76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-7: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Ц.Анударь / Улстөр

УИХ–ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг онцоллоо. Тэрээр Булган аймгаас нэр дэвшиж, Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон бөгөөд 2017-2018 онуудад Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байв. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээ тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлснийг хүргэе.

НЭГ: ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

2018-11-27

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЖИНХЭНЭ "ШҮДГҮЙ АРСЛАН" ЧИНЬ М.ЭНХБОЛД

image

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ард түмний төлөө амь насаа ч алдахаас айхгүй гээд Ерөнхий сайд яриад байгаа. Бидний гол зорилго ажлын байрыг нэмэгдүүлж, ард түмнийг ядуурлаас гаргах. Би тантай нэг танхимд ажилласан. Миний гаргасан асуудлыг та дандаа дэмжиж байсан. Гэхдээ зарим зүйл таалагдахгүй байна. Та хөөсрөөд байна. Нэг сайд нь тэрбум тэрбумаар нь аваад явчихсан. 950 сая төгрөгийг хоорондоо ярилцаад авсан нь үнэн шүү дээ. Үнэхээр хариуцлага тооцох бол сэлмээ гаргаж ирээд цавчих хэрэгтэй. Би энэ УИХ-д дөнгөж орж ирээд ЖДҮ-ийг ярьсан, маш олон төсөл ирсэн. Гэтэл одоо надад бухимдлаа тайлж байгаа хүмүүс байна. Жинхэнэ “шүдгүй арслан” чинь М.Энхболд, хурал удирдахаас өөр эрх байхгүй.

2018.12.06

Ж.БАТ-ЭРДЭНЭ: БҮГД БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗААД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛАЯ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг маш яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Гэтэл яагаад УИХ-ын үйл ажиллагааг бойкотлоод байгаа юм бэ? Энэ дөрвөн гишүүн хуулийн дагуу шаардлагаа тавь. УИХ бол тавьтаргүй гишүүдийн тоглоом биш. Хуулийн үндэслэл гаргаад ирвэл хэлэлцье. Цаашлаад энэ 60 тэрбумын асуудал ч тэр. Бүгд өргөдлөө өгч, бүрэн эрхээсээ татгалзаад хуулийн байгууллагаар шалгуулаад, үнэн мөн өө тогтоолгох хэрэгтэй байна. Бүгдээрээ тарж болно.

2018-12-25

“ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМАНД САЙДААР АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕД НЬ ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН НОЦТОЙ ХЭРЭГ БОЛСОН

Ж.БАТ-ЭРДЭНЭ VS Т.АЮУРСАЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэв.

Уг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Алтны тухай хуультай холбогдуулаад алтны хулгайтайгаа тэмцмээр байна Д.Сумъяабазар сайд аа. Хамгийн шударга дүртэй Т.Аюурсайхан гишүүн хууль бусаар Булган аймагт алт ухаж байгаа. Түүний дүү нар нь ч гэсэн. Т.Аюурсайхан гишүүн тэднийгээ өмөөрөөд битгий дарамт шахалт үзүүлээрэй гэж ярьж хэлээд явж байгаа. Алтны лицензийг хэн авч байна вэ гэхээр ихэнхийг нь эрх мэдэл бүхий мэдээлэлд ойрхон хүмүүс авч байна. Алтыг тэр бололцоотой хүмүүс л ухаж байна. Энгийн иргэд алт ухаад байгаа юм байхгүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Надад тийм дүү байдаггүй учраас тэгж хэлэх үндэслэл байхгүй. Алт олборлолтын талаар мэдээлэлтэй хүмүүсээс намайг хэн нэгний нэр дээр алт ухдаг мэдээлэл байна уу гээд асуугаад үз л дээ. Байхгүй шүү дээ. Санал гомдолтой иргэнийг тойргийнх нь гишүүнтэй холбож өгсөн төдий асуудал. Ж.Бат-Эрдэнэ надад хариу хэлэхдээ өөрийн чинь болон Н.Энхболд гишүүний нэрийг барьж байгаа хүмүүс байна шүү гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Хэрвээ нэр ус барьж байгаа, буруу үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс байх юм бол таслан зогсоогоорой, хатуу арга хэмжээ аваарай” гэж л хэлж байсан. Харин надад хандсан иргэнийг нэлээн хатуу загнаж, зэмлээд өнгөрсөн. Тэр үедээ Ж.Бат-Эрдэнэд итгэсэн, харин одоо тэр нөхөр албан тушаалтны бурууг хаацайлж, иргэнийг гүтгэсэн ч байж болзошгүй юм байна гэж бодогдож байна. Хууль бус газар олголт, хууль бус уул уурхайн үйл ажиллагаа, төрийн удирдах албан хаагчийн хүнд суртал зэрэг олон хүсэлт, гомдол ирдэг. Тэдгээрийг холбогдох УИХ, Засгийн газрын гишүүнд уламжилдаг ч гэсэн хэн нь ч Ж.Бат-Эрдэнэ шиг арчаагүй авир гаргаж байсангүй. /2018-12-25 NEWS.MN/

