Л.Мөнхтүшиг: Насанд хүрээгүй 200 гаруй ламхай нар нутаг буцах хүсэлт гаргасан

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Дэлхий нийтэд "COVID-19"-н халдвар тархаж эхэлсэн цагаас хойш буюу энэ оны нэгдүгээр сараас эхлэн өдийг хүртэлх хугацаанд Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулжээ. Одоогийн байдлаар тусгай үүргийн нислэгээр 2350 орчим иргэнээ эх орондоо авч ирээд байна. Мөн хилийн боомт болон төмөр замаар 2400 гаруй иргэнээ татан авчээ. Цаашид ч бас хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТУРК УЛС РУУ ТУСГАЙ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

-Гадаадад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй хичнээн иргэн байна вэ? Ойрын хугацаанд дахин тусгай нислэг үйлдэх үү?

-Цар тахлын улмаас нэгдүгээр сарын 28-наас эхлээд Монгол Улс хилийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн. Энэ хугацаанд хилийн чандад байгаа эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийг татан авах зорилгоор нийтдээ 12 удаагийн тусгай үүргийн нислэгийг хийсэн. Гадаадад байгаа иргэдийн нутаг буцах хүсэлт нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар 10 гаруй мянган иргэн ирэх хүсэлтээ гаргасан байна. Иймээс дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монгол иргэд эх орондоо ирэх боломжийг олгох үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр Шуурхай штабаас зохион байгуулаад бүс бүс рүү дамжин өнгөрөх нислэгтэй томоохон онгоцны буудлуудыг сонгож, Монгол иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна.

Дараагийн нислэгүүдийн хувьд УОК-ын өгсөн үүргийн дагуу Энэтхэг болон Турк улс руу тусгай нислэг хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Эхний ээлжинд Турк улс руу тусгай нислэг үйлдэх болов уу гэсэн чигтэй байна. Харин Энэтхэг улсын хувьд тавдугаар сарын 17-ныг хүртэл дотооддоо хөл хорио тогтоосон. Тэнд байгаа иргэд харьцангуй алслагдмал байдалтай байгаа учраас зохион байгуулалт талаасаа эхний ээлжид Турк улс руу тусгай нислэг үйлдэж байгаа. Дараа нь Энэтхэг улс руу нислэг үйлдэнэ.

-Гадаадад байгаа зарим иргэд нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээг авч байгаа гэсэн. Ер нь ямар улсад хамгийн хүнд нөхцөлтэй байгаа вэ?

-Гадаадад байгаа иргэдийн хувьд санхүүгийн хүндрэлд орж байгаа. Оюутнуудын хувьд оюутны байрнаас гарсан тохиолдол байна. Энэ тохиолдол бүрт элчин сайдын яамдад хандаж, элчин сайдын яамнаас боломжоор тусламж дэмжлэг үзүүлээд явж байгаа. Тухайлбал, Япон улсад байгаа иргэдийн хувьд Элчин сайдын яам Монголчуудын холбоотой хамтарч маш хямд үнээр байр түрээслээд тэндээ санхүүгийн боломжгүй болчихсон хүмүүсийг байрлуулах арга хэмжээг авч байна. Зарим улсад хүнд нөхцөл байдлынг харгалзан үзэж, тусламж дэмжлэг үзүүлээд явж байна. Цаашид нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа учир Гадаад харилцааны яамнаас хариу арга хэмжээний талаар олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Иргэдийн хувьд хүнд нөхцөлд орсон үед элчин сайдын яамандаа шуурхай мэдэгдэж, арга хэмжээ авах хүсэлтийг тавих ёстой.

СОЛОНГОС УЛС РУУ ДАХИН ТУСГАЙ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ШААРДЛАГАТАЙ

-Эх орондоо ирэх хүсэлтийг аль улсаас хамгийн их ирүүлж байна вэ?

-Гадаад улсад орчин сууж байгаа иргэдээс хамгийн олноороо оршин суудаг улс бол БНСУ. Одоогийн байдлаар БНСУ-д оршин суугаа иргэдийн тоо 47 мянга орчим байна. Дараа нь АНУ. Үүний дагуу БНСУ- руу дахин тусгай нислэг үйлдэх шаардлагатай. Энэтхэг, Турк улсын нислэгийн дараа хийгдэх нислэгийг Шуурхай штаб судалж байна. Мөн Зүүн Өмнөд Азид байгаа 300 гаруй иргэнийг хэрхэн татаж авах вэ. Өмнөх нислэгт хамрагдах боломжгүй хүчин зүйлийг бас харгалзан үзэх хэрэгтэй байгаа.

-Турк болон Энэтхэг улсаас хичнээн иргэд эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байгаа вэ?

-Одоогийн байдлаар Туркт байгаа 700 орчим иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн. Энэтхэг улсад манай орны 437 иргэн бүртгэлтэй байна. УОК-оос эдгээр улс руу тусгай үүргийн нислэг үйлдэх боломжийг судалж, шийдвэрлэх чиглэл өгсөн учраас нутаг буцах хүсэлтэй иргэдтэй манай элчин сайд яамнаас холбоо бариад ажиллаж байна. Одоогоор тоо хараахан цэгцрээгүй байна. Ямар төрлийн нислэг үйлдэхийг Шуурхай штабаас шийдвэрлэх юм.

ЭНЭТХЭГТ БОГИНО ХУГАЦААГААР ОЧООД ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ, СУРГАЛТАД ХАМРАГДСАН ИРГЭДИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮЛЖ АВАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

-Энэтхэг улсад шашны чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүд эх орондоо ирэх хүсэлт гаргасан уу? Хичнээн хүүхэд шашны чиглэлээр суралцаж байгаа юм бол?

-Энэтхэг улсад байнга оршин суудаг буюу урт хугацаагаар шашны чиглэлээр суралцаж байгаа хүмүүс арав хүртэлх жилээр сүм хийдэд шавилан суудаг. Одоогоор Энэтхэг улсад 600 орчим лам байгаа. Үүнээс насанд хүрээгүй байгаа 200 гаруй ламхай нар нутаг буцах хүсэлт гаргасан. Мөн Энэтхэгт богино хугацаагаар очоод эмчилгээ хийлгэж, сургалтад хамрагдсан иргэд байгаа. Эдгээр иргэдийг хамгийн түрүүлж авах шаардлагатай байна.

-Хэрэв дотоодод нөхцөл байдал хүндэрвэл гадаад улсад байгаа иргэдээ татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэх ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орох уу?

-Монгол Улсын хэмжээнд дотооддоо халдвар тархсан нөхцөл байдлыг ярьж байгаа бол тухайн үед Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагана. Тодруулбал, гадаад улсад байгаа иргэдээ татан авах ажлыг зохион байгуулах эсэхийг тухай бүрт нь шийдвэрлэх болов уу.

-Баярлалаа.