л Батбаатар багш Дорноговийн нэг ийм хүүхэд байна гэж мэддэг болсон шиг байгаа юм. Тэгээд Багшийн Дээд рүү хуваариа сольё гэсэн чинь спортын сэтгүүлчийн ангиар соль гэхээр нь “Би спортын сэтгүүлч болж чадахгүй” гээд Их Монгол дээд сургууль руу явсан хүн дээ, би. Үнэндээ Батбаатар багш надад хичээл орж байгаагүй. Гэхдээ би багшаа л гэдэг юм. Хожим нь би “Танаар номынхоо өмнөтгөлийг бичүүлмээр байна” гэсэн чинь “Тэг тэг. Чи номоо аваад ир. Би бичээд өгнө. Чамд би бичиж өгөх ёстой” гэсэн. Тэгээд л бичүүлсэн юм. Их сайхан өмнөтгөл бичсэн байсан. Намайг их үнэлсэн байна лээ. Тэр үнэлгээг дааж явах ёстой гэж бодож сууна. Ер нь аливаад үнэлүүлж цэгнүүлээд ирэхээрээ түүнийг дааж явах, тэр үнэлэмжид багтаж амьдрах болдог. Энэ л өөрөө хэцүү даваа ш дээ.

-Одоогоос дөрвөн жилийн өмнө өөрийн чинь дотны анд Л.Ганзул агсан номын чинь өмнөтгөлийг бичихдээ ”Нэг л зүйлийг гарцаагүй хэлж чадна, би. Тэр өөрийгөө аль хэдийнэ олсон, төрмөл авьяастай яруу найрагч гэдгийг” гэсэн байх юм. Тэр эрхэм найзаа өнөө нэг дурсвал...?

-Л. Ганзул агсан. Агсан гэдэг ч муухай л үг дээ. Гэхдээ одоо хэлэхээс аргагүй болж. Бид хоёр 2001 оны “Болор цом” дээр анх танилцаж байлаа. Тэр үед би жинсэн хослолтой, намайг хараад тэр маань агсрах шинжтэй. “Жийнстэй хүүхэн шүлэг уншихыг мэдэхгүй л юм байна” гэж ирээд л. Тэгж танилцаад гэмгүй сайхан нөхөрлөсөн. Нөхөрлөсөөр байгаад л найз маань бурхны орныг зорилоо. Бид хоёрын хөдөө гадаа хамт явсан, уйлж дуулсан, инээж баярласан өдрүүд олон доо. Олон ч сайхан дурсамж бий. Арга ч үгүй биз, 17, 18 жил үерхсэн улсад чинь. Заримдаа би ээж нь ч юм шиг, эгч нь ч юм шиг, эхнэр нь ч юм шиг, эвгүйдвэл муу найздаа шүүх, цагдаа шиг хандаж явсан үе ч бий. Сайхан авьяастай яруу найрагч байлаа, найз минь. Хүнийхээ хувьд цайлган боловч их дотогшоо хүн байсан. Харамсалтай нь, урт насалсангүй. Уг нь жаахан урт насалсан бол өчнөөн олон шүлэг туурвиж үлдээх байсан байх. Гэхдээ үлдээснийг нь бага гэж чамлахгүйгээр аль болохоор олонд түгээх, дэлгэрүүлэх тал дээр үлдсэн бидний нөхөд ажиллана даа.

-Яруу найрагчид угаас богино настай байдаг гэх нь бий. Нэгэнтээ Ц.Хулан найрагч “Яруу найрагч урт наслахад яагаад ч юм би дургүй” хэмээн бичсэн ч удаатай. Нутгийн чинь ах, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очирыг бурхны зүг одоход маш их харуусан шаналсан хүний нэг нь өөрөө. Ер нь өнгөрсөн жил яруу найрагчдад тэр дундаа “Болор цом” хүртэгчдэд нэлээд халгаатай он байсан санагдана?