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Энэ гүтгэлэгт мэдээллийг Ж.Бат-Эрдэнэ яагаад хэлсэн бэ гэхээр Зам тээврийн хөгжлийн яаманд сайдаар ажиллаж байх үед нь хүний амь хохирсон ноцтой хэрэг болсон, энэ хэрэгт холбогдуулж Ж.Бат-Эрдэнийг шалгах ёстой гэж би хэлсэн юм. Тэр үгийг хэлж байхад Ж.Бат-Эрдэнэ чуулганы танхимд хашгичиж, миний үгийг тасалдуулсан. Талийгаач Т.Гомбосүрэнгийн албан тушаалыг нь авах гэсэн үйл явц эцэс сүүлд нь амь насанд нь хүрсэн байж болзошгүй. Хяналт шалгалтын чиг үүргийг яамандаа хариуцаж байсны хувьд хийж байсан ажилтай нь холбогдуулж, амь насанд хүрсэн байхыг ч үгүйсгэхгүй. Нэг бол хийж байсан ажил нь удирдлагуудад нь таалагдахгүй, ажлыг нь авах гэсэн явдал байсан байж болзошгүй. Яагаад гэвэл Т.Гомбосүрэнгийн ажлыг өөр хүнд авч өгөхийн тулд Авлигатай тэмцэх газар руу Зам тээврийн хөгжлийн яамнаас бичиг илгээсэн байдаг. Ажлыг нь авах гэсэн процесс түүгээр нотлогдоно. Хүний амь насыг хөнөөсөн Б.Махбал Ж.Бат-Эрдэнийн дотны найз гэдгийг олон хүн гэрчилдэг.

Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоныхоо дараа энэ хүнийг яамныхаа Захиргаа удирдлагын газрын даргаар томилсон байдаг. Дотны найз, ойрынхоо хүнээр яамныхаа бүх л үйл ажиллагааг гардан хийлгүүлдэг байсан нь ойлгомжтой. Ажлыг нь авахын тулд дарамт шахалт үзүүлж байсан талаар ч хэвлэлүүдэд зарим хүмүүс ярилцлага өгсөн. Гэр бүл, найз нөхдийнх нь зүгээс бас ийм мэдээлэл хийсэн байдаг. УИХ ын гишүүд ч мөн чуулганы танхимд хэлж л байсан. Аллага болдог өдөр архидалт сайд асан Ж.Бат-Эрдэнийн өрөөнөөс эхэлсэн байдаг. Тэнд Булган аймгийн прокуророор ажиллаж байсан хүн ирсэн байдаг. Ж.Бат-Эрдэнэ талийгаач Т.Гомбосүрэнг тэр орой өрөөндөө дуудсан байдаг. Дуудахдаа бас ажлаа өгөхөд чиглэсэн дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй. Үүний дараагаар тэр орой нь харамсалтай хэрэг болсон. Тийм учраас энэ хэрэгт холбогдуулж сайд асан Ж.Бат-Эрдэнийг шалгах ёстой гэж үзэж, энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Ж.Бат-Эрдэнэ ёс зүй, ёс суртахуунтайдаа биш, хуулийн хариуцлагаас зайлсхийж сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн гэж би боддог. Яагаад гэвэл Ж.Бат-Эрдэнэ ёс зүйтэй хүн биш шүү дээ.

2018.10.04

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЭМГЭНЭЛТ ЯВДАЛД ДАХИН УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА

image

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг баталлаа.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн эрхлэх асуудлын хүрээний салбарт гарсан асуудалтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн юм.

Ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ фэйсбүүк хуудаснаа болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр: "...болсон хэрэгтэй холбогдуулан улстөрийн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг УИХ-ын чуулганаар шийдвэрлэж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Сайдаар ажиллаж байх хугацаанд болсон энэ харамсалтай явдлаас болж Монгол төрийн албаны нэр хүнд унаж, нэгэн сайхан залуугийн маань эхнэр, аав ээж, гэр бүл 4 хөөрхөн хүүхэд, ах дүү анд нөхөд нь өнчирч үлдсэн эмгэнэлт явдалд дахин уучлал гуйж байна. Сайдын үүрэгт ажлаа өгсөн ч УИХ-ын гишүүний хувьд төрийн албыг цаашид эрүүлжүүлж цэвэршүүлэх, чадваржуулахын төлөө чадах бүхнээ хийж ажиллана" гэсэн байна.

