Орон нутгийн элсэгчид ЭЕШ-ын давтлагад идэвхтэй хамрагдаж байна
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг тавдугаар сарын 11-нээс эхлэн танхимаар олгож эхэлсэн билээ. Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу танхимын сургалтыг хот, хөдөөд амжилттай зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 32 мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Орон нутгийн элсэгчид ЭЕШ хэрхэн бэлтгэж буй талаарх мэдээллийг аймаг, орон нутгийн Боловсрол соёлын газруудаас тодруулсан юм.
ТӨВ АЙМАГТ 715 СУРАГЧ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГНӨ
Хаврын сар ард хоцорч, улс төр, боловсролын салбар идэвхжсэн энэ үед орон даяар ЭЕШ-ын бэлтгэл ажил бас ид өрнөж байна. Төв аймгийн хэмжээнд энэ жил 12 дугаар ангийг 750 сурагч төгсөж байгаа аж. Үүнээс 715 сурагч 10 хичээлээр ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлжээ. Энэ жилийн ЭЕШ-ыг Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуульд долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс УОК, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу багш,сурагчид амны хаалт зүүх, биеийн халууныг хэмжих зэрэг арга хэмжээг авч байна. Мөн нэг ангид суух хүүхдүүдийг хоёр метрийн зайтай суух, гар ариутгах, агаар сэлгэлт зэргийг тогтмол хийх тал дээр бэлтгэл ажлаа хангаж байна хэмээн тус аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав хэллээ.
АРХАНГАЙД ЭЕШ-ЫН БЭЛТГЭЛ ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА
Архангай аймгийн хэмжээнд ЕБС-ийн 21 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуульд 12 дугаар ангийн 918 сурагч суралцдаг ажээ. Тус аймгийн төгсөх ангийн сурагчид танхимын сургалтанд хамрагдаж, ЭЕШ-д бэлтгэх байдал харьцангуй өндөр хувьтай байна. Холбогдох албаны мэдээлж буйгаар өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн танхимын сургалтанд 863 сурагч хамрагдаж, ЭЕШ-д бэлтгэх, давтлаганд хамрагдах үзүүлэлт 94 хувьтай байна гэв.
СҮХБААТАР АЙМГИЙН СУРАГЧИД ИДЭВХЭЭР ТЭРГҮҮЛЭВ
Сүхбаатар аймгийн хувьд, 12 дугаар анги төгсөгчид ЭЕШ-ын давтлагаа харъяа сургуулиуд дээрээ авч эхэлсэн байна. Тус аймгийн хэмжээнд давтлагын хамрагдалт маш сайн буюу 96 хувьтай байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ. Ингэхдээ сургуулиуд нэг ангид 10-аас дээш хүүхэд оруулахгүй байгаа бөгөөд эрүүл ахуй, ариутгал, халдварын дэглэмийг чанга баримталж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөн ажиллаж байгаа аж. Харин сурагчид давтлагаас гадна бие даасан онлайн сургалтад хамрагдах, ТВ хичээлээ тогтмол үзэж судлах зэргээр ЭЕШ-ын бэлтгэлээ давхар бие даан хийж байгаа гэдгийг анги удирдсан багш нар нь хэлж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил есдүгээр ангийг 810, 12 дугаар ангийг 600 орчим хүүхэд төгсөж байгаа аж. Харин ЭЕШ өгөхөөр 550 гаруй хүүхэд бүртгүүлжээ.
УВСАД ЭЕШ-ЫН АМЖИЛТЫГ АХИУЛАХААР 11 ЗӨВЛӨХ БАГШ АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зарласан танхимын сургалт буюу ЭЕШ-ын давтлага энэ сарын 11-нд өндөрлөнө. Аймгийн ерөнхий боловсролын 17 сургуулийн төгсөх ангийн 740 сурагч, өмнөх оны 50 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Мөн аймаг, орон нутгийн боловсролын байгууллагууд БСШУС-ын сайдын тушаал, аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЭЕШ-ын давтлага сургалтыг маш сайн зохион байгуулан ажиллаж байна.
Увс аймгийн хувьд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрөөс санхүүжүүлэн аймгийн төвийн зургаан сургуулийн 12 дугаар ангийн 440 сурагч, 60 гаруй багш нарт нэг сарын хугацаанд өдөр бүр үдийн хоол өгч, мэргэжлийн багш шаардлагатай найман суманд 11 зөвлөх багшийг нэг сарын хугацаатай ажиллуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Боловсрлын хэлтсээс Наранбулаг суманд ажиллаж, төгсөгчдийн ЭЕШ-ын бэлтгэл, явц, үр дүнтэй танилцсан байна.
Тус сумын сургуульд ЭЕШ-д бүртгүүлсэн 21 сурагч суралцаж байгаа бөгөөд “Багш солилцоо хөтөлбөр”-ийн хүрээнд ЭЕШ-ын амжилтыг ахиулах зорилгоор Улаангом сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн химийн багш Г.Намуунсарнай, Ерөнхий боловсролын гуравдугаар дугаар сургуулийн физикийн багш Ч.Жавзмаа нар туршлага солилцон ажиллаж байгаа аж. Сурагчид өөрийн сонгосон хичээлээр долоо хоногт 10-аас доошгүй цагийн давтлагад хамрагдах боломжтой бөгөөд вирусын халдвараас болж, хичээл сургалтын үйл ажиллагаа зогссон энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлээ базаахад энэ үйл ажиллагаа маш том дэмжлэг болж буйг багш, сурагчид онцолж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл