Д.Нямхүү: Сэлэнгэ, Орхон аймагт тусгаарлагдсан гурван хүнээс коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 196 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Лаос, Ливи улсад шинээр бүртгэгджээ. Үүнээс 18-45 насны залуучууд COVID-19 өвчлөлийн зонхилох хувийг эзэлж байна. Хүн амын дунд их тархаад ирэхээрээ залуучуудын хувьд тархалт өндөр байна.

Мөн 13-аас доош насны гурван хүүхэд нас барсан, нэг гэр бүлийн хүмүүс бүгд нас барсан зэрэг тохиолдол гарсан. Энэ өвчний шинж тэмдэг, ойлголт өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Мөн Австралид хуримын үйл ажиллагааг таван хүнтэй, оршуулгын үйл ажиллагааг 10 хүнтэй хийхээр зохион байгуулж буй жишээ байна. Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж байхыг дэлхийн үйл явдлууд харуулж байна.

ОДООГИЙН БАЙДЛААР 2083 ИРГЭН АЖИГЛАЛТАД БАЙГАА

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Манай улс нэгдүгээр сарын 9-нөөс хойш 3,413 иргэнийг тусгаарлан ажиглажээ. Одоогийн байдлаар 2,083 иргэн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр Жаргалантаас 16, "Асралт мед" эмнэлгээс 13, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалт руу шилжсэн.

Харин Баян-Өлгий аймагт дөрөв, Орхон аймагт 40 иргэн ажиглалтад нэмэгдэж орсон байна. Ажиглалтад байсан, одоо байгаа иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй 300 эмч, эмнэлгийн мэргэжилтэн бий.

Тусгаарлан ажиглалтаас гарч байгаа болон нэмж ажиглалтад орж буй хөдөлгөөнтэй холбоотойгоор дээрх эмч нараас Багабаянгаас гурван эмч тусгаарлалтаас гарсан бол Орхон аймагт зургаан эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэмж ажиглалтын байр руу орсон.

Гэрийн ажиглалтад шилжиж буй хүмүүст хатуу зөвлөмж өгч байгаа бөгөөд цаашид халдварыг Монгол Улсад нэмж гаргахгүй байх бүх эрсдлийг бид тооцож байна. Ингэхдээ хуулийн болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллана" гэв.

ХӨСҮТ-Д 186 ХҮН ТАНДАЛТ ХЯНАЛТАД БАЙНА

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 гуравдугаар сарын 23-нд нийслэлийн 6 дүүргийн эмнэлгүүдээс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгалгаатай хүмүүст коронавирус байна уу гэж тандан хянаж байгаа юм.

Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхон аймагт тусгаарлагдсан нэг, нийт гурван хүнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна.Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Лабораторийн шинжилгээ хийхдээ цэр, залгиур, цус буюу ийлдэс, өтгөн, шингэний гээд таван төрлийн шинжилгээ хийж байна.

Хяналтад байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг хянаж байна. Бүрэн эдгэрсэн хүнийг эмнэлгээс гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй.

Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Эдгээр хүмүүс өөрийгөө битгий хуураарай. Энэ системийг тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарч хянаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.