-2018 он үнэхээр утга зохиолын хүрээнд хатуу жил байлаа. Сэтгэл зүрх өм цөм эмтэрсэн он жил байлаа. А.Эрдэнэ-Очир ахыг, найз Л.Ганзулыг өнгөрөхөд хоёуланд нь би Солонгост байж таарсан. Миний бие жаахан өвдөөд байгаа учраас тэндхийн эмнэлэгт шинжилгээ өгч явсан хэрэг л дээ. Тэгээд л тэнд байхдаа ийм гаслант мэдээг дуулсан даа. Үнэхээр итгэж болдоггүй юм гэж байдаг юм билээ. Зүрх хагармаар, бүр зогчихмоор тийм хагацалтай тэгж л таарсан. Би аавыгаа алдаж байсан, ах дүү нараасаа алдаж байсан. Гэхдээ л тийм хагацлыг мэдэхгүй. Зүгээр л хорвоо давчддаг юм билээ. Хүмүүс урьд нь ингэж ярихад би дэгсдүүлж байна даа л гэж боддог байсан юм. Гэтэл үнэхээр л тэгдэг юм билээ. Эрдэнэ-Очир ах намайг 2000 онд Улаанбаатарт ирэхэд тосч аваад Монголын утга зохиолын өндөр дээд болоод өөрийнхөө үеийнхэнтэй бүгдтэй нь хөтөлж яваад танилцуулж байсан ачтан. Өнөөдөр миний сайн сайхан яваа нь тэр хүний ач буян гэж би боддог. Би хүнд талархах дуртай. Хүний үзүүлсэн тус дэмийг мартаж болохгүй гэж боддог. Арлааны Эрдэнэ-Очир, Гомпилдоогийн Мөнхцэцэг гэдэг хоёр хүн хөдөөний тэмээчин охины яруу найрагч болох замыг яруу сайхан засч өгсөн юм шүү. Би үүнийг хаана ч хэлнэ.

image

-“Ээж” нэртэй эссэ нийтлэлийн номонд чинь орсон есөн ээжийн тухай баримтат тэмдэглэл өөрөө сэтгүүл зүйд маш хэрэгтэй бүтээл болсон санагддаг. Нэгэнт ээжийн тухай ярьсных өөрийн чинь ээждээ зориулж арав гаруй жил хичээж байж дуулж сурсан “Миний ээж тэмээчин” дууны талаар асуумаар байна. МУСТА дуучин Д. Отгонжаргал энэ дууг дүрсжүүлэн дуулж олны талархлыг хүлээсэн. Харин өөрийг чинь би түүнээс огт дутахгүй дуулсан гэж боддог?

-Тэгж болохгүй ээ. Монголын тэр топ дуучны энг би яаж гүйцэхэв. Гэхдээ би энэ дуунд хайртай. Анх гуравдугаар ангийн сурагч байхдаа суръя гэж бодсон нь үнэн. Түүнээс хойш сурах гэж хичээж, чармайж мэрийж яваад ямар ч гэсэн аятайхан аялчихдаг болсон гэж өөртөө урамшдаг. Би ээжийгээ л баярлуулъя гэж бодсон юм. Энэ дууг дуулж өгвөл ээж минь баярлана даа гэж бодсон. Тэгээд л хичээсний хүчинд тас солгой хоолойтой байсан хүн чинь овоо ая дантай хоолойтой болсон шүү. /инээв/

-Тэгээд яг хэзээ ээждээ дуулж өгсөн бэ?

-Одоогоороо дуулж өгөөгүй байгаа ш дээ. 2012 онд хийсэн “Халхын сайхан эрд” нэртэй тоглолтод дуучин Э.Оюумаагаар дуулуулчихсан. Сүүлд “Ээж” номын нээлтэн дээр дуучин Н. Долгороор дуулуулсан.

-Энэ тоглолт дээрээ сюрприз болгоод өөрөө дуулчих юм биш биз дээ?

-За даа, хүн өөрийнхөө хийх ёстой юмыг л хийх хэрэгтэй. Хийхдээ сайн хий. Түүнээс бүх юм руу үсчээд л, юм болгон руу далдагнаад, хүний хоолноос халбагадаад байх шаардлагагүй гэж боддог. Тэгээд ч тэр их том дуу. Хэцүү дуу. Тайзан дээр гарч, 3000 хүний өөдөөс харж байгаад миний дуулах дуу биш. Миний хувьд караокед найз нөхөд, ах дүүсийн хүрээнд дуулчихаад байхад л болно.

-Олон жил өөртөө зорилго болгож хичээж сурчихаад ээждээ дуулж өгөхгүй гэсэн үг үү?

-Яахав ээ, нэг өдөр дуулж өгнө дөө.Тийм боломж тохирол бүрдэх байх.

-2013 онд МЗЭ-ийн шагнал хүртжээ. Чухам юуны төлөө ийнхүү шагнагдав?

-2010 онд гаргасан “Амраг нандин” гээд ном бий. 2011 онд гаргасан “Тунгалаг дарсны эгшиг” цомог байдаг. 2012 онд хийсэн “Халхын сайхан эрд” тоглолт бий. Энэ гурав дээр минь бодож өгсөн шагнал юм байна гэж ойлгосон доо. МЗЭ-ийн шагнал гэдэг өөрөө маш том шагнал. Чамайг зохиолч боллоо гэдгийг батламжиж байгаа том үнэлэмж. Би энэ шагналдаа их хайртай. Хаана ч зүүгээд явж байхад бардам, тийм л шагнал. Үнэндээ энэ шагналын эзэн болох юмсан гэж хүсч явсан үе надад бий.

