Д. Нямхүү: Халдвар авсан 3 иргэний ойрын хавьтал болох 121 хүнд шинжилгээ хийж, 60 хүнээс коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

БНСУ-ААС ИРСЭН ХАЛДВАРТАЙ ХОЁР ХҮНИЙ ХУВЬД ТЭНД БАЙХ ХУГАЦААНДАА ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН БАЙНА

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 164 улсад халдвар гараад байна.

Манай улсад өчигдөр гурван хүнд халдвар илэрсэн. Гурван иргэний хоёр нь Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол нэг нь Берлиний тусгай нислэгээр ирсэн бөгөөд эхний ээлжинд гурван хүнээ ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Ойрын бүх хавьтлыг шинжилгээнд хамруулна.

Бид халдвар гарсан улсаас иргэдээ авчирч байгаа учраас эрсдлээ тооцоод бүх зорчигчдыг онгоцонд амны хаалттай байлгаж байсан. БНСУ-аас ирсэн халдвартай хоёр хүний хувьд тэнд байх хугацаандаа эмнэлгээр үйлчлүүлсэн байна.

Тиймээс иргэддээ аль болох эмнэлэгт очихгүй эхний ээлжинд утсаар зөвлөгөө авч байхыг ахин дахин сануулъя. Гурав, дөрөвдүгээр сард монгол хүний дархлаа хамгийн ихээр унадаг учраас эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг чанд сахихыг хүсэж байна" гэлээ.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАГААННУУР БООМТУУДААР ОРЖ ИРЖ БАЙГААГАА ИРГЭДИЙГ ТУСГААРЛАЖ БАЙГАА

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлан ажиглах ажиглалтад улсын хэмжээнд нийтдээ 2,239 хүнийг хамруулсан байгаа. Өнөөдрийн байдлаар 1,330 хүн тусгаарлан ажиглалтад байна.

Нийт 293 сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулснаас дөрвөн тохиолдлын онош батлагдсан. Өчигдөр Токио-Улаанбаатарын нислэгээр 256 зорчигч ирсэн. Сэжигтэй болон эрсдэлтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа 63 хүнийг Цэргийн төв эмнэлэг дээр аваад, бусад хүнийг Жаргалан, Наранбулаг, Парк гэсэн зочид буудал, сувиллуудад хуваарилаад байна.

Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр 231 хүн ирснээс диализын аппаратанд орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт аваад бусад хүнийг Амар зочид буудалд байрлуулсан.

Хилийн боомтуудаар олон улс дамжиж зорчсон иргэд ирсээр байгаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтуудаар Австрали, Тайланд, Филиппин, Хонг Конг, БНСУ, БНАСАУ, ОХУ, Канад, Франц, Унгар, Испани, Индонез, Турк, Узбекистан зэрэг улсуудаар дамжсан иргэд орж ирж байгааг тусгаарлаж байгаа.

Өчигдөр Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаад тухайн эмнэлгийн 570 орон дээр үзүүлж байсан эмнэлгийн тусламжийг УНТЭ, УГТЭ, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлсэн.

Бүх тусгаарлах байран дээр лавлагаа төвүүдийн нэг нэг эмчээр ахлуулаад резидент эмч нараа ажиллуулж байна. Шадар сайдын баталсан Тусгаарлах журам бүх байруудад хэрэгжээд явж байгаа. Мөн БНХАУ-аас халдварын эмчилгээнд ашигласан уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан" гэдгийг хэллээ.

ФРАНЦ ИРГЭНТЭЙ ОЙРЫН ХАВЬТЛЫН 88 ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРСАН

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Коронавирусийн халдвартай Франц иргэнтэй ойрын хавьтлын 88 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Ингэснээр түүнтэй ойр байсан хүмүүсийн биеийн байдал хэвийн бөгөөд шинжилгээний сөрөг гарсан ч тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Мөн Баян-Өлгий аймгаас ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр БНСУ-аас ирж, тусгаарлагдсан хоёр, Францаас ирсэн нэг иргэнээс коронавирус /Covid-19/ илэрсэн. ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 121 хүнд шинжилгээ хийж, 60 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд бусад хүмүүсийг шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн гаднаас ирсэн иргэдийг бүгдийг нь ажиглалт, тусгаарлалтад аваад ажиллаж байна.