2019-01-19

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ ЦАГДААД ДУУДАГДЖЭЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд хандан байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, тэрээр "Өнөөдөр Т.Аюурсайхан гишүүнийг гүтгэсэн хэргээр цагдаад дуудагдлаа. Булганд алт ухаж байгаа миний дүүг гэж гуйчихаад, одоо би дүүгүй гэж цагдаад өгч байна. Ямар эрх ашиг байгаа болоод надаас дүү гэж гуйсан юм бол. Шударга царайлсан увайгүй новшнуудыг яах вэ" хэмээн жиргэжээ.

2019-07-08

Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БАРИГДАЖ ДУУСААГҮЙ ЗАМЫН НЭЭЛТИЙГ ХИЙЖЭЭ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ таксинд явж, адуу манан хээр хонож, энэ бүхнээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсээр байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133,7 км авто замын эхлэлийн 22 км хатуу хучилттай авто замыг нээсэн тухай мэдээллээ өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.

image

Зэрвэсхэн харвал 133,7 км замыг бүхэлд нээж байна уу гэмээр. Гэтэл идээ будаа өрж, тууз хайчилж байгаа энэ төрх бол зөвхөн 22 км замаа тавьсны баяр. Хийх ажлынхаа тал хувьд нь хүрээгүй ийнхүү нээлт хийж, хойморь голлон суугаа Ж.Бат-Эрдэнэ гишүүний энэ үйлдэлд өгөх тайлбар олдсонгүй. Ямартай ч үлдсэн 100 км замыг барих явцад 5 удаа нээлт хийх нь тодорхой боллоо.

2020.04.24

Ж.БАТ-ЭРДЭНЭ: НООЛУУРЫН ҮЛДСЭН 70 ХУВИА ХЭДЭН ТӨГРӨГӨӨР АВЧ ЧАДАХ ВЭ?

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ч.Улаан сайд та улайхгүй л ярих юм аа. Таны өмнөөс бид малчдынхаа өмнө нүүр улайгаад уулзах боломжгүй болоод байна. Гадаад зах зээл зогсчхоод байна. Үйлдвэрлэгчид шантаажлаад боогоод хямд авах гээд байгаа зүйл байхгүй. Маш олон үйлдвэрүүд зогсож ажилчдаа халж байна. Дэлхий ноолууранд анхаарч байгаа юм алга. Бүгд мартсан. Ийм нөхцөлд бид арай өөрөөр хандах хэрэгтэй.

Дөнгөж 30 хувийг 100 мянгаар авчихлаа. Үлдсэн 70 хувийг нь яах вэ? Яг хэдэн төгрөгөөр бид авч чадах юм. Малчиддаа үнэнийг хэлэх цаг болсон. Ноос ноолуурын холбооны зүгээс та нарт талархалтай байгаа. Ноолуур хөтөлбөр баталж өгсөн, жил бүр ноолуурын эргэлтэд тодорхой хөрөнгө гаргаж өгч байгаа. Гагцхүү зах зээл тэр чигээрээ уначхаад хөдөлж чадахгүй байгаад байна. Малчиддаа бид хөнгөлөлт үзүүлж чадах уу үгүй юу.

ХОЁР. ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДСОН ЭСЭХ: ТИЙМ!

ЖДҮХС-ийн зээлийн асуудлаас мултарч, ЦАГААДСАН гишүүдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн нэр багтжээ.

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдсон. Тэгвэл АТГ-аас “ЖДҮ”-г шалгах явцад тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжсэн зарим УИХ-ын гишүүнтэй холбогдох хэргийг хаах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна.

image

ЖДҮХС-ийн зээлийн асуудлаас мултарч, ЦАГААДАГСАД:

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн дэмжсэн иргэн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ гишүүний дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” компани, Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп”, С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай”, М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах”, Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат”, Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон”, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан”, М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм”, Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус”, Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу”, Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл”, Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд”, Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс”, Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” компанитай тус тус ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХААХ САНАЛ ГАРГАЖЭЭ.

ЭНЭ ТАЛААР ЮУ ХЭЛЭВ?

Ж.Бат-Эрдэнэ гишүүн өөрийн цахим хуудаснаа "Гүтгэхээ боль" хэмээн нийтлэжээ.

Тэрээр "Гүтгэхээ боль. Чацаргана төслөөр намайг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 12,8 тэрбум төгрөг авсан гэж бичиж, ярьж байна. Чацаргана төсөл Булган аймгийн ИТХ-аар орж батлуулаад орон нутгийн төсвөөс санхүүжигдсэн гэдгийг бүгд мэднэ. ЖДҮ-тэй ямар ч хамаагүй. Би Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Тойргийнхоо ард иргэдийнхээ санал бодлыг тээж тэдэндээ тусалж дэмжих үүрэгтэй хүн. Сонгуулиар ЖДҮ-ийг хөгжүүлнэ дэмжинэ гэж ярьж явсан. Түүнийгээ ч биелүүлэхийн тулд бараг сонгуулийн маргаашаас ЖДҮ-ийн талаар хөөцөлдөж эхэлсэн. Иргэдээс олон ч төсөл авсан. Даан ч тэр болгоныг ажил болгож санхүүжүүлж чадсангүй. Олон төсөл дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн яаманд явуулсан. Тэр бүрд бүтэлгүй хариу авсан. Одоо намайг төсөл санхүүжүүлэх хүсэлт явуулсан гэж ТВ-ээр яллаж байна. Явуулсан төслийг ядаж санхүүжүүлчихсэн байгаад ингэж яриач. Ер нь тэгээд ард иргэдийн төлөө гишүүд энэ бусыг хийх ёстой шүү. Тэдэнд туслаж дэмжих үүрэгтэй. Би ЖДҮ-ийн сангаас өөртөө ах дүү нартаа төсөл гуйгаагүй. Нэг ч гэсэн иргэний амьдрал дээшлэг, нэг ч гэсэн ААН хөл дээрээ босог гэж хүсэлтийг нь дамжуулдаг. Цаашдаа ч дамжуулах л болно. Гүтгэлэг арай дэндэж байна" хэмээн бичжээ.

ГУРАВ. ТАНИЛЦ: УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНИЙН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД

Хууль

Төлөв

1

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлын тухай

Батлагдсан

2

Эрдэнэсийн сангийн тухай

Хэлэлцэж эхлээгүй

3

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай

Батлагдсан

4

Эрүүгийн хууль

Батлагдсан

Буцаасан, хүчингүй болсон

5

Хоршооны тухай

Хэлэлцэж байгаа

6

Актив удирдлагын компанийн тухай

Хэлэлцэж эхлээгүй

7

Монгол Улсын Үндсэн хууль

Батлагдсан

8

Зөвшөөрлийн тухай

Хэлэлцэж байгаа

9

Түр хороо байгуулах тухай

Хэлэлцэж байгаа

10

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай

Батлагдсан

11

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай

Батлагдсан

12

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай

Батлагдсан

13

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай

Батлагдсан

ДӨРӨВ. УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНИЙН ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?

МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:

  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАХ
  • ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАЖ
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ
  • ТЭГШ ЖУРАМ, БАЯН ХҮЧИРХЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

Энэхүү мөрийн хөтөлбөрт туссан АМЛАЛТУУД дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн үү. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу гэдгийг уншигч та дүгнэх учиртай.

ТАВ. УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНИЙН СОНГОГДСОН ТОЙРОГТОО БУЮУ БУЛГАН АЙМАГТ САНААЧЛАН, ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД

  1. Булган аймгийн ХАА-н газрын хамт олонтой уулзав.
  2. Ж.Бат-Эрдэнэ гишүүний санаачилсан Шинэ хөдөө-Булган төсөл амжилттай хэрэгжиж байна.
  3. “Шинэ хөдөө” төслийн хүрээнд анхан шатны хүнсний ногоо тариалагчдад иж бүрэн хүлэмж олгожээ.
  4. “Шинэ Хөдөө” төслийн хүрээнд Түлүүгийн даваанд худалдааны цэг байгуулах ажил эхэллээ.
  5. Булган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно.
  6. "Хавдаргүй Булган" төслийн хүрээнд ходоодны хавдрын үзлэг, илрүүлэг хийгдлээ.
  7. Булган аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо.
  8. "Түлүүгийн даваа"-нд шинэчлэлийн бүтээн байгуулалт хийгдэж эхэллээ..
  9. Булган- Хишиг.Өндөр- Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын эхлэл тавигдлаа.
  10. Булган аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламжаар 325 тонн малын тэжээлийг хүлээлгэн өгчээ.
  11. "Хавдаргүй Булган" аян эхэлж, иргэдийг элэгний В,С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулжээ.

ЗУРГАА. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНИЙН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ХУРААНГУЙ

image


Сэтгэгдэл

ЗОЧИН [124.158.109.144] 2020-05-20 04:02:27

Ажил хийсэн л бна

Зочин [172.58.143.96] 2020-05-20 03:45:29

Ene estoi ul buteh baliar sejgiin etgeed songoj bolgohgui hunii shaar

Зочин [75.159.156.178] 2020-05-20 02:02:31

Туркиш эйртэй дотносож, МИАТ-ийг хүнд байдалд оруулсандаа!!

Зочин [66.181.178.102] 2020-05-20 01:56:11

Ene hudlaa gar

Зочин [103.111.68.3] 2020-05-20 01:18:13

Муу худалч гахай Бахбалыг томилоо биз пээ. Үүнд яагаад хариуцлага хүлээлгэхгүй бга юм бэ.

Зочин [59.153.112.67] 2020-05-20 00:40:04

Ардын намын үхэр ч байсанийг сонгосний гай өнөөдөр гарч байн даа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.