-Яруу найрагчид өөрийнхөө чадлаар хоолоо олж идэж байна гэх дуртай улс. Танд хэр захиалга ирдэг вэ. Ер нь хүмүүст нэр зааж бичсэн шүлэг өөрт чинь хэр олон байдаг вэ?

-Мэдээж, уран бүтээлийн захиалга ирнэ. Манай байгууллага ойдоо зориулж дуу хийх гэсэн юм, би ээждээ, аавдаа зориулж нэг дуу хиймээр байна гэх мэт захиалга ирнээ. Би чинь дан ганц шүлэг бичихээс гадна сэтгүүл зүйтэйгээ ойрхон байдаг. Сэтгүүл зүйн тал дээр шүлэг найргаас дутахгүй захиалга ирдэг. Түүгээрээ л хоолоо олж, амьдралыг болгож явна. Түүнээс биш надад хувийн бизнес гэж байхгүй. Төсөвт төрийн цалин гэж байхгүй. Уран бүтээлийнхээ шан харамжаар л амьдардаг хүн. Хүмүүст зориулсан шүлэг надад зөндөө байгаа. Надад ч зориулсан бусад хүний олон шүлэг байдаг. Хамгийн сүүлд гаргасан “Сэтгэл нинжин” гэдэг энэ номонд хүртэл бусдад зориулсан шүлгүүд байгаа.
Зарим нэг хүний нэрийг тавиагүй гаргасан байна лээ. Цаг хугацаа давчдсан уу, яасан. Жишээлбэл, энд танд зориулж бичсэн “Зэрлэг салхи” гэдэг шүлэг байна. Энхбаяр гэж миний их мундаг найз бий. Түүнд зориулсан “Нөхөрлөл мандтугай” гэсэн шүлэг байна. Тэгээд дүү нартаа зориулсан, анд найз нартаа зориулсан шүлгүүд байгаа. Бичиж байгаа үедээ, чадаж байгаа цагтаа хүнд сайхан үг хэлэх хэрэгтэй шүү дээ. Чадах л юм нь энэ юм чинь юуг нь харамлах вэ. Тэртэй тэргүй байшин бариад өгч чадахгүйгээс хойш сэтгэлийнхээ угаас сайхан үг, үнэн үгийг хэлэх хэрэгтэй гэж боддог. Ер нь би өнөөдөр амьдраад дуусах юм шиг санаж амьдардаг даа.

Бид ийн ярилцлаа. Энэ сарын 17-нд болох түүний тоглолтыг нэг төгсөлтийн хамт олон болох “98” нэгдлийн унаган багын найзууд нь голлон зохион байгуулах төдийгүй тэр үдшийг бүхэлд нь Чулуунцэцэгээр овоглуулсан тийм дурсамжит цаг хугацааг аргамжиж авч үлдэхийн төлөө сэтгэл итгэлээр дүүрэн зүтгэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, өргөн цар хүрээтэй хөдөлж байгаа гэсэн шүү.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:53:15

Уншигч [202.126.89.43] 2019-10-10 04:11:29

Цсссссссс Даш Оюунчимэг Өлзийтөгс Бал Лхагвасүрэн Б. Баясгалан Ц.Дэлгэрмаа гээд тасарцан боловсролтой яруу найрагчид байнаа байна.

Зочин [66.181.177.252] 2019-10-09 13:13:46

хоцрогдсон бичлэгтэй эгч бна лэ

Зочин [61.68.52.182] 2019-10-09 12:57:19

Chadnaa bandia

хх [202.55.191.205] 2019-10-09 08:25:00

өөрөө шүлэг зохиогоод үзээч

Зочин [66.181.190.243] 2019-10-09 08:02:10

Mundag bn

Өвгөн ах [202.179.31.124] 2019-10-09 07:00:40

Хүмүүст өгсөн сайхан үг бүрийнхээ тоогоор баяр жаргал эдэлж явахыг ерөөе.Алдар тань бадарч байг охин минь..

Зочин [66.181.177.252] 2019-10-09 05:33:32

Уншиж бгаа шүлэг бол үнэн инээдтэй юм билээ дээ

Зочин [64.119.20.48] 2019-10-09 12:46:15

chi shuleg bichij chadahiimuu golog mini